Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Хан-Уул дүүргийн Шувуун фабрик тосгоны 26 сургуулийн багш А.Эрдэнэтуяатай уулзаж цөөн хором ярилцлаа.Тэрбээр боловсролын байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа юм.
– Боловсрол, шинжлэх ухааны яамнаас та бүхэнд хүүхэд бүрийг хөгжүүлэх том үүрэг өгсөн гэж болно. Шинэчлэлийн бодлого хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Үнэхээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байна уу?
– Хүүхдүүдийнхээ чадварыг зөв судлаад, хүүхэд бүрийн чадвар, сонирхолд нь тулгуурласан сургалт явуулж чадвал тийм боломж байна. Хүүхэд чадвартаа тохирсон зүйлийг түвэггүй, бас дуртай хийдэг. Хийсэн зүйлээ чадсан учраас хүүхэд урамшаад амжилтаа ахиулаад явдаг. Тэгэхээр хүүхэд хөгжүүлэх бүрэн боломжтой.
– Өөрийнх нь чадварт тохируулсан зүйл хийлгэнэ гэж юу гэсэн үг вэ?
– Хүүхэд бүр өөр. Удаан ойлгож хурдан мартдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Жишээ нь хүүхдүүдэд хугацаа өгч байгаа юм. Өөр өөр даалгавар өгөхийн зэрэгцээ тэр даалгавраа биелүүлхэд нь харилцан адилгүй буюу нэгэнд нь хоёр, нөгөөд нь таван минут өгөх жишээтэй. Гол нь л хүүхэд тухайн хичээлээ ойлгож, даалгавраа бүрэн гүйцэтгэх нь чухал учир тэдэнд хатуу даалгавар, хатуу цаг тулгах нь буруу. Харилцан адилгүй хугацаа авч даалгавраа хийсэн ч тухайн хүүхэд өөрөө хугацаандаа юмаа хийснийхээ дараа “Би үүнийг чадчихлаа” гэсэн урам ордог. Урам зориг, өөртөө итгэх итгэл бол хүүхдийг хөгжихөд хамгийн том хөшүүрэг болдог.
– Тэгвэл таны өөрийн хүүхэд бүрийг хөгжүүлдэг хамгийн гол арга юу вэ?
– Би хичээл эхлэхийн өмнө хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэх, суух сонирхлыг төрүүлэх, сэтгэхүй хөгжүүлэх дасгалууд тогтмол хийлгэдэг. Тухайлбал хүүхдүүддээ эмх замбараагүй хүснэгтлээд биччихсэн цаас өгнө. Тэгээд эгшиг үсгүүдийг хөхөөр, гийгүүлэгчүүдийг нь шараар будаарай гэхээр бүгд ялгаад будчихна. Тэгэхээр будаж байхдаа л үсэгнүүдээ нүдлээд, тогтоочихдог. Дараа нь хөхөөр будсан үсэгнүүдээ шараар будсантайгаа нийлүүлээд үг бүтээх даалгавар өгнө. Хүүхдүүд маань үүнд их дуртай. Тэгээд нэг ч бай үг бүтээсэн хүүхэд түүнийгээ дахиж мартдаггүй. Энэ мэтээр ой тогтоолтыг нь сайжруулах дасгал үргэлж хийлгэдэг.
– Монгол хэл, уран зохиолын хичээлд хүүхдүүд их дуртай байдаг. Тэгэхээр энэ хичээлүүдийг бусад хичээлтэй уялдуулж зааж, ойлгуулж болох уу? Жишээ нь математик ч юм уу?
– Болно. Би хичээлээ яг тэгж заадаг. Хүүхдүүд Монгол хэлний хичээл дээр нэг эх үзлээ гэж бодоход тэр нь хүн орчин, математикийн хичээлтэй уялдаж болдог. Жишээ нь Монгол хэлний хичээл дээр гол, ус эх нутгийн талаар шүлэг, зохиол заалаа гэж бодоход хүн орчин хичээл дээр тэдгээр газар усны байршил, хэмжээг заагаад өгчихнө. Дараа нь математикийн хичээл дээр жишээ нь, сэлэнгэ мөрний урт тэд, туул голын урт тэдээр богино гэх мэтчилэн хариу гарах өгүүлбэртэй бодлого бодуулдаг. Энэ мэтээр хичээл хоорондын залгамж холбоог зохицуулахаар хүүхэд бүх талаараа ойлголттой болно. Хоёрдугаарт хуучин бол нэг цаг Монгол хэл ороод, араас нь шууд математикийн даалгавар 40 минут бодуулаад сүүлд нь дуу хөгжим ордог байсан. Эцэст нь хүүхэд аль ч хичээлээсээ бүрэн ойлголттой үлддэггүй байсан. Одоо бол хичээлээ ингэж уялдуулж заахаар тухайн хичээлийг бүх талаас нь үзсэн хүүхэд бүрэн ойлгож, мартдаггүй.
– Ингэж хичээл бүрийг уялдуулах нь хүндрэлтэй юу? Зарим тохиолдолд боломжгүй мэт санагддаггүй гэж үү?
– Боломжтой гэж бодоод хийвэл бүгд боломжтой. Боломжгүй гэвэл боломжтой юм нэг ч үгүй. Би одоо бараг нэг хичээлийн жилийн турш энэ аргаараа хичээл орлоо. Хүүхдүүд маань хичээлдээ сонирхолтой болоод, амжилт нь ахиж, дэвшээд харин ч бүр урамтай болоод байгаа. Хааяа бас амьдралтай нь холбоно. Жишээ нь, үдийн цайндаа иддэг нэг жигнэмэг тэдэн төгрөгийн үнэтэй. Тараг нь тэдэн төгрөг. Тэгэхээр манай ангийн 25 хүүхэд нэг өдөрт хэдэн төгрөгөөр хооллож байна вэ? гээд л бодуулчихна. Их амархан шүү дээ. Бүр тооны хичээлдээ би худалдааны бодлого гэдэг хэсэг оруулж өгсөн. Дэлгүүрт ороод юу худалдаж авах вэ? хэдэн төгрөгөөр авах вэ? нийт хэдэн төгрөг болох вэ? гэх мэтчилэн. Энэ тооцоог гаргахын тулд хүүхэд худалдаж авах бүтээгдэхүүнийхээ нэрийг мэдэх хэрэгтэй. Тэр бүтээгдэхүүнийхээ нэрийг яаж бичих вэ? гээд л. Ингээд эргээд л бусад хичээлтэйгээ холбогдож байгаа юм. Хүүхдүүд амьдралдаа ойр байгаа зүйлсийг мэдэж байдаг болохоор түвэггүй хариултыг нь олно. Хариултыг нь бодож олно гэдэг маань тухайн хүүхэд нэмж, хасч, үржүүлж, хувааж сурч байна л гэсэн үг шүү дээ.
– Энэ бүхнийг эртнээс эхлэх боломж байгаагүй юу?
– Өмнө нь багш бол яамнаас ирэх шалгалтад л бэлдэж ажилладаг байлаа шүү дээ, хатуухан хэлэхэд… Тэрнээс биш хүүхэд бүр хөгжиж байна уу? гэдэгт анхаарах сэтгэл зүрх байвч цаг зав нь хүрдэггүй байсан. Хүүхэд гүйцэд ойлгоно уу, байна уу хамаагүй заах хичээлээ хугацаанд нь зааж тайлагнах л үүрэгтэй байсан. Харин одоо бол би дааж авсан гуравдугаар ангийн хүүхдүүддээ энэ жил олгох ёстой мэдлэгийг нь олгохын төлөө л явна. Жишээ нь би тоо, Монгол хэлний хичээлээ хэзээ, хэдэн цагаар яаж заахаа өөрөө шийднэ. Гол нь хүүхдүүд маань хичээлээ бүрэн гүйцэд ойлгосон, сурсан байх ёