Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ долоо хоногт хэлэлцэх гол хуулийн төслүүдийг нэг байсан. Гэвч өнгөрсөн мягмар гаригт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүй учраас Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал долоо хоногоор хойшлогдсон юм.
Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж буй УИХ-ын гишүүдийг дан дээлтэй болгох энэ төслийг хойшлогдсон гэхээсээ илүү гацаанд орсон гэхэд болно. Учир нь Ардчилсан нам доторхи үл ойлголцлоос болж, энэ хуулийн төслийг 2014 оноос хэрэгжүүлэхээр болсон нь асуудал дагуулаад буй. Хууль санаачлагчийн зүгээс "Давхар дээл"-ийн төслийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр тусгасан боловч хуулийн УИХ-ын чуулганы хуралдаан дээрх анхны хэлэлцүүлгийн явцад 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжихээр болж, эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн. Ингэснээр Засгийн газар огцорно, Засгийн газрын гишүүдийн тал хувь нь “дээлээ тайлна” гэх мэтчилэн олон таамаг дэвшүүлээд буй.
Эдийн засаг хүндрэлтэй үед Засгийн газар унах нь сөрөг нөлөөтэй гэдгийг эдийн засагчид төдийгүй, улстөрчид хэлж, анхааруулсаар байна. Тэгвэл хуулийг энэ оноос хэрэгжүүлэхгүйгээр, хууль санаачлагчийн оруулж ирснээр буюу 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх ямар боломж байна вэ?
Энэ тохиолдолд хууль санаачлагч хуулиа эргүүлэн татах, эсвэл хэсэгчлэн болон бүтнээр нь хориг тавьж болно. Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч явцад хуулиа эргүүлэн татах эрхтэй байдаг. Тодруулбал, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 17.1-т Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийнх нь өргөн барьсан хууль батлагдах явцад үзэл санаа нь өөрчлөгдсөн тохиолдолд хуулиа шууд эргүүлэн татаж авах боломжтой.
Харин дараагийн нэг боломж нь Ерөнхийлөгч өргөн барьсан хуульдаа хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих асуудал. Гэхдээ хамгийн боломжтой хувилбар нь хуулийн хэрэгжих хугацаан дээр буюу хэсэгчлэн хориг тавих магадлал өндөр байгаа юм. Хууль санаачлагчийн зүгээс хуулийн хэрэгжих хугацааг анх оруулж ирснээр нь батлагдахгүй бол хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх тухай УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд тодорхой заасан байдаг.
УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 31.1 Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор хэлэлцэнэ гэж заасан. Ерөнхийлөгчийн хоригийг нийт гишүүдийн хэдэн хувийн санал авсан тохиолдолд хоригийг хүлээж авах вэ гэдэг асуудал маргаан дагуулдаг. Тэгвэл энэ талаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.6-д "Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ" гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдийн гуравны хоёр нь буюу 66,6 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалт байдаг аж. Тэгэхээр "давхар дээл" тайлах төслийн хугацаа хэрхэн шийдвэрлэгдэж, хэзээ дээлээ тайлах вэ гэдэг нь АН-ын гишүүдээс ч, эвслийн гишүүдээс ч хамаарах асуудал. Сөрөг хүчний зүгээс хуулийн хэрэгжих хугацааг энэ ондоо хэлэлцэхийг дэмжиж, хурдхан сайд нарын "давхар дээл"-ийг тайлахыг хүсч байгаа. Харин энэ бүгдэд хамтран Засаг барьж буй АН, "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд бүгдээрээ нэг саналтайгаар кноп дарахгүй бол сайд нар энэ оны долдугаар сараас "дан дээл"-тэй болох боломж ойрхон байна. Энэ асуудал ямартай ч ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тодорхой хариулттай болох биз ээ.
Зүүлт: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль
31 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх
-31.1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
-31.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ.
-31.7.Хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
-31.9.Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.