Б.Болдбаатар: 14 давхар парламентын ордонтой болно

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Б.Болдбаатар: 14 давхар парламентын ордонтой болно

Төрийн ордны барилгыг "Нурах аюултай" гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан билээ. Сүүлийн хэдэн жилийн турш Төрийн ордны шинэ барилга барих асуудал УИХ дээр яригдаж байгаа ч хэд хэдэн удаа хойшлогдсоор ирсэн юм. Кувейт улсын буцалтгүй тусламжаар Төрийн ордны шинэ барилгыг барих тухай хүртэл яригдаж байсан ч ордон барих газар алга гэх асуудал босч ирж байсан.  Тэгвэл Төрийн ордон барих газрын асуудал шийдэгдэж,  хөрөнгө санхүүгийн байдлыг нь зохицуулах үлджээ. Шинэ ордны талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодрууллаа.

-Төрийн ордны шинэ барилга барих газар олдохгүй байна  гэж байсан ч ажлын хэсэг хаана барихаа шийдвэрлэсэн гэж байна. Шинэ ордонтой болох ажил ямар шатандаа явна вэ?

-Парламентын шинэ ордон бариулах талаар УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд парламентын ордныг одоогийн ордны ард талын цэцэрлэгт барих санал гарсан байдаг. Гэвч зарим нэг гишүүдийн зүгээс Төрийн ордны ард талын цэцэрлэгийг байхгүй болгож, шинэ ордон барих нь буруу гэдэг санал гарснаас барилгын ажил түр хугацаагаар зогсоод байсан. Харин энэ асуудалд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, энэ ажлын хэсгээс шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судлан, Төрийн байгуулалтын байнгын  хороонд оруулаад байна.

-Нэг тэрбум төгрөгөөр барилгын зураг төсвийг хийсэн гэж бас шүүмжлүүлж байсан. Өмнөх зургаар уу, эсвэл шинэ зураг төслөөр баригдах уу?

-Тэр зураг ерөнхийдөө хэвээрээ  байгаа. Зураг хийсэн компани нь Кувейтын талтай хамтарсан Монголын "ТИ Эн Жи" гэдэг компани байгаа. Харин Кувейтын талаас "Дараш  күй инженеринг консалтинг" гэж компани байгаа. Зураг дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Одоо төлөвлөж байгаа парламентын  барилгын төлөвлөлтөд ордны цэцэрлэгийн ар талын саадны гуравны нэг орчим зайд баригдахаар байгаа. Харин энэ саад ямар төвшинд байгааг бид судалж үзсэн юм. Ингээд нийслэлийн холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаад, саадны ихэнх хэсэг нь дахиж сэргэхээргүй хөгширсөн мод бут байгаа, мөн цэцэрлэгт тийм ч олон мод бут тариагүй гэх мэдээлэл авсан. Тиймээс бид барилга бариагүй сул байгаа хэсэгт нь цэцэрлэгээ сэргээж засварлая, дээрээс нь Төрийн ордны баруун зүүн талын автомашины зогсоолыг ногоон байгууламж болгоё гэж ярилцсан. Ногоон байгууламжийн доод талд 2-3 давхар автомашины зогсоол барихаар төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, ордны орчмын ногоон байгууламжийн хэмжээ хорогдохгүй, харин ч нэмэх тооцоо судалгаа хийж гаргасан. Үүн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Төрийн ордны шинэ барилгыг Төрийн ордны ар талд барих нь зүйтэй юм гэдэг чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн байгаа.


-Кувейт улсын буцалтгүй тусламжаар барина гэсэн. Барилга барих төсвийн хөрөнгө нь нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үнэ өссөн, инфляцийн төвшин нэмэгдсэн гэх мэтээс үүдээд Төрийн ордныг шинээр барихад зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн.

-Кувейтын талаас 12 сая ам.долларын тусламж үзүүлэхээ хэлсэн. Тэгэхээр үүнээс илүү гарч байгаа мөнгийг  яах вэ. Манай улс өөрсдөө гаргана гэсэн үг үү?

-Энэ 12 сая дээр багагүй мөнгө нэмэгдэх тооцоотой байгаа.  54 сая орчим ам.доллар болох байх. Тиймээс бид ордон барихад  нэмэгдэх хөрөнгийн хэмжээг нэмэх талаар Кувейтын талтай ажлын шугамаар харьцаж байна.

-Зураг төсөл бол бэлэн, санхүүжилтээ л хүлээж байна гэсэн үг үү?

-Зураг төсөл эцсийн байдлаар гарсан. Компани нь шалгарчихаад байна. Одоо Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.  Хамгийн гол нь санхүүжилтийн асуудлыг шийдчихвэл Төрийн ордны барилга барих гүйцэтгэгчийн шалгаруулах компанийг ажил үлдэж байна. Одоогийн энэ Төрийн ордны барилга 1951, 1961, 1981, 2006 онуудад л барилгын ажил хийгдсэн байдаг юм. Үүнээс 1951, 1961 онд баригдсан хуучин хэсгүүд нь газар хөдлөлтийн улаан пасторт авчихсан байгаа юм. Товчхондоо, газар хөдлөлт болбол нурж унах аюултай болсон гэсэн үг. Тийм учраас энэ ордны барилгыг дахин төлөвлөж, хуучин барилгынх нь хэв загварыг хадгалан, шинэчлэх нь зөв. Төрийн ордон маань эрсдэлтэй барилгын тоонд багтчихаад байна шүү дээ.

-Барилгын ажил хэзээнээс эхлэх боломжтой вэ, урьдчилсан тооцоо гаргасан уу?

-Санхүүжилтээ шийдчихвэл гүйцэтгэгчийн тендер явуулснаар үндсэн ажил эхэлнэ. Энэ хавраас эхний ажлуудаа явуулж эхлэх төлөвлөгөө бол бий.

-Шинэ ордныг хэдэн давхар байхаар тооцоолсон бэ. Мөн ордныг барьж дуусах хугацааг хэдэн жил гэж тоцоолсон бол?

-Хугацааны хувьд тендерээс шалтгаална. Харин шинэ ордны барилгыг 14 давхар байхаар тооцоолсон. Шинэ ордон байнгын хороо, чуулганы танхимтай байхаас гадна гишүүн бүрийн өрөөг нэг хэмжээтэй байхаар тооцоолж буй. Одоо манайд нэг зовлон байдаг юм. Миний өрөө хоёр цонхтой, нар руу харсан байна. Бусдаасаа алслагдмал байна гэх мэт зүйл ярьдаг. Дээрээс нь туслах, зөвлөхүүдийн өрөө гэж тусдаа байдаггүй. Бүгд нэг дор бөөгнөрчихдөг. Ордны гуравдугаар давхар уг нь коридор юм. Гэтэл  үүнийг нь хаагаад албан тасалгаа болгочихсон байгаа шүү дээ. Ийм байгууллага ордноос өөр газар байхгүй дээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж