Герман АСЦ-аас татгалзах төлөвлөгөө бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Герман АСЦ-аас татгалзах төлөвлөгөө бэлтгэжээ

"Некарвестхайм" АЦС. Фото: AFP

Германы Засгийн газар атомын эрчим хүчнээс ээлж дараатайгаар татгалзах төлөвлөгөөг боловсруулсан байна. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гуравдугаар сард ажиллагааг нь зогсоосон долоон хуучин станцыг дахин ажиллуулахгүй гэнэ.

1980 оноос өмнө барьсан эдгээр долоон станцын хамт ажиллагааны доголдлоос болон 2009 онд түр зогсоогоод байсан "Крюммель" АЦС-ыг нэг мөр хаана. Германы нийт 17 атомын станцын үлдсэн есөн станцыг гурван ээлжээр гурав гурваар нь хаах ажээ. Энэ бүгдийн хажуугаар байгалийн хийгээр ажиллах есөн цахилгаан станцыг шинээр барин ашиглалтад өгөх гэнэ.

Атомын эрчим хүчнээс аль болох түргэн татгалзахын тулд Хүрээлэн буй байгаль орчины сайд Норберт Реттген (Norbert Rottgen) хуулинд өөрчлөлт оруулах гэнэ. Шинэ хуулийн төслөөр эрчим хүчний концернууд АЦС-ын ашиглалтад орсон хугацаанаас эхлэн хамгийн цаад хугацаа нь 27 жилээр хязгаарлагдан АЦС-ыг эзэмших эрхээ хураалгах ажээ. Тэр нь хуучин станцуудаас гадна харьцангуй шинэ АЦС-уудыг хаах боломжийг өгөх юм байна. Гэхдээ атомын эрчим хүчнээс  бүрэн татгалзах эцсийн хугацаа нь тодорхойгүй.  Германы эрчим хүчний концернууд АЦС-ыг эзэмших эрхээ хязгаарлуулахгүй, шүүхээр заргалдана гэдгээ мэдэгджээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж