
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама газар нутгийн маргаанаас болж Хятадтай түнжин хагараад буй Азийн орнуудыг зорьжээ. АНУ-ын төрийн тэргүүний энэ удаагийн Азийн айлчлалд Өмнөд Солонгос, Малайз, Филиппин, Япон улсууд багтсан байна. “Цагаан ордон”-оос мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалын гол зорилго нь Хятадын хүчирхэгжилтэд бэлтгэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудал багтсан байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайнаас болж сэв суусан Өмнөд Солонгос, Япон улсуудын харилцааг сайжруулахад анхаарах гэнэ. Үүний зэрэгцээ Барак Обама тус улсуудтай эдийн засгийн харилцаа холбоогоо нэмэгдүүлэх асуудлыг орхигдуулахгүй аж. Айлчлалынхаа үеэр Барак Обама Японы Ерөнхий сайд Шинзо Абетай оройн зоог барьж, Өмнөд Солонгос, Малайз, Филиппиний төрийн тэргүүнүүдтэй харилцан уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Барак Обама Азийн орнуудын айлчлалаа өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын түр зогсолтын улмаас хойшлуулаад байсан юм. Түүний айлчлал энэ дөрөвдүгээр сарын 23-29-ны хооронд үргэлжлэх аж.
Б.АНХТУЯА