Тайланд улстай хамтарч сургалт хийхээр болов

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Тайланд улстай хамтарч сургалт хийхээр болов

Тайландын Вант Улсад энэ сарын 20-23-нд ажлын айлчлал хийж байгаа Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тус улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны Төслийн албаны дарга, ноён К.Киттитай уулзаж, Тайландын Вант Улсын Эрхэмсэг Гүнжийн ивээл дор Монгол Улсад  хэрэгжиж буй төслийг цаашид үргэлжлүүлэх, төслийн хүрээг  өргөтгөх талаар ярилцав. К.Китти “Үдийн хоол” төслийг Монгол орны алслагдмал 4 сумын сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.

Мөн дэд сайд Тайланд улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /ТАИКА/ Ерөнхий захирал, хатагтай Т.Сушада, “Банпу Коал” ХХК-ны Ерөнхий захирал Ч.Думронг, Монгол Улсын Өргөмжит консул Т.Вивит нартай ажил хэргийн уулзалт хийв. Энэ үеэр  Монголын ГХЯ-ны 10-15 залуу дипломат ажилтанг АСЕАН, АСЕМ, АПЕК зэрэг бүс нутгийн олон улсын байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх богино хугацааны сургалт энэ оны 9 дүгээр сард Тайландад зохион байгуулахаар ТАЙКА-гийн удирдлагатай тохиролцлоо.

Дэд сайд Д.Ганхуяг Тайланд улсын нэр хүнд бүхий Таммасатын их сургуульд зочилж, Монгол Улсын өнөөгийн байдал, гадаад бодлогын талаар лекц уншиж, Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан тэндхийн “Прачачарт Туракет” сонин, зарим телевиз, мэдээллийн байгууллагуудын сурвалжлагч нарт ярилцлага өгөв.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж