Томилолтын бүрэлдэхүүнд багтсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хувьд Монгол Улсын Засгийн газраас зарлаж, тодруулсан “Импортыг орлох, экспортыг дэмжих” төслүүдэд багтсан томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах цементийн үйлдвэр, мөн аймгийн нутаг дахь “Хөх цавын цемент, шохойн үйлдвэр”, “Монцемент” болон Цагаан суваргын зэс, молибдений баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Хийт” бетоны үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, “888”-ын хүрээнд санхүүжилт олгох боломжтой эсэхийг нүдээр үзэх байлаа.
Монгол үйлдвэрлэгчдийн өөрийн болон өөрийн боломжоор төвлөрүүлсэн хөрөнгөөрөө бүтээн байгуулж буй үйлдвэрүүдийн ажлын явц нэн эрчимтэй, ашиглалтад орсны дараа улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргаанд томоохон дэм болохуйц импортыг орлох төслүүд юм. Үйлдвэрлэлээ эхлүүлэхэд шаардлагатай хэмээн илгээсэн цементийн төслүүд “888”-д багтсан томоохон бүтээн байгуулалтын төлөөлөл юм. Үйлдвэрүүд ашиглалтад орсноор 2015 он гэхэд манай улс цементийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэх тооцоо байна. Төслүүдийн талаар товч танилцуулъя.
“Хийт” бетоны үйлдвэр
Налайхын дэнжийн элсний ордыг түшиглэн байгуулсан энэ үйлдвэрийг “Монголын алт” корпораци байгуулж байна. Энэ оны долдугаар сард үйлдвэрлэл нь эхлэх эл төсөл ашиглалтад орсноор нэг м.кв бетоныг 600 төгрөгөөр худалдах ба Улсын төсөвт жил бүр 7.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Улмаар өдгөө манай барилгын үйлдвэрлэлд дийлэнхдээ ашиглаж буй чанарын шаардлага хангахгүй хөөсөн бетон, тоосго зэрэг ханын дүүргэгч материалуудыг орлох, үнийн өсөлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой.
Үйлдвэрийг ашиглах дэд бүтцийн хангамжийн хүрээнд цахилгааны дэд станцын шугамын ажил 90 хувьтай, төмөр замаас үйлдвэр рүү салаалах 1.1 км замын зөвшөөрөл авсан, түүний барилга угсралтын ажлууд 85-100 хувь, усны шугам угсралт 100 хувь, усан сангийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэйгээр тус тус үргэлжилж байна.
“Гермес гахиур” компанийн цементийн үйлдвэр
Импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөлд багтсан. Хүсч буй зээлийн хэмжээ нь 35 тэрбум төгрөг.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билгүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн, жилдээ 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий хуурай аргын үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буй. Өндөр туршлага бүхий монгол инженерүүдийн баг MNS974:2008, MNS3091:2008 стандартыг хангах чанартай цемент үйлдвэрлэснээр зам гүүр, нисэх онгоцны талбай болон даацын бетоны найдвартай материал болох аж. Энгийн хэрэглээний болон тусгай зориулалтын олон нэр төрлийн цемент үйлдвэрлэх боломжтой.
Үйлдвэрийн дэд бүтцэд зориулан 11.7 км хайрган хучилттай зам, 1.4 км төмөр замыг байгуулж ашиглалтад хүлээн авсан ба шохойн чулууны ордын нөөц, ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар батлуулсан, үйлдвэрийн талбайд 50 тонны багтаамж бүхий шатахуун түгээх станц, 100 ажилчны түр байр байгуулж, ашиглалтад оруулсан байна.
“Хөх цавын цемент, шохойн үйлдвэр”
Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад өгөхөөр бэлтгэж буй тус үйлдвэр жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх аж. Төслийн нийт өртөг 351.6 сая ам.доллар. Хэрэгжүүлэгч “Монголын алт” корпорациас илгээсэн төсөл “888”-д мөн багтсан ба 284.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч байгаа юм.
Ашиглалтад орсноор 700 гаруй ажлын байр шинээр бий болгож, Улсын төсөвт жил бүр 43 тэрбум төгрөг, цаашлаад төслийн 2-р ээлж ашиглалтад орсноор 85 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх юм байна. Мөн цементийн дотоодын хэрэгцээний 30-40 хувийг хангаж, эхний ээлжинд 120 сая ам.долларын валютын гадагш урсгалыг зогсоох тооцоо гарчээ.
Үйлдвэрийн дэд бүтцэд зориулан 68 км урттай 110 кВ-ын өндөр хүчдэлийн агаарын шугам, дэд станц, усан хангамжийн 6.4 км шугам сүлжээ болон төмөр замын “Олон овоот” өртөөнөөс төслийн талбай хүртэлх 1.9 км төмөр зам байгуулж, Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа юм байна.
“Монцемент” үйлдвэр
Алт олборлолтын “Монполимет”-“Сэнж Сант” компанийн байгуулж буй тус үйлдвэрийг 2015 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Импортыг орлох, экспортыг дэмжих” хөтөлбөрт мөн төслөө илгээсэн ба нийт 182 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч буй юм.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр улсын цементийн хэрэгцээний 30 хувийг хангах ба 500 орчим шинэ ажлын байр бий болгох аж. Үйлдвэр ашиглалтад орсны дараа 4-5 жилийн дотор нийт зардлаа нөхөх тооцоо гаргасан бөгөөд жилдээ мөн 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Улмаар Монгол Улсын барилгын салбарыг шохойн чулуунцар, цементээр 170-аас дээш жилийн хугацаанд тогтвортой хангах нөөцийн үнэлгээ гарчээ.
Цагаан суваргын зэс, молибдений баяжуулах үйлдвэр
Томилолтын бүрэлдэхүүний зүгээс өндөр үнэлгээ авсан бүтээн байгуулалт бол Цагаан суваргын зэс, молибдений баяжуулах үйлдвэр байлаа. Үндэсний хөрөнгө оруулагч, монгол инженер, ажилчдын байгуулж буй баяжуулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 1120 хүнийг ажлын байраар хангаж, улс, орон нутгийн төсөвт жил бүр 178.7 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх, улмаар экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг тогтворжуулах бодит хөшүүргийг уг төсөл бий болгох юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар ба 6.6 жилийн хугацаанд зардлаа нөхөх тооцоо гаргасан байна.