М.Сономпил: Нийслэлчүүд ойрын жилд дулаан, цахилгааны гачигдалд орохгүй

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

М.Сономпил: Нийслэлчүүд ойрын жилд дулаан, цахилгааны гачигдалд орохгүй

 Энэ оныг эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор хийж байгаа ажлуудтай Эрчим хүчний сайд М.Сономпил өчигдөр танилцлаа. Түүний маршрут Амгалан дулаан станц, ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл байв. Эдгээр бүтээн байгуулалтын нэг нь Хөгжлийн банкны санхүүжилтээр, хоёр нь концессийн гэрээгээр баригдаж байгаа юм.

Амгалан станц ашиглалтад орсноор 86 нам даралтын зуух байхгүй болно

Амгалан станцын хувьд дулааны дагнасан станцыг анх удаа барьж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл манайд байгаа нь дандаа цахилгаан, дулаан хосолсон станциуд. 348 мегаваттын хүчин чадалтай энэ дулааны станцын суурийн ажил өнгөрсөн наймдугаар сарын 23-нд эхэлсэн. Одоо 80 гаруй хувьтай явж байгаа бөгөөд гурван зуухны эхний ээлж нь аравдугаар сарын 15 гэхэд ашиглалтад орох аж.  Бүрэн хүлээлгэн өгөх хугацаа нь арванхоёрдугаар сар. Ингэснээр Баянзүрх дүүрэгт байдаг 86 нам даралтын зуух ажиллах шаардлагагүй болно гэдгийг Эрчим хүчний сайд М.Содномпил хэлсэн. Баянзүрх дүүрэг рүү ТЭЦ-4-өөс дамжуулдаг дулаан 6-8 цагийн дараа очдог юм байна. Эндээс дулааны алдагдал болон эдийн засгийн зардал их гарч таарна. Тэгвэл Амгалан станцыг барьснаар ТЭЦ-4-өөс нийлүүлж байсан дулааныг төвийн халаалтад зарцуулах боломжтой болох ажээ. 388 мегаватт нь 50 мянга гаруй айлыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал юм байна. Энэхүү төслийг гүйцэтгэгч байгууллага нь "Сhina machining engineering company" бөгөөд Монголоос 10 туслан гүйцэтгэгч компани байгаа аж. Одоогоор 230 гаруй хятад ажилчид байгаа бол  ажлын оргил үед нийт 800-гаад ажилчин ажилладаг гэж  Амгалан станцын төслийн удирдагч Б.Баттөмөр хэлэв. Тус станцыг 75.9 сая долларын зардлаар концессийн гэрээгээр барьж байна. Ажлын явцад хүндрэл учирч байгаа гол асуудал нь Шар хад-Улиастайн бохирын шугамыг Туул 1 коллектортой холбох ажил энэ жилийн төсөвт суугаагүй учраас илүүдэл усаа дамжуулах газаргүй байгаа гэнэ. Одоогоор Амгалан станц гэр хороололтой хаяа дэрлэн баригдаж байна. Уг нь станциас 50 метрын зайнд айл байх учиргүй. Дулааны станц ашиглалтад ороход энэ  байдал цэгцэрнэ биз ээ.

ТЭЦ-3-ийн өргөтгөл баригдсанаар нэмж 95 барилгыг дулаан цахилгаанаар хангана
Өнгөрсөн оны долдугаар сард ажил нь эхэлсэн ТЭЦ-3-ийн өргөтгөл бараг дуусчээ. Асар том, нүсэр бүтэцтэй байгууламжууд нүргэлж байх нь сүрдмээр. Энэхүү бүтээн байгуулалтад үндсэн барилгын өргөтгөл, хөргөлтийн цамхаг, цахилгаан хуваарилалтын байгууламж, хөргөлтийн насос станцын барилга зэргээс бүрдэж байгаа юм. 1968 онд суурийг нь таьсан ТЭЦ-3 станци нийслэлийн цахилгааны хэрэглээний 17.6 хувь, дулааны хангамжийн 32 хувийг бүрдүүлдэг. Энэхүү өргөтгөлийг барьснаар эрчим хүчний хүчин чадал 50 мегаваттаар, хотын дулаан хангамжийн хүчин чадал 75 ккалаар нэмэгдэж нэмэгдэж байгаа буюу 95 барилгын 4500 орчим айлыг дулаан, цахилгаанаар хангах боломтой болох аж. Төслийн нийт төсөвт өртөг нь 35 сая ам доллар.  Гүйцэтгэгч нь Хятадын төрийн өмчит "Hunan industrial equipment" компани. Өргөтгөлийг ирэх зургадугаар сард дуусгана гэв.

