Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан 09.35 цагт  эхэллээ. Хуралдаанд 40 гишүүн оролцож байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдрийн асуудлаа хэлэлцэхийн өмнө МАН-ын гишүүн М.Энхболд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг яагаад хэлэлцэхгүй, байнгын хороо нь яагаад ирцээ бүрдүүлэхгүй байна вэ. Хуралд ирээгүй гишүүд яагаад хурал тасалснаа тайлбарлах хэрэгтэй” гэсэн горимын санал гаргав.

Энэ асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй учраас хойшилсон. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 19 гишүүнтэйгээс долоон гишүүн ирсэн. Үүнд МАН-ын гурав, “Шударга ёс” эвслийн хоёр, С.Дэмбэрэл болон миний бие байсан. Ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдааны ирцээ бүрдүүлж, асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой” гэсэн хариулт өглөө. Байнгын хороо хуралдаагүй учраас энэ төслийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэхгүй боломжгүй юм.

Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өмнөх шүүхийн шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд юм уу. Өмнө нь яагаад орж ирээгүй юм бэ. Шүүхийн шинэчлэлийн тухай хуулиудад анхаарал тавихгүй УИХ шууд орж ирснээр нь батлаад байгаа нь хэр зүйтэй вэ? Эрүүгийн хуулийг өнгөрсөн УИХ-д бүтнээр нь өөрчлөхөөр өргөн барьж байсан. Сүүлийн үед нотлох баримтгүйгээр бизнес эрхлэгчдийг хорьдог, байцаадаг асуудал их гарах болж. Тиймээс Эрүүгийн хуулиа хэсэгчлэн өөрчлөлт оруулах бус нэгдсэн журмаар, хүний эрх зөрчсөн асуудлыг нь өөрчлөх, шинэчлэх талаар байнгын хорооны хуралдаанаар ярилцсан уу” гэсэн асуулт тодруулга авлаа.

Энэ асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Шүүхийн шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд байгаа. Ер нь байнгын хороон дээр Засгийн газраас орж ирж байгаа хуулиудаас нэр томъёоноос эхлээд хүчний гэсэн нэртэй байгууллагыг хүчний биш, ард иргэдийн эрхийг хамгаалдаг байдлаар оруулж ирэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна” гэлээ.

Үүний дараа хуулийн төсөл тус бүрээр батлах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж, хуулийн төслүүдийг баталлаа. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ч мөн гишүүдийн олонхи дэмжиж байталлаа.  

Одоо чуулганы хуралдаанаар Хохиролыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж