Монголын “Кью Эс Си” компани Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатай Концессийн гэрээгээр авлаа гэдэг мэдээлэл сүүлийн өдрүүдэд анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлантай уулзаж ярилцлаа.
-Танай компани Дарханы
Төмөрлөгийн үйлдвэрийг Концессийн гэрээгээр эзэмшихээр Засгийн газартай
гэрээ байгуулжээ. Концессийн гэрээ гэж чухам юу вэ. Энэ талаар эхлээд
тодруулна уу.
-Концессийн гэрээг Засгийн газартай 2014 оны
дөрөвд үгээр сарын 4-ний өдөр байгуулсан. Энэ гэрээний дагуу ирэх 3-4
жилийн дотор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг “Уул уурхай, металлургийн
цогцолбор” болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтыг бид хийнэ. Концессийн
гэрээ ярихаас өмнө концесс гэж юу вэ гэдгийг жаахан тодруулъя. Хүмүүс
янз бүрээр ойлгож байж магадгүй. Концессийг хамгийн энгийнээр “онцгой
эрх” гэж ойлгож болно. Гэхдээ өмчлөхгүй. Өмчлөхөөс бусад хэлбэрээр буюу
тодорхой нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр тухайн үйлдвэрийг
эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх юм.
Энэхүү онцгой эрхийг ямар нөхцөл, журмын дагуу олгох талаарх эрх үүргийн
харилцааг үүсгэн, түүнийг зохицуулах баримт бичиг нь Концессийн гэрээ
юм. Тэгэхээр Дарханы Төмөрлөгийн үйлдвэр 100 хувь төрийн өмч хэвээрээ
байгаа. Хуулийн дагуу Концессийн гэрээг Засгийн газрыг төлөөлж Эдийн
засгийн хөгжлийн яам хийсэн. ТӨХ-ны холбогдох шийдвэрийн дагуу
Төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа
явагдсан. Манай компани гэрээний хугацаанд томоохон хэмжээний хөрөнгө
оруулалт хийж, металлургийн цогцолбор барьж байгуулаад, гэрээний хугацаа
дуусахаар төрд буцаан үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй.
-Чухам ямар шалгуураар, яагаад заавал танай компанийг сонгосон юм бэ?
-Хоёр
зүйлийг зориуд тодруулъя. Нэгд, төмөрлөгийн үйлдвэрийг шинэчлэх
хөтөлбөр өчигдөр гэнэт эхлээгүй. Хоёрт, манай компани өчигдөр
байгуулагдаад л гэнэт өнөөдөр энэ төсөлд орж ирээд Концессийн гэрээ
байгуулчихаагүй. Төмөрлөгийн үйлдвэрийг ашиглах, шинэчлэх хамтын
ажиллагаа, бидний төсөл үндсэндээ 2010 оноос эхэлсэн. Төсөл хэрэгжүүлэх
үйл явц хоёр Засгийн газар дамжин үргэлжилсээр сая л бүрэн шийдэгдэж
байгаа хэрэг. Хар төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх зорилт үе үеийн Засгийн
газрын хүсэл эрмэлзэл байсаар ирсэн. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг
цогцолбор болгон хөгжүүлэх ажлын үндсийг Засгийн газрын 2008 оны 153
тоот тогтоолоор тавьж, 2014 оны 69 тоот тогтоолоор хөрөнгө оруулалтыг
баталгаажуулсан юм. Эхний тогтоолоор үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөн
техник, технологийн шинэчлэл хийж, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр
байгуулах, улмаар үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх
арга хэмжээ авахыг холбогдох яамд, Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон
бол сүүлийн тогтоолоор энэхүү хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг
баталгаажуулж, Концессийн гэрээ болгох шийдвэрийг гаргасан юм.
Дарханы
Төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлахгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө
оруулагчдад санал болгох шийдвэрийг УИХ 2010 онд гаргаж, Засгийн газар,
ТӨХ ирсэн зургаан саналаас дотоодын хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК-ийг
шалгаруулж, Хөрөнгө оруулалтын гэрээг 2010 онд байгуулсан. УИХ-аас Төр,
хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2009 онд
баталж, үүний хүрээнд Концессийн тухай хуулийг баталснаар “Уул уурхай,
металлургийн цогцолбор” байгуулах ажил 2010 оноос эхэлсэн. Бид өнг өрсөн
дөрвөн жил шахмын хугацаанд ажлынхаа 40 хувийг хийчихээд байгаа. Өөрөөр
хэлбэл, бидний энэ Концессийн гэрээ бол манай төслийн дөрвөн жилийн
ажлын үргэлжлэл.
-Зах зээлийн өнөөдрийн үнэлгээгээр ямар
үнэтэй үйлдвэрийг та бүхэн ямар үнээр авч байгаа юм бэ? Гадуур маш
хямдхан авсан гэсэн яриа байх юм.
-Таны асуулт үйлдвэрийг
хувьчлаад, худалдаад, хувийн өмчид шилж үүлээд байгаа мэт ойлголт
төрүүлэхээр тавигдаж байна. Залруулъя. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг
худалдаад авчихсан зүйл огт байхгүй. Концессийн гэрээгээр бид үйлдвэрт
хөрөнгө оруулах үүрэг л хүлээсэн. Дээрээс нь үйлдвэрийн богино болон урт
хугацаатай 134 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулах үүргийг хүлээн
авсан. Энд ямар нэг хувьчлал огтхон ч явагдаагүй, үйлдвэр төрийн өмчид
100 хувь хэвээрээ байгаа, цаашдаа ч тэр хэвээр байна гэдгийг дахиад
хэлчихье.
Нэгэнт та үнэ, үнэлгээ асуусан тул зарим нэг тодруулга
хийе. Дарханд Төмөрлөгийн үйлдвэр байгуулагдаж, ашиглалтад орж, үйл
ажиллагаа явуулж ирсэн 20 жилийн түүхээс харахад сүүлийн жилүүдэд байнга
алдагдалтай ажиллаж, хаалгаа барихдаа тулж байсан үе ч бий. Харин
бидний төсөл хэрэгжүүлсэн сүүлийн дөрвөн жилд ашиг орлого нэмэгдэж,
улсад төлөх татварын хэмжээ байнга өссөөр ирлээ. 2007-2013 онд нийт 9.7
тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр улсын төсөвт өгсөн байдаг. Үүнээс
хамгийн өндөр нь өнгөрсөн онд төлсөн 2.1 тэрбум төгрөг.
Аливаа
компанийн үнэлгээг хийхдээ ирээдүйд олох мөнгөн хөрөнгийг дискаунталж
өнөөгийн үнэ цэнийг тооцдог зарчим бий. Энэ зарчмаар ирээдүйн 30 жилд
Дарханы металлургийн цогцолбор жил тутам 2.1 тэрбум төгрөгийг ногдол
ашиг хэлбэрээр улсад төлнө гэж үзээд, дискаунт хүүгийн хэмжээг “Чингис”
бондынхтой адил жилийн 7.5 хувиар тооцоход тус үйлдвэрийн одоогийн үнэ
цэнэ 25 тэрбум төгрөг болж өснө. Үйлдвэрийг одоо байгаа чигээр нь
хувьчиллаа гэж бодоход үнэлгээ энэ хавьцаа л гарах болов уу? Монгол
Улсад урьд өмнө хийгдсэн хамгийн том хувьчлалын дүн 13.7 тэрбум төгрөг
байдаг. Тэгэхээр энэ хоёр тоог харьцуулаад үзэхэд бидний хийсэн ажлын
үнэ цэнэ барагцаалагдах байх аа.
Концессийн тухай хуулийн
26.4.2- т “Гэрээний дагуу Концессийн төлбөр төлөхөөр бол тогтоосон
журмын дагуу төлөх” гэсэн нийтлэг үүрэг бий. Энэ бол Концессийн
төлбөрийг заавал төлнө гэсэн үг биш болохыг та анзаарч байгаа байх.
Гэхдээ бид гэрээндээ Концессийн төлбөрийг төлнө гэж оруулсан. ЭЗХЯ-тай
харилцан ярилцаад Концессийн төлбөрийн эхний 15 жилийнхийг нь урьдчилан
төлж, үлдэх жилүүдэд ижил хэмжээгээр жил бүр төлөхөөр тохирсон. Өөрөөр
хэлбэл ирэх 15 жилийн урьдчилгаа төлбөр болох 31.9 тэрбум төгрөгийг
улсын төсөвт төвлөрүүлчихсэн. Гэрээний хугацаанд нийт 63.8 тэрбум
төгрөгийг төлөх ёстой. Үүнээс гадна татвар хураамжийн төлбөрийг
холбогдох хууль журмын дагуу төлнө. Тэр нь одоогийн төлж байгаа дүнгээс
ямар ч байсан өндөр байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
-Төмөрлөгийн үйлдвэрийг Концессийн гэрээгээр өгсний ач холбогдлыг нь товчхон дүгнэж хэлбэл…
-Төсөл
хэрэгжсэнээр нэгдүгээрт, дотоодын гангийн хэрэгцээг 100 хувь хангаж,
гадаад валютын гадагшлах урсгалыг зогсооно. Хоёрдугаарт, нэмүү өртөг
шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад валютын тогтвортой эх үүсвэрийг
бий болгоно. Гуравдугаарт, ажлын байр нэмэгдэж, манайхыг дагасан жижиг
дунд үйлдвэрлэл нэмэгдэнэ. Дөрөвдүгээрт татварын орлого өсөж, бүс
нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна. Эцэст нь монголчуудын олон
жилийн мөрөөдөл биелж, манай улс гангийн үйлдвэртэй, өөрийн гантай
болно.
-Ийм том бүтээн байгуулалтад та бүхэн төрөөс санхүүгийн болоод эрхзүйн ямар нэгэн дэмжлэг авах уу?
-Бид
төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг авахгүй, өөрсдөө хөрөнгө оруулалтыг
босгох юм. Гэхдээ төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд
төрийн эрх бүхий байгууллагуудын дэмжлэг мэдээж шаардлагатай. Тухайлбал,
бид төмөр замын ажлыг эхлүүлчихээд байна. Энэ ажилд тухайн аймгийн
удирдлага, байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой. Асуудалд ажил хэрэгч,
шуурхай байдлаар хандаж, хуулийн дагуу зөвшөөрөл олгох нь бидний ажил
амжилттай урагшлах хөшүүрэг болно шүү дээ.
-Гэрээний хүрээнд
Төмөрлөгийн үйлдвэрийг цогцолбор болгон хөгжүүлнэ гэлээ. Тэнд төмрийн
хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр бариад дуусгаж байгаа тухай
сонслоо. Өөр ямар бүтээн байгуулалт өрнүүлэх вэ
-Бидний том
зорилго бол Монгол Улс өөрийнхөө гангийн хэрэгцээг дотоодын
үйлдвэрлэлээр бүрэн хангах түвшинд энэ салбарыг хөгжүүлэх явдал юм. Энэ
үйл ажиллагаа төмрийн хүдрийг олборлох, түүнийг хуурай болон нойтон
аргаар баяжуулан, гарсан баяжмалыг шууд ангижруулсан төмөр болгож,
улмаар ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн түүхий эдтэй болох үйл явц юм.
Энэ бүгдийг нийлүүлээд “Уул уурхай, металлургийн цогцолбор” гэж нэрлэж
байгаа хэрэг. Эцсийн том зорилгодоо хүрэхийн тулд хэд хэдэн зорилтыг
хангах шаардлагатай. Тухайлбал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн одоогийн
үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийх, төмрийн
хүдрийн баяжмал үйлдвэрлэх хуурай соронзон сепаратор, нойтон аргаар
баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр шинээр барих, дэд
бүтцийн хувьд 33.4 км төмөр зам, ачиж буулгах терминал байгуулах, уурхай
хүртэл 110кВт-ын цахилгаан дамжуулах 50 км агаарын шугам, өргөтгөл, дэд
станц барих ёстой. Эдгээр зорилтууд бол 2010 онд ТӨХтой байгуулсан
хөрөнгө оруулалтын гэрээнд туссан ажлууд. Өнгөрсөн хугацаанд бид хуурай
болон нойтон аргаар баяжуулах үйлдвэрүүдийг барих, төмрийн хүдрийн ил
уурхайг олборлохтой холбоотой дэд бүтцийн байгууламжид хөрөнгө оруулалт
хийгээд байна.
-Гангийн үйлдвэр барьж байгуулах сонирхолтой гадаад, дотоодын компаниуд нэг биш байдаг. Тэднээс та нар юугаараа ялгаатай вэ?
-Бид
бол дотоодын хөрөнгө оруулагч. Манай компани 100 хувь үндэсний компани.
Гаднын нэг ч хөрөнгө оруулагч, нэг ч төгрөг манайд байхгүй. Монгол Улс,
Монголын ард түмний эрх ашгийг эрмэлзэл тэмүүллээ болгож, монгол хүн
Монгол газар нутагтаа юм хийе, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь
нэмрийг оруулъя гэсэн чин сэтгэл бол биднийх. Бид төрөөс, эсвэл гаднын
хөрөнгө оруулагчаас нэг ч төгрөг аваагүй, цаашдаа ч авахгүй. Монголын
баялгийг Монголдоо үлдээе, жинхэнэ бодит үнэ цэнэ болгоё гэдэг бол
бидний амбийц. Бид “Чингис” бондын сургаар хавтастай төсөл
сугавчилчихаад Төрийн ордон, яам, албан тушаалтны ар өврөөр харайлгаж
яваа хүмүүстэй адилгүй. Монголдоо цоо шинэ үйлдвэр байгуулъя, энэ ажилд
өөрийнхөө хөрөнгийг оруулъя гэж яваагаараа бид бусдаас ялгаатай. Даруу
биш байж магадгүй, уучлаарай. Бид хэчнээн жил цүнх барьсан хэн нэгэн
гадаад нөхөр орж ирээд Монголыг хөгжүүлчихнэ гэж хүлээх ёстой юм бэ? Энэ
эх орны эзэн нь би, та, бүх монголчууд. Бид өөрийн юмандаа өөрсдөө эзэн
байя. Бидэнд чадахгүй зүйл үгүй. Бусдаас дутаад байх юм ч байхгүй. Ер
нь бол төр засаг үндэсний хөрөнгө оруулалт, үндэсний хэмжээний
компаниудаа бодлогоор дэмжиж, тэднийхээ хүч чадал, боломж нөөцөд
тулгуурлаж эх орноо хөгжүүлэх цаг болсон гэдгийг хэлье. Дэлхийн бүх л
улс тэгж хөгжсөн. “Эрдэнэт” үйлдвэрийг оросууд, “Оюутолгой”-г
австраличууд байгуулсан, байгуулж байгаа бол Дарханы Төмөрлөгийн
үйлдвэрийн цогцолборыг монгол хүн, монголчууд өөрсдөө барьж байгуулъя,
бүтээж босгоё гэж байна шүү дээ. Би үүнийг том ялгаа гэж харж байна.
-Концессийн
гэрээ байгуулсан сургаар мэр сэр яриа гарч байна л даа. Тухайлбал,
ажилчдыг нь халж сольж, цомхтгож эхэллээ гэж байна. Тийм зүйл бий юү?
Бас та бүхний ард гаднын хөрөнгө оруулагч байгаа юм биш үү? Та үнэнийг
хэлээрэй.
-“Кью Эс Си” компани бол Монгол Улсад бүртгэлтэй
дотоодын буюу үндэсний хөрөнгө оруулалттай компани. Манайд гадаадын
иргэн, хуулийн этгээд ямар нэг байдлаар хувьцаа эзэмшдэггүй. Ийм
болохоор бидний ард ямар нэг гаднын хөрөнгө оруулагч байгаа гэж хардах
хэрэггүй. Бид ажилчдаа цомхтгож, халж солихгүй ээ. Удирдлагын эрх
шилжсэнээр захиргааны хавийн 7-8 хүн өөрчлөгдсөн. Үүнийг хавтгайруулан
халж сольж байна гэж хэлж болохгүй биз дээ. Захирал солигдохоор жолооч
нь өөрчлөгддөг нь хаана ч л байдаг асуудал биз дээ.
-Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг Японы технологиор байгуулсан. Цогцолборын бусад үйлдвэрүүдийг хаанахын технологиор барих юм бэ?
-Манай
үйлдвэрийг Японы Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд
1993 онд байгуулж, 2013 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. ДарханСэлэнгийн
бүсийн төмрийн ордуудыг түшиглэсэн хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэрлэл
хөгжүүлэхээр төлөвлөж байгуулсан гэдэг юм. Гэтэл өнөөдрийг хүртэл
төмрийн хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгох технологийн шийдэл
хийгдсэнгүй. Үйлдвэрийг жилд 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн
үйлдвэрлэх хүчин чадалтайгаар барьсан боловч байгуулагдсан цагаасаа хойш
хүчин чадлынхаа 30-60 хувийг л ашиглаж ирсэн. Зөвхөн хаягдал төмөр
хайлуулдаг. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгдээгүй.
Ордуудаа ч тавиад туучих шахсан. Зарим нь гаднын компанийн эзэмшилд
оччихсон.
Сүүлийн таван жилд дунджаар 50-60 мянган тонн цувимал
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь дотоодын хэрэгцээний 20 хүрэхгүй
хувийг хангасан гэсэн үг. Үлдэх 80 хувийнхаа хэрэгцээг бид ОХУ, Хятад
улсын чанартай, чанаргүй бүтээгдэхүүнийг импортоор авч хангаж байна.
Тиймээс монгол ган үйлдвэрлэхэд тохирох технологи, хүчин чадал,
ашиглагдах материал зэргийг нарийвчлан судалсны дүнд Финланд болон Японы
технологи тохиромжтой гэж үзээд дээрх хоёр компанитай хамтран ажиллах
санамж бичиг үйлдэн, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах түвшинд ажиллаж байна.
Лабораторийн туршилтыг хийлгээд эхэлчихсэн байгаа. Тэдгээр технологи
бол дэлхийд тэргүүлэх технологи. Дэлхийн хэмжээний шилдэг технологийг
Монголдоо нутагшуулах гэж байгаадаа бид туйлын баяртай байна.
-Төмөр,
гангийн үйлдвэрийг аж үйлдвэрийн “талх” гэдэг. Танай үйлдвэр ашиглалтад
орсноор Монголд хүнд үйлдвэр, машины үйлдвэр байгуулагдах эхлэл
тавигдах нь ээ гэж үзэж болох уу?
-Би эхлээд бага зэрэг
тайлбар хийе. Гангийн үйлдвэр манайд хөгжөөгүй гол шалтгаан нь
технологитой холбоотой. Манайд байгаа домен зуухны технологийн
ашиглалтын зардал маш өндөр байдаг тул дор хаяж 1.0 сая тонн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж өртгөө нөхөх тооцоо бий. Гэтэл манайд тийм
хэмжээний бүтээгдэхүүнийг шингээх зах зээл байдаггүй. 2012 оны байдлаар
бид нийтдээ 290 мянган тоннын хэрэглээтэй л байна. Цаашдаа өсөх байх л
даа. Жилийн хүчин чадал 500 мянган тонн байх тийм технологиуд нь
болохоор манай үндсэн түүхий эд болох төмрийн хүдэр, нүүрс хоёрт
тохирохгүй байгаа юм. Учир нь манай ашиглах ордуудын хүдэр дэх хүхэр,
фосфор зэрэг хорт элементийн агуулга өндөр байна. Тухайлбал хүхрийн
агуулга 1.0 тонн тутамд 0.01 хувь байх ёстой атал энэ үзүүлэлт манайд
4.0 хувь байх жишээтэй. Хүхэр, фосфор их байх нь төмрийн бүтээгдэхүүний
чанарыг бууруулдаг. Түүнчлэн нүүрсний чийгшил, дэгдэмхий бодисын агуулга
нь ч бас өндөр. Дээрх хүндрэлийг даван туулахын тулд төмрийн хүдрийг
хөвүүлэн баяжуулах, нүүрсийг угаах, хатаах, хийжүүлэх зэрэг дагалдах
үйлдвэрүүдийг барих хэрэгтэй болж байна. Энэ бүгдэд их хэмжээний хөрөнгө
оруулалт шаардагдах нь ойлгомжтой.