ТЭЦ-4 хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд
бага зардлаар хаана

ТЭЦ-4 бол төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангадаг.  Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 дахин өссөн учраас тус станц хүчин чадлаа давж, хэт ачаалалтай ажиллаж байжээ. Тиймээс энэ станцыг цахилгаанаар 123 мегаватт, дулаанаар 188 гкал-аар өргөтгөх төслийг эхлүүлж ирэх арваннэгдүгээр сарын 14-нд дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр цахилгаан, дуулан хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд, хамгийн богино хугацаанд хаах боломжтой гэдгийг тус станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээн хэлэв. Дээрх хоёр төслөөс ялгаатай нь Хөгжлийн банкны санхүүжилттэйгээс гадна гүйцэтгэгчид нь ОХУ-ын хоёр компани байна. Энэ бүтээн байгуулалтын зардал 70 сая ам.доллар бөгөөд 4.5-7.8 жилд өртгөө бүрэн нөхөх боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. ТЭЦ-4-т 1991 оноос хойш Японы буцалтгүй тусламж, үе шаттай төсөл хөтөлбөр болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Чехийн буцалтгүй тусламжаар техник технологидоо багагүй шинэчлэл хийжээ. Энэхүү технологийн шинэчлэлээ Эрчим хүчний сайдад танилцуулсан. Тэр дундаа 120 мегаваттын цахилгаан гаргадаг генератор суурилуулж байгаа нь Монголд хамгийн их хүчин чадалтайд тооцогдож байгаа юм байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпилээс зарим зүйлийг тодрууллаа.

-Дээрх төслүүд хэрэгж­сэнээр манай дулаан, цахил­гаан хэр хэмжээгээр нэмэгдэж байна вэ?

-Гурван том бүтээн байгуулалт ашиглалтад орвол нийтдээ 170 мегаваттын хүчин чадалтай цахилгааны эх үүсвэр арваас арваннэгдүгээр сард орох нь. Дулааны хувьд 588 гкал-аар нэмэгдэнэ. Нийслэлд хэрэглэж байгаа нийт дулааны ачаалал 1500 гкал байдаг. Тэгэхээр 588 гкал гэдэг бол 30 хувь нь гэсэн үг. Тиймээс нийслэлчүүд таван жилдээ дулаан, цахилгааны гачигдалд орохгүй. Өндөр ачааллын үед л ОХУ-гаас цахилгаанаа авч магадгүй.

-Тавдугаар цахилгаан станц юу болсон бэ?

-Тавдугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалт өнгөрсөн есдүгээр сард явагдсан. Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас гарсан ажлын хэсгийн хэлэлцүүлэг хийгдэж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орно. Хэлэлцүүлэгт цахилгаан станцыг зөвхөн барих барихгүй тухай асуудал биш хөрөнгө оруулалт, нэг киловатт цахилгааны өртөг, байгаль орчны үнэлгээ, ус гэх мэт асуудал ярина. Тиймээс хэлэлцүүлэг амаргүй учраас жаахан сунжирч байгаа. Газрын асуудал маргаантай байсан ч гэсэн ойрын хугацаанд шийдэгдэнэ.

-Байршил нь хаана болсон бэ?

-"Ургах наран" хороолын урд 43 га газарт баригдахаар шийдэгдсэн. Тэндэх судалгаа хийгдэж байгаа.

-Орон нутагт дахь эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт юу байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар аймгуудыг дулаан, цахилгаанаар хангах томоохон төсөл боловсруулсан. Энэ жил найман аймагт дулааны цахилгаан станц барих шийдвэр гарсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар явна. Барих найман аймгаар би явж, орон нутгийн удирдлагуудтай ярилцсан. Энэ сард компаниудтай гэрээ хэлцэл хийгээд, тавдугаар сараас эхнээсээ ажил нь эхэлнэ. 2015 он гэхэд дээрх найман аймгийн дулааны станциуд баригдана.

-Ямар аймгууд вэ?

-Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Баянхонгор, Завхан, Говь-Алтай.

-Бүтээн байгуулалтууд бий боллоо ч гэсэн өмнөх шигээ алдагдалтай ажилласаар байвал яах вэ?

-Эрчим хүчний алдагдлыг төр олон жил нуруун дээрээ үүрсэн. УИХ-ын 72 тоот тогтоол гэж гаргасан. Үүнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дулаан, цахилгааны үнийг зах зээлийн горимд нь шилжүүлж ажилла гэсэн тогтоол байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа хийж байна.

Д.ПҮРЭВСҮРЭН

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж