
“Реал Мадрид” хамгийн сүүлд 2002 онд Аваргуудын лигийн финалд шалгарснаас хойш дахин шигшээд өрсөлдөөгүй. Тиймдээ ч энэ удаагийн боломжийг алдахыг хүсэхгүй байгаа нь лавтай. Харин “Байерн Мюнхен” аваргын цомоо хамгаалж, Европын тавцан дахь хамгийн нэр хүндтэй тэмцээний түүхэнд шинэ хуудас нэмэхийг хүсч буй нь гарцаагүй.
Буурал тивийн топ хоёр багийн тоглолтод “Байерн” бөмбөг эзэмшилтээр илт давуу байсан ч гоолын момент үүсгэж чадсан нь талбайн эзэд. Гэмтлээс эргэн ирсэн Криштиан Рональду Фабио Коэнтрауд дамжуулалт өгч, улмаар Коэнтрау Карим Бенземад хөндлөн дамжуулалт өгснөөр 19 дэх минутад талбайн эзэд тоглолтын эхний бөгөөд эцсийн, хожлын ганц гоолыг оруулсан юм. Хоёр багийн хариу тоглолт ирэх мягмар гаригт /IV.29/ “Байерн Мюнхен”-ий “Альянц Арена” цэнгэлдэхэд болно.
Хагас шигшээ шатны нөгөө учраа болох “Атлетико Мадрид” болон “Челси” багуудын хариу тоглолт харин дөрөвдүгээр сарын 30-ны лхагва гаригт Лондонгийн “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болох юм. “Атлетико”-гийн талбайд хийсэн тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн билээ.
Аваргуудын лигийн шигшээ тоглолт тавдугаар сарын 24-нд Португалийн Лиссабон хотноо болно.


