Арабын хувьсгалыг бин Ладен зохион байгуулсан гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Арабын хувьсгалыг бин Ладен зохион байгуулсан гэнэ

Исламын сайтуудыг хянах Америкийн алба (SITE) мэдээлснээр алан хядагчдын  "Магрибийн орнууд дахь Аль-Каида" бүлэглэл Хойд Африк болон Ойрхи Дорнодын орнуудын үймээнийг зохион байгуулахад бин Ладены оруулсан хувь нэмрийн талаар мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ "Магрибийн орнууд дахь Аль-Каида" дөрөвдүгээр сарын 28-нд Маррекеш хотноо хийгдсэн аллагад огт хамаагүй хэмээн мэдээлсэн байлаа. Тэр үеэр 16 хүн амиа алдсаны ихэнх нь гадаадын жуулчид байжээ. Харин Мароккогийн Дотоод хэргийн яам ингэж үзэхгүй байгаа.

"Магрибийн орнууд дахь Аль-Каида" байгууллага барууны  чиглэл барьсан арабын дэглэмүүдийг унагах зорилгоор "Аль-Каида"  ба түүний лидер Усама бин Ладен үймээнийг төлөвлөн түүнийг амжилттай хэрэгжүүлсэн гэх ойлголтыг өгч байна. Нэг үгээр "Аль-Каида" байгууллага Тунис, Египетийн төрийн эргэлтийг хийж, Йемен, Сири, Алжир, Ирак, Иордан, Марокко, Оман ба Бахрейн зэрэг орнуудад үймээнийг, Ливийн иргэний дайныг өдөөсөн гэх хариуцлагыг өөртөө авлаа.

"Магрибийн орнууд дахь Аль-Каида" бүлгийн сайтад тавигдсан энэ мэдээлэл үнэн зөвд хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй. Олон шинжээчид тус байгууллагад энэ бүгдийг зохион байгуулах хүч, хөрөнгө байхгүй гэж байгаа. Гэхдээ үймээнтэй байгаа араб орнуудад исламистуудын нөлөө ихэссэн нь "Аль-Каида"-д ашигтай гэдэг нь ойлгомжтой.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж