“Терминатор” эхнэрээсээ салав

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

“Терминатор” эхнэрээсээ салав

Холливудын түүхэнд нэрээ мөнхөлсөн жүжигчин, нэгэн үе улстөрөөр “оролдож”, саяхан улстөрийн карьераа төгсгөсөн Арнолд Шварценеггер болон сэтгүүлч, зохиолч Мария Шрайвер нар 25 жилийн хамтын амьдралаа эцэслэжээ. Энэ талаар “ЛА Таймс” сонинд мэдээлсэн байна. Хосууд 1986 онд гэрлэж, Катерин /21 настай/, Кристина /19/, Патрик /17/, Кристофер /13/ гэх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон юм. Харин хэдэн долоо хоногийн өмнөөс тэд тусдаа амьдрах болж, Мария Калифорн мужийн Брентвудэд байрлах тансаг харшаа орхин, нүүсэн гэнэ.

Арнолд, Мария нар салалтынхаа тухай албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. “Бидний хэн хэнийх нь хувьд хувь хүний болоод ажил мэргэжлийн шилжилтийн үе ирээд байна. Сайтар бодож, ярилцсаны эцэст бид хамтдаа энэ шийдвэрт хүрсэн. Одоохондоо бид тусдаа амьдарч, цаашдын харилцаа, холбоондоо анхаарч байна. Гэхдээ бид хүүхдүүдийнхээ эцэг, эх хэвээр байх болно. Хэн хэнийх нь хувьд хүүхдүүд маань амьдралын гэрэл гэгээ, утга учир байдаг. Бидний зүгээс болон найз нөхөд, гэр бүлийнхэн цаашид энэ асуудлаар ямар нэг мэдээлэл өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймээс хэвлэл, мэдээлэл, олон нийт бидний хувийн асуудлыг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Өдгөө 63 настай Арнолд Шварценеггер Калифорн мужийн захирагчаар улиран сонгогдож, хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад, өнгөрөгч нэгдүгээр сард албан ажлаа хүлээлгэн өгсөн юм. Харин түүний эхнэр, экс-ерөнхийлөгч Жон Кеннедигийн зээ охин Мария Шрайвер NBC телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж