Та ажил хайж байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Та ажил хайж байна уу?

Та ажил хайж байна уу, мөн бизнес эрхэлмээр байгаа ч мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай болсон бол та яг одоо Чингисийн талбайг зориорой. Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Хөдөлмөрийн салбарын өдрүүд” арга хэмжээг өнөөдөр хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, бизнесээ өргөжүүлсэн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байгаагийн зэрэгцээ таныг ажилд зуучлахаар хүлээж байгааг дуулгая. Өнөө цагт 40-ээс дээш насныхан ажил олж хийнэ гэдэг бэрх болсон. Тэгвэл таныг Хөдөлмөрийн биржийнхэн ажилд зуучилж өгнө, мөн хичээлийнхээ хажуугаар ажил хийхийг хүсэж байгаа оюутан залуус цагийн ажил хийх ажлын байраа эндээс олох боломжтойг дуулгая. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах зорилгоор Хөдөлмөрийн яам нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, мэргэжилтэй ажилтнуудыг богино хугацаанд ажил олгогчийн захиалгаар бэлтгэх, аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр өнгөрсөн онд 6000 мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн бол энэ жил 7000 мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр хоёр дахь шатны сургалт эхлээд байгаа билээ.

Шинэчлэлийн Засгийн газрын зорилго бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган ажлын байрыг шинээр бий болгож, иргэдээ ажилтай, орлоготой болгох. Тэгвэл Хөдөлмөрийн яам өнгөрсөн жил 50 мянган ажлын байр шинээр бий болгосон бол энэ жил 60 мянгад хүргэхээр зорьж байгаа юм.

Дахин сануулахад, ажил хайж байгаа, ажилд шинээр орохоор сургуулиа төгсч байгаа бүх иргэд өдөрлөгөөр ороод гараарай.

Г.ДАРЬ













NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж