“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд
Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад нэг гаруй жил болжээ. Энэ хугацаанд тендер сонгон шалгаруулалтад ямар ахиц гарсан бэ. Тендерийн будилааныг хэрхэн зогсоох вэ?
-Бидний хувьд худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах талаар түлхүү анхаарч ажиллаж байна. Манай газар байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд хийсэн том ажил бол цахим тендер шалгаруулалт. Урьд нь тендерийн зарын мэдээлэл их товч байдгаас тендерт оролцогч аж ахуйн нэгж тухайн урилгыг хараад бүрэн мэдээлэл авч чадаагүй ч гурван зуун мянган төгрөг хүртэлх төлбөр төлөөд баримт бичгээ худалдаж авдаг байсан. Цахим тендерийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж, иргэд тендерийн урилга, баримт бичгийг үнэ төлбөргүй татаж аваад шаардлагатай нь бүрэн танилцсаны дараа энэ тендерт манайх оролцох боломжтой гэж үзвэл 50 мянган төгрөгөө онлайнаар төлөөд оролцдог болсон. Өөр нэг асуудал бол цахим мэдээлэл солилцоог нэмэгдүүлж байна. Үүгээр тендерийн баталгааг арилжааны банкуудтай хамтарч цахим хэлбэрээр гаргах юм. Урьд нь аж ахуйн нэгжүүд тендерийн баталгааг хуурамчаар үйлдэх нь их байсан бол цахимаар мэдээлэл солилцоо хийдэг болсноор үүнийг таслан зогсооно. Дээрээс нь Татварын ерөнхий газрын мэдээллийн сантай холбогдож, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн талаарх мэдээллийг авч, Сангийн яамны Санхүү, нягтлан бодох бүртгэлийн системтэй холбогдож, санхүүгийн тайланг нь магадалж байна. Энэ бүхэн нь тендерийн маргааныг зогсоож, тендерт оролцогсдын санхүүгийн чадамж, бүхий л мэдээллийг үнэн зөвөөр олж, нягтлах боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Цахим аргыг ашигласнаар цаг хугацаа хэмнэхээс гадна бичиг баримт хуурамчаар үйлдэх зөрчлийг арилгаж байгаа гэлээ. Цаашдаа ямар байдлаар цахим тендерийг хөгжүүлж болох бол?
-Цаашид бид цахим тендерийн тогтолцоог хөгжүүлж, төрийн байгууллагуудаас авдаг тодорхойлолт, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс заавал цаасан баримтаар авдаг байдлыг өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогсдоос шаарддаг Нийгмийн даатгалын ерөнхий газар, шүүхийн ч юм уу цаасаар баталгаажуулдаг мэдээллийг бид өөрсдөө төрийн байгууллагын мэдээлийн санд холбогдон шалгах юм. Урьд нь бид цаасаар шалгаж байхад тендерт оролцогсод цаасаар хуурамч материал ирүүлэх зөрчил байсан. Цахимаар мэдээлийн сангаас аваад ирэхээр тендер шалгаруулалтын үнэлгээ бодит болох ач холбогдолтой. Мөн бид мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс хяналтын төсвийг тендерийн баримт бичигт хавсарган зарлаж байна. Урьд нь энэ хяналтын төсвийг олж авах гэж хүмүүс танил талаа ашиглах явдал их байсан бол одоо нийтэд мэдээлж байна.
-Мэдээллийн ил тод байдал гэдэгт тендерт шалгарсан оролцогчийн материалыг нийтэд дэлгэх асуудал ч хамаарна. Тендерт шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийн материалыг хэзээ, хэрхэн дэлгэх вэ?
-Тухайн компанийн нууцын зэрэглэлийн мэдээллийг зарлахгүйгээр тендерт шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалыг нийтэд мэдээлж байх асуудлыг ярьж байна. Тендерт үнэхээр муу компани шалгаруулсан юм уу, сайныг шалгаруулсан юм уу гэдгийг ил тод болгох зорилготой энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ.
-Иргэдийг тендер сонгон шалгаруулалтад орж хяналт тавих эрхийг бүрдүүлнэ гэж байсан. Энэ хэрэгжиж чадаж байгаа болов уу?
-Манай газар нийслэл, орон нутагт харьяа салбар нэгжтэй. Худалдан авах ажиллагааны газрын хувьд улсын болон бүс нутгийн шинж чанартай, томоохон төсөвт өртөгтэй тендерийн ажлыг хариуцдаг. Сум, дүүрэг дээр олон нийтийн оролцоотой худалдан авалтын ажиллагааг хийж байгаа. Энэ нь 20 сая хүртэлх төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг олон нийтийн оролцоотой худалдан авалт хийж байгаа. Ингэснээр иргэн тухайн дүүрэгтээ өрнөж байгаа барилга, бүтээн байгуулалт, засварын ажлыг хянаж, санал бодлоо хэлэх эрхтэй юм.
-Он гараад нийт хэдэн тендер шалгаруулсан бэ. Мөн энэ оны хувьд хэчнээн тендер зарлах бол?
-2014 он гарснаас хойш www.meps.gov.mn цахим хуудсаар нийт 195 тендерийн сонгон шалгаруулалт явуулж, үүнд 722 аж ахуйн нэгж оролцсон. Энэ нь ихэвчлэн ажлын тендер буюу авто зам, гүүр, эрчим хүч, барилга, тоног төхөөөрөмж оруулж ирэх зэрэг ажил байлаа. 2014 оны хувьд нийт 125 төсөл, хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулна. 125 гэж байгаа боловч үүн дотроо их олон задарна л даа. Ажлын чиг үүргээр нь ангилвал, эрчим хүчний 32, цэцэрлэгийн 22, сургууль 15, эрүүл мэндийн төв 11, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, дотуур байр найм, соёлын төв долоо, спорт цогцолбор зургааг тус тус барихаар байна.
-Цахим тендер гэхээр шүүмжлэх хүмүүс байдаг. Тендерт оролцох хариуцлагатай ажлыг заавал цахимаар явуулахаар мэдээллийн технологийн мэдлэг хомс хүмүүст тохиромжгүй гэдэг. Яаж хүртээмжтэй болгох вэ?
-Цахим техндерийг зохион байгуулах нь дээр хэлсэнчлэн их үр ашигтай. Манай газрын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээ бий. Хэрэв цахим тендерийн тухай нарийн мэдээлэл авахыг хүсвэл www.e-tender.mn, www.meps.gov.mn сайтаар орох болон нэг цэгийн үйлчилгээн дээр ирж хандаж болно. Цахим тендер шалгаруулалт шинэ тогтолцоо учраас аж ахуйн нэгж, иргэдэд бүрэн мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Тиймээс бид нэг цэгийн үйлчилгээн дээрээ Мягмар, Пүрэв гарагийн 15.00 цагт тогтмол сургалт үнэ төлбөргүй хийж байгаа.