Ажлын эхлэл муугүй байгаад
баяртай байна. 2009 онд жишээ нь, дэлхийн болон Монголын эдийн засгийн
хямралын үеэр манай үйлдвэрийн санхүүгийн байдал маш хүндэрч,
борлуулалтын нэг төгрөгт ногдох зардал 1.04 төгрөг болж, үйлдвэрийн
татварын өмнөх ашиг хасах 1.3 тэрбум төгрөгт хүрч, ажиллагсдын дундаж
цалин 500 мянга хүрэхгүй байдалд очиж байж. Бид хөрөнгө оруулалтын
гэрээний хүрээнд нийт 89 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2010-2014 оны
хооронд хийгээд байна. Энэ хөрөнгийг уурхайн хүнд машин механизм, тоног
төхөөрөмж, тээврийн хэрэгслийг шинэчлэх, барилга байгууламж нэмж барих,
зураг төсөл судалгааны ажил хийхэд зарцуулсан. Үүний үр дүнд үйлдвэрийн
ашигт ажиллагаа сайжирч, сүүлийн жилүүдэд дунджаар 1.8 тэрбум төгрөгийн
ногдол ашгийг улсын төсөвт тогтмол төвлөрүүлж байна. 2013 оны жилийн
эцсийн санхүүгийн тайлангаар үйлдвэрийн нийт хөрөнгө 174 тэрбум төгрөг
болж өсчээ. Энэ бол бидний хамтын ажиллагаа зөв голдирлоор явж байгааг
харуулж байгаа юм. Дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангадаг болсноор
хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит боломж нээгдэх нь ойлгомжтой.
-Дарханы
Төмөрлөгийн үйлдвэр одоогийн байдлаар ган бөмбөлгийн бэлдэц, арматур
голлон үйлдвэрлэдэг. Танай компани үйлдвэрийг шинэчилснээр 38 төрлийн
бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно гэж байсан. Тухайлбал, ямар
бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр үйлдвэрлэх вэ?
-Үйлдвэр
маань үндсэндээ хаягдал төмөр хайлуулах, бэлдэц бэлдэх, бэлдцээ цувих
циклээр л үйл ажиллагаа явуулж байгаа. Хөрөнгө оруулалтын үр дүнд
үйлдвэрийн одоогийн хүчин чадлыг зургаа дахин өргөтгөж, жилд 300 мянган
тонн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Мэдээж арматур гол бүтээгдэхүүн
хэвээр байна. Ер нь бол төмөр замын рельсээс эхлээд хадаас хүртэл олон
төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой. Гэхдээ бид 38 төрлийн
бүтээгдэхүүнийг зөвхөн дангаараа гаргаад байна гэж бодохгүй байгаа л
даа. Манайхыг дагалдаад Дархан хот, түүний бүсэд төмрийн 60-аад төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэлээд олон жижиг, дунд үйлдвэр байгуулагдана
гэж тооцож байгаа. Эдгээр үйлдвэрүүд манайхтай нийлээд гангийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер буюу төвлөрөл бий болгог. Магадгүй эдний
дундаас Японы “TOYOTА”, “NISSAN” гэх мэт автомашин үйлдвэрлэгчдийн
захиалгаар сэлбэг, эд анги хийдэг үйлдвэр гараад ирэхийг ч үгүйсгэх
аргагүй. Үүний төлөө л бид ажиллах юм. Энэ бол эдийн засгаа
солонгоруулах Монгол Улсын зорилтод томоохон хувь нэмэр болох нь
дамжиггүй.
-Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт хэзээ дуусаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх вэ?
-Цогцолборыг
2017 онд хүлээлгэж өгөх зорилго тавиад байна. Юуны өмнө шууд
ангижруулсан төмрийн үйлдвэрийг барих хэрэгтэй. Энэ бол ганц объект биш.
Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг дагалдсан 4-5 үйлдвэр босно. Шууд
ангижруулсан төмрийн үйлдвэр нь нойтон баяжмалыг боловсруулж, 93 хувиас
дээш төмрийн агуулгатай хагас бэлэн бүтээгдэхүүн гаргана. Технологийн
дагуу төмрийн хаягдалтай тодорхой харьцаагаар хольж, үндсэн түүхий эд
бий болно. Энэ бүх үйл ажиллагааг манайх дангаараа хийхгүй. Барах ч үгүй
биз. Бидэнтэй үндэсний 20 гаруй компани хамтарч ажиллах байх. Зам,
эрчим хүч, барилга, уул уурхай гээд олон салбарт бүтээн байгуулалт
хийгдэнэ шүү дээ.
Дэлхийн гангийн холбооны статистик
судалгаанаас харахад тэргүүлэх техник технологитой, ган үйлдвэрлэлийн
хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг улс орнууд бол Япон, ХБНГУ, БНХАУ, БНСУ,
Энэтхэг, ОХУ, АНУ юм байна. Тэдгээр үйлдвэрүүд болон тэдний технологийг
судалж, манайд тохирохыг сонгож авахад багагүй цаг хугацаа зарцууллаа.
ХБНГУ-ын “Siemens Vai”, “Thyssen Krupp”, “Paul Wurth”, Финландын
“Outotec”, Оросын “Metallor Technologies Ltd”, Японы “Kobe steel”,
Энэтхэгийн “Arcellor mittal”, “Mesco Steel”, АНУ-ын “Midrex”, Италийн
“Tenova Group”, Австралийн “Rio Tinto”, Хятадын “Shenwu Thermal Energy
Technology Co.Ltd”, “Tangshan Outstanding Science and Technology
Co.Ltd”, “Huanggang Outstanding Kiln Co.Ltd” зэрэг 17 үйлдвэрт биечлэн
очиж, туршлага судалсан.
Төмрийн хүдрээс ган гарган авах үндсэн
хоёр процесс байдаг. Нэг нь төмрийн хүдэр болон кокс ашигладаг уламжлалт
технологи болох домен зуух-хүчилтөрөгчийн конверторын процесс. Нөгөө нь
коксжихгүй нүүрс, байгалийн хий ашиглаж шууд ангижруулах цахилгаан
нуман зуухиндукцийн зуухны процесс. Технологийн сонголтод
ДарханСэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн агуулга, бусад түүхий эд
материалын хими, физикийн шинж чанар, үйлдвэрлэх эцсийн бүтээгдэхүүний
тоо хэмжээ, дотоод, гадаад зах зээлийн байдал, үйлдвэрийн хүчин чадал,
хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо зэрэг хүчин зүйлс шууд хамааралтай.
Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн ТЭЗҮ-г Канадын “Hatch” компаниар
гүйцэтгүүлж байна. “Hatch” бол гангийн салбарт тэргүүлэх компанийн нэг.
Гангийн үйлдвэр барих зөвлөгчийн хувьд туршлагаараа дэлхийд нэгдүгээрт
ордог компанитай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа.
-300 мянган тонноор Монголын гангийн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу. Хэрэглээ цаашид өснө биз дээ?
-Манай
улсын гангийн хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Үүнд уул уурхай
болон барилгын салбарын үйлдвэрлэлийн өсөлт нөлөөлж байгаа нь
ойлгомжтой. Засгийн газрын хөтөлбөрүүд ч жинтэй нэмэр оруулж байна.
Статистик жишээ авъя. 2009 онд ган туйвангийн жилийн нийт хэрэглээ 71
мянган тонн байсан бол 2012 онд 290 мянга болж, дөрөв дахин өссөн. Нийт
хэрэглээнд эзлэх импортын хэмжээ ч жилээс жилд нэмэгдэж, 72 хувьд хүрээд
байна. Энэ бол металлургийн үндэсний үйлдвэрлэлийн салбарын хөгжил
хоцорч байгааг илтгэж байгаа юм. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй
бол өсөн нэмэгдэж буй эрэлтийг хойд болон урд хөршөөсөө л хангана гэсэн
үг. Эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалж чадвал 2017 он гэхэд манай
улсын ган туйвангийн хэрэгцээ жилд 450-500 мянган тоннд хүрэх төлөвтэй.
Энэ нөхцөлд манайх дотоодын зах зээлийнхээ дор хаяж 60 хувийг хангана
гэсэн үг.
-Бүтээгдэхүүнээ экспортлох уу?
-Аливаа
улс орон анхны хуримтлал үүсмэгц л тэр хөрөнгөөрөө гангийн үйлдвэр
барьдаг юм байна. Тэгж байж аж үйлдвэр хөгждөг. Гангийн үйлдвэрлэлээр
дэлхийгээс хоцорсон нь Монгол маань л байж магадгүй. Манай урд, хойд
хоёр хөрш маань энэ салбарт биднийг тоохооргүй болсон улсууд. Тэгэхээр
биднээс аль эрт түрүүлээд явчихсан улсууд руу экспортолно гэдэг юу л
бол. Эхлээд бусдаас гуйдаггүй, байгаа баялгаа түүхийгээр нь хилийн
гадагш урсгадаггүй болъё л доо. Гурилынхаа хэрэгцээг дотооддоо хангана
гэдэг шиг гангийнхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж гаднаас авдаггүй болох
нь хамгийн чухал.
-Монголд металлургийн мэргэжилтнүүд хэр олон байдаг юм бол. Ажилчид, инженер, техникийн мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэх вэ?
-Та
их зөв асуулт тавилаа. Зөвхөн металлургийн салбар ч биш, манай улсын
бүх л салбарт сайн боловсон хүчин дутагдаж байна. Гарын таван хуруунд
багтахаас хэтэрдэггүй гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй байх. Дарханыхаас
өөр томоохон хар төмөрлөгийн үйлдвэр манайд алга. Концесс эзэмшигчийн
хувьд бид ирэх жилүүдэд 50-иад хүүхдийг өөрийн зардлаар Япон улсын их,
дээд сургуульд инженер, техникийн чиглэлийн бакалаврын сургалтад
хамруулъя гэж ярилцаж байна. Тэднийг дагалдаад металлургийн салбарын
үндэсний шилдэг мэргэжилтнүүд төрөн гарах биз ээ.
-“Кью Эс Си” компанийн талаар бидэнд мэдээлэл алга. Бас Таныг ч сайн мэдэхгүй юм. Товч мэдээлэл өгнө үү?
-Намайг
Дашдондогийн Батжавхлан гэдэг. Миний аав бүх насаараа Сэлэнгэ аймгийн
Зүүнхараагийн САА-д ерөнхий агрономичоор ажилласан, гавьяат агрономич
хүн. Нутгийнхан бол андахгүй мэднэ дээ. Би өөрөө Сэлэнгэ аймгийн Түшиг
суманд төрж, Мандал сумын 10 жилийг 1989 онд төгссөн, энэ нутгийн
хүүхэд. МУИС-ийн Зөвлөлтийн инженерийн бэлтгэлийг төгсөж, ОХУ-д
Политехникийн дээд сургуульд суралцаж байсан. Дараа нь СЭЗДС-ийг эдийн
засагч мэргэжлээр төгсөж, Тайландын Азийн технологийн дээд сургуульд
мастерийн зэрэг хамгаалсан. Хувийн хэвшилд ажилласаар өдийг хүргэж
байна. “Кью Эс Си” бол Монгол Улсад бүртгэлтэй дотоодын хөрөнгө
оруулалттай олон компанийн л нэг. Үйл ажиллагааныхаа талаар дээр дурдсан
тул нэмж хэлэх зүйл алга.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.