Үүний дараа тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг шинээр батлагдсанаар эмийн зохицуулалтын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж боловсронгуй болох, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахыг зохицуулах, чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тодруулга авч, саналаа илэрхийлсэн.
Тухайлбал, эм нэг талдаа өвчин эдгээх ч нөгөө талдаа хор байдаг. Тиймээс хуурамч, чанаргүй, баталгаагүй эм хүний эрүүл мэндийг яаж хохироодогт анхаарал хандуулах ёстойг гишүүд хэлж байлаа. Аль ч улсад чанаргүй, баталгаагүй, хуурамч эмйн зах зээл байдаг. Тиймээс иргэд эм эсвэл хор ууж байна уу гэдэгт хяналт тавьж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэдгийг гишүүд сануулав. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхи нь Засгийн газраас өргөн барьсан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас чуулганы хуралдаанд шилжүүллээ.