-Цементийн, барилгын материал, зэсийн баяжмалын үйлдвэрүүдтэй танилцах болсон шалтгаан нь юу вэ?
-Хавар болж бүтээн байгуулалтын ажил эрчимжиж эхэллээ. Энэ жилийн хувьд Монголдоо бүтээцгээе гэж том ажил өрнүүлж байна. Энэ хүрээнд цементийн чиглэлийн үйлдвэрүүдтэй голлон танилцлаа. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр ч үйлдвэрийг ойрхон нээчих боломжтой болж. Ингэхээр энэ хоёр үйлдвэр л Монголынхоо хэрэгцээг хангачихна гэсэн үг. Замд 240 мянган тонныг үйлдвэрлэх орон нутгийн үйлдвэртэй ч танилцлаа. Ийнхүү дараа жил гэхэд дотоодын хэрэгцээг хангах боломж байна гэдгийг хувийн хэвшлийнхэн үлгэрлэж байна.
Хийт бетоны үйлдвэр ашиглалтанд орчихвол иргэд маань амины сууцаа хялбар барих боломжтой болно. Мөн зэс молибдений үйлдвэртэй танилцлаа. Эрдэнэтийн зэс молибдений, Оюутолгойн зэс алтны үйлдвэр гээд гуравдахь нь Монголын Алт корпорацийн босгож буй Цагаан суваргын зэс молибдений үйлдвэр болж байна. Ажил нь эрчимтэй өрнөж байна. Энэ хэрэв ашиглалтанд орвол Эрдэнэтийн 60 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний баяжмал гаргана гэсэн үг. Монгол улсаас дэлхийн зах зээлд гаргадаг зэсийн баяжмалын хэмжээнд ч нэлээд өөрчлөлт орно.
-Засгийн зүгээс эдгээр үйлдвэрүүдэд ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?
-Энэ үйлдвэрүүдийн талаар анх удаа танилцаж сонсч байгаа юм биш. Өмнө нь эдгээр үйлдвэрлэгчидтэй хэд хэдэн удаа уулзаж, асуудлыг нь ажлыг нь сонссон. Тэнд ч саналаа тавьж байсан юм. Нарийн хийцийн байшин сав босгоход гаднаас мэргэжлийн ажиллах хүч оруулж ирэх шаардлагатай байна гэдгээ хэлсэн. Түүнийг нь ч бид тухайн үед шийдчихсэн.
МАК-ын хувьд зэс боловсруулах үйлдвэр дээрээ их олон янзын тоног төхөөрөмж оруулаад ирчихсэн, гаалиас авчраад угсрах гэхээр хоёр төрлийн татвар төлөх болоод байгаа юм байна. Засгийн хувьд түр горимоор нь оруулж ирээд үйлдвэрээ босгоод ажиллах явцад нь буцааж төлүүлэх боломж нөхцлийг судалж байна. Үүнийг нь шийдэж болох байх. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас засгийн газрын импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих гэсэн чиглэлд таарч байгаа юм. Бид нэг их наяд төгрөгийг угаасаа импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжихэд зарцуулна гэдгээ зарлачихсан. Иймд тэр боломжийг нь газар дээр нь үзэж байж л шийдэхгүй бол болохгүй. Эдийн засгийн чиглэлийн 5, 6 сайдтайгаа яваад үзчихлээ, одоо тодорхой дэмжлэгийг үзүүүлэх талаар ярилцана. Гадагш гарч буй долларыг багасгах, гаднаас доллар оруулж ирэх үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг ойрын хугацаанд шийдэх болно.