
Түүнчлэн гатлага онгоц живж эхлэхэд буруу зааварчилгаа өгч, олон зорчигчийн амийг аврах боломжийг хаасан буруутай хөлгийн ахмад И Жун-сук тэргүүтэй хөлгийн зарим гишүүнийг баривчлаад буй юм. Өмнөд Солонгосын цагдаагийн газраас өчигдөр /IV.23/ “Севол” хөлгийн багийн өөр дөрвөн гишүүнийг баривчлан хорьсноор гатлага онгоцны ослын хэрэгт өнгөрсөн долоо хоногоос хойш нийт 11 хүнийг баривчлаад байна. “Севол” хөлгийн багийн 29 гишүүний 20 нь ослоос амь гарсан боловч 11 нь цагдаад баривчлагдан байцаагдаж буй аж.
Мөн Өмнөд Солонгосын хууль хяналтынхан “Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Chonghaejin” компанийн албан газарт нэгжлэг хийж, удирдлагын багийн 70 гаруй хүнийг хилээр гарахыг нь 30 хоног хоригложээ. “Chonghaejin” компанийн удирдлагуудын эсрэг хууль бус аргаар ашиг олох зорилгоор албан үүрэгтээ хайнга хандсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Тус компани нь “Севол” гатлага онгоцыг Японоос худалдаж авсныхаа дараа тавцангуудын өрөөний тоог нэмэгдүүлсэн ба осолдсон хөлөг дээр хангалттай аврах завь байршуулаагүй зэрэг нь илрээд буй юм.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын албаныхан гатлага онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх сүмийг Ансан хотноо түр байгуулж, ар гэрийнхний уй гашууг тайлах ажлыг зохион байгуулжээ. Далайд осолдож живсэн “Севол” хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш нар зорчиж явсан юм.


