Европийн хөлбөмбөгийн холбооны “Европийн лиг”-ийн хагас шигшээн эхний тоглолтод Италийн алдарт “Ювентус” Португалын “Бенфика” багт хожигдлоо. “Бенфика” багийн талбайд болсон энэхүү тоглолтод “Ювентус” 2:1-ийн харьцаатай хожигдсон юм. Тоглолтын гурав дахь минутад “Бенфика” багийн хамгаалагч Езекиль Гарай гоол оруулснаар эхний үе талбайн эздийн тэргүүллээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн 73 дахь минутад “Ювентус” багийн довтлогч Карлос Тевес гоол оруулж тооны харьцуулсан. Гэсэн ч 84 дэх минутад “Бенфика” багийн довтлогч Лима хожлын гоолыг оруулсан юм.
Мөн энэ тоглолттой зэрэгцэн Испанийн “Севилья” талбайдаа нутаг нэгт “Валенсиа” багийг хүлээн авч, 2:0-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын гоолуудыг “Севилья” багаас Стефан МБиа, Карлос Бакка нар оруулсан байна.
Хариу тоглолтууд тавдугаар сарын 2-нд болно. Энэ жилийн “Европийн лиг”-ийн шигшээ тоглолт тавдугаар сарын 15-нд Италийн Турин хотноо болно.
Б.БИЛЭГ