Нийтийн тээврийнхэн чууллаа

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн чууллаа

Улаанбаатар хотод том оврын автобусаар үйлчилгээ эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд хамтран “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” сэдэвт чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү чуулганыг ирэх тавдугаар сарын 9-нд 60 жилийн ойгоо тэмдэглэх “Автобус-1” Орон нутгийн өмчит үйлчилгээний газраас санаачлан зохион байгуулсан юм. Нийтийн тээврийнхний анх удаа нэгдэн зохион байгуулж буй энэхүү чуулган нь өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэн ярилцаж, ирээдүйд баримтлах бодлого, хөгжлийн гарцыг тодорхойлохоороо онцлогтой. Мөн чуулганаар нийтийн тээврийн салбарыг тогтвортой ухаалаг тогтолцоотой болгох, хүн бүрт үйлчилгээ үзүүлэхийн тулд хамгийн түрүүнд зам маршрутаа зөв зохицуулах, төр хувийн хэвшлийн түншлэл сайжруулах гэх мэт олон асуудлыг чуулганаар хөндөн ярилаа.

Нийтийн тээврийн салбарт хамгийн чухал нь хууль эрх зүйн орчин байдаг гэнэ. Гэтэл манай улсын энэ салбарын эрхзүйн орчин нь тодорхойгүй, тогтсон хууль тогтоомж байдаггүй. Нийтийн тээврийг  иргэдэд үйлчилдэг бус харин улстөр,  бизнесийн эрх ашиг, нэр төр олохын төлөө ашиглаж байгаа нь хөгжлийг чөдөрлөх хамгийн том шалтгаан гэдгийг Автобус компаниудын удирдлагууд чуулганы үеэр онцолж байлаа. Нийтийн тээвэр бол ашиг хонжооны хэрэгсэл биш, харин улс орон, нийслэл хотын өрсөлдөх чадвар, эдийн засгийг чадавхжуулах нэг тулгуур үндэс гэж үзэх цаг болсныг дурдаж байлаа. Тиймээс  төр засгийн зүгээс онцгой ач холбогдол өгч алсын хараа, нэгдсэн бодлого чиглэлтэй хөгжүүлэхээр хуульчлах хэрэгтэй байгааг чуулганд оролцогчид, компанийг төлөөлөн илтгэл тавьсан хүмүүс хэлж байлаа.

Чуулганы хэлэлцүүлгийн дараа нийтийн тээврийн салбарынхан хийх шинэчлэл, шийдвэрлэх асуудлаа нэгтгэн дүгнэх юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж