Хөгжлийн банкинд аудит оруулах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкинд аудит оруулах хэрэгтэй гэв

“Чингис”, “Самурай” бондын ил тод байдлын талаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, Эдийн засагч Д.Хосбаяр нар мэдээлэл хийж, бондын зарцуулалт, үлдэгдэл тодорхой биш байгааг шүүмжилсэн юм.

Энэ талаар эдийн засагч Д.Хосбаяраас тодрууллаа.

-Бондын зарцуулалтаар Хөгжлийн банкныхан сүүлд хэвлэл мэдээллийн байгууллагатай зангиагүй уулзалт хийж, мэдээлэл өгсөн шүү дээ. Чухам аль асуудал тодорхойгүй гэж үзэж байгаа вэ?

-Хөгжлийн банкнаас өгдөг мэдээлэл тодорхой бус, бид задаргааг нь авч үзье гэхээр харуулдаггүй. Засгийн газраас арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 30 тэрбум иений Самурай бондын үлдэгдэл одоо яг хэд болохыг тодорхой нийтэд мэдээлэхгүй байна. Чингис бондын хувьд гэхэд хэдэн аж ахуйн нэгжид хэдий хэмжээгээр зээл олгосон, зарцуулж буй хөрөнгийн хэмжээ, болон бондын эргэн төлөлт тодорхойгүй байна. Бондын хөрөнгөөс санхүүжилт авсан МИАТ л ганцхан эргүүлэн төлсөн гэж сонслоо. Бусад нь сураггүй байна. Мөн Чингис бондын үлдэгдэл хөрөнгийг аль банкинд хэдэн хувийн хүүтэй хадгалж байгааг нийтэд ил тод болгох ёстой. Бас Чингис бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөл гэж бий. Тэнд Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, өөр бодлого тодорхойлох төвшний газруудын удирдлагууд багтдаг. Чухам хэн тэрхүү зөвлөлд байдаг гэдгийг тодорхой болгоогүйгээс хэнээс бондын талаар асуух, хэнд хандах нь ойлгомжгүй байгаа шүү дээ. Тиймээс бид бондын хөрөнгийн зарцуулалт, үлдэгдлийг ил болгож, Хөгжлийн банк болон бондын хөрөнгөөр хийсэн төсөлд аудит хийлгэх, Чингис бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөлд багтдаг хүмүүсийг зарлахыг шаардаж байна.

-Бондын зарцуулалт үр ашиггүй гэж үзэж байгааг тодруулаач?

-Бонд бол ирээдүйгээсээ зээлсэн өр гэсэн үг шүү дээ. Гадаад өр гэхэд 19 тэрбум 210 сая долларт хүрчихээд байна.  2023 онд Монгол Улс ирээдүйгээсээ зээлсэн өрийг төлөх гэж том асуудалд орохоор байна. Бондын зарцуулалтыг анхнаасаа үр ашигтай төслүүдэд хуваарилах ёстой байсан. Нэгэнт л өр юм болохоор хурдан хугацаанд үр ашгаа өгөх төслөө эхлээд санхүүжүүлэх байтал замын уулзвар, засвар, дэд бүтцэд оруулж байгаа нь оновчгүй. Эхнээсээ дааж давшгүй өрийн дарамтанд орох нь байна. Үүний оронд үйлдвэрлэлийг эхнээс нь дэмжих ёстой байсан. Одооны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ханшийн зөрүүнээс ч алдагдал хүлээж байна.

-Долларын зөрүүнээс алдагдал хүлээхгүй гэж Хөгжлийн банкныхан мэдэгдсэн шүү дээ?

-Энэ бол буруу ойлголт. Доллараар авсан гадаад өр Монголын эдийн засагт төгрөгөөр  эргэлдээд буцаад банкны системээр дамжаад валют болон гарахад одооны ам.доллартай тэнцэх төгрөгийн ханшны өсөлтөөс зөрүү хохирол амсах нь тодорхой. Өнгөрсөн жилийн байдлаар аж ахуйн нэгжүүд зээлийн хүүний төлбөрөөс 570 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээлээ. Долларын зөрүүнээс болж маш олон компаниуд алдагдал хүлээж байна. Хувийн хэвшлүүд 13 тэрбум 600 орчим сая долларын өртэй байгаа. Хувийн хэвшлийн олон команиуд цаашдаа үүд хаалгаа хаах байх.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж