
Тэгвэл төрийн өндөр алба хашиж буй 239 албан тушаалтны 2013 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газраас гаргаснаар УИХ-ын 76 гишүүнээс 14 нь хувьдаа автомашингүй, ажлаа албаны машинаар амжуулдаг болж таараад байна. Энэ жагсаалтад УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Одонтуяа, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг нар багтжээ. Цахим ертөнцөд шуугиан тарьж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн “Алдарт бенз” өнгөрсөн оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусаагүй нь 2014 оны эхээр худалдаж авсантай нь холбоотой бололтой.
Гэхдээ Монголын топ баячуудыг цаг ямагт өнгөлж ирсэн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар автомашингүй байгаа нь хамгийн их анхаарал татаад байна. Парламент дотор нэг хэсэг нь унах унаагүй түрээсийн ч юм уу машинаар хөл залгуулан “зүдэрч” явахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Наранхүү нар тус бүр долоон автомашинтай болохоо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Сайн байна. Оффшор дансаа мэдүүлээгүйгээс болж УИХ-ын гишүүн С.Баярцогт УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдсөн. Тиймээс шинэхэн гишүүдийн хувьд Хөрөнгө орлогоо бодитоор мэдүүлэх нь зөв үзэгдэл биз.
Мөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хамгийн олон малтай нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Малын тоо толгой нь 4020-д хүрсэн нь өмнөх оныхоос 200 гаруй толгойгоор өссөн үзүүлэлт юм байна. Тэгвэл хурдан удмын адуугаа 109-д хүргэснээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү бусдыгаа тэргүүлсэн бол УИХ-ын дэд дарга М.Энхболд хоёрт жагсана. Тэрээр хурдан удмын 50 морь, 250 адуутай гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү 420 адуутай хэмээн мэдүүлжээ.Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж 356 гахайтай юм байна.
Түүнчлэн унах унаагүй түшээдийн тоонд багтаж байсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтнүүд 2013 онд олсон орлогоороо бусдыгаа тэргүүлж байна. Тухайлбал, сайд Л.Болд 33 тэрбум 139 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 3 тэрбум 70 сая төгрөгийн орлого олжээ. Б.Гарамгайбаатар гишүүн 1 тэрбум 27 сая төгрөгийн орлоготой байсан байна. Өмнөх жил нь 566 сая төгрөгийн орлого олж байсан Б.Гарамгайбаатар гишүүний хувьд 2013 онд орлогоо 1.27 тэрбумд хүргэсэн нь бизнес нь ажилттай байсан бололтой.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд өөрийн орлогоороо 76 гишүүнээс хоёрт эрэмбэлэгдэх ч 2012 онд олсон орлоготой нь харьцуулахад 1 тэрбум гаруйгаар багассан байгаа юм. Учир нь тэрээр 2012 онд 4.2 тэрбум төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2013 оныход 3.7 тэрбумыг орлого олсон байгаа юм.
Тэгвэл хамгийн бага орлого олсон нь УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нар байна. Сайд Л.Гантөмөр 2012 онд 244 сая төгрөгийн орлоготой байсан бол 2013 онд 18.5 сая төгрөг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2012 онд 317.8 сая төгрөгийн орлого олж байсан бол 2013 онд 19.7 сая төгрөгийн орлого, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 820 сая төгрөгийн орлого олж байсан бол 2013 онд 19.7 сая төгрөг болж буурсан нь “Хямралд огцом” өртжээ гэж дүгнэж болохуйц байгаа юм.
Ийнхүү УИХ-ын гишүүдээс зарим нь өөрийн орлогоо нэмэгдүүлж чадалгүй буулгасан байхад хямралд үл ажран өрхийн орлогоо хэд дахин өсгөж чадсан сэргэлэн түшээ байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон бол УИХ-ын гишүүн С.Баярцогт 975.3 сая төгрөгийн орлого олжээ. Өнгөрсөн 2012 оныхтой нь харьцуулахад өрхийн орлого нь өссөн байгаа юм. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн З.Баянсэлэнгийн өрхийн орлого 6 саяаас 90 саяд хүрч, чамгүй амжилттай байжээ.