Сайд, багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Сайд, багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын ярилцлагуудыг шүүрдэж, түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа утга санаа болон энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол, үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.

БШУ-ны Сайд Л.Гантөмөр:
Хүмүүс нийгэмдээ нийцэж амьдрахгүй байна, шийдэл гаргаж чадахгүй байна. Энэ ард түмний хурц ухаан, ухаалаг шийдвэр гаргах чадвар үндсэндээ нэвтээрээ алдагдчихаад байна. Шийдвэр гаргах чадваргүй ард түмэн, ийм эрдэмтэд байх юм бол Монголын ирээдүй байхгүй. Ирээдүйн монголчууд юмыг харьцуулж үнэлдэг, гаргалгааг өөрийнхөөрөө хийдэг, хийсэн гаргалгаандаа үнэнч байдаг, алдаа гаргавал түүнийг зөвшөөрч чаддаг байх ёстой. Ийм монголчуудыг сургах орчинг л бид бүрдүүлэх гээд байна. (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)

МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа:
Хүүхэд бүрийг хөгжүүлэх орчин цагийн  боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал, түүнд баримжаалсан үйл явц ямар  настай болохыг  баримжаалахын тулд “парадигм” гэдэг ухагдахууны учир утгыг тодоруулах нь зүйтэй болов уу? гэж бодлоо.

Физикч, шинжлэх ухааны онолч эрдэмтэн Томас Кун 1962 онд бичсэн “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц” (The Structure of Scientific Revolution) номондоо (Paradigma-жишээ, загвар гэсэн утгатай грек үг) гэдэг ухагдахууныг анх хэрэглэж шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарласан байдаг. Энэ ухагдахууны илэрхийлж буй  гол санааг нь маш энгийн байдлаар товч илэрхийлвэл:

  • Парадигм гэдэг нь мэргэжлийн шинжлэх ухааны тодорхой салбарт тулгамдаж буй асуудлыг өмнөхөөс ялгаатай цоо шинэ байдлаар хийж буй шийдэл юм.
  • Шинжлэх ухааны тодорхой хамтлаг (Scientific community) хүлээн зөвшөөрсөн энэхүү шийдэл нь “шинэ маягийн” зүйл учир маш нээлттэй байж шинэ асуудал, шинэ чиглэлүүд гарч ирэх хүлээн зөвшөөрсөн хэн боловч үйл ажиллагаанд оролцох боломжтой байх ёстой гэж үздэг.

Иймээс боловсролын фиолсофи, боловсролын шинжлэх ухааны парадигм гэж нэрлэгдэж байгаа конструктив үзэл баримтлал, түүнд баримжаалсан сургалтын арга зүй, энэхүү арга зүй дээр суурилсан хүүхэд бүрийн хөгжлийн үйл явцыг тушаал, захирамжаар хөгжүүлэх боломж тун тааруу юм. Хэдий олон хүн  ухаарч хүлээн зөвшөөрнө, төдий чинээ хөгжин дэлгэрэх ёстой. 1980-аад оноос когнитив сэтгэл судлал ба математик, байгалийн ухааны дидактикийн эрдэмтэд хамтран ажиллах болсноор математик байгалийн ухааны сургалт үндсэндээ  боловсролын шинжлэх ухааны шинэ парадигм гэж нэрлэгдэх болсон  үзэл баримтлалын дагуу хөгжиж байна. 2000-аад оны эхнээс манай багш бэлтгэдэг их сургуулиудын математик, байгалийн ухааны цөөн тооны эрдэмтэд энэхүү онолын үзэл баримтлалыг өөрсдийн ойлголтын түвшинд ярьж эхлэх үед маш олон хүн, түүн дотор боловсролын салбарын зарим эрдэмтэд  “мэдлэг бүтээнэ” гэж  юу байсан юм бэ гэж ил, далд эсэргүүцэж байсан. Одоо энэ үг, өгүүлбэрийг багш бүр хэлэх болсон байна. Гэхдээ яг хэлсэн үгтэйгээ адил үйлийг хийж байна уу, үг үйл хоёр давхцаж байна уу гэдгээ л тунгаан бодож, өөртөө үнэлгээ өгөх учиртай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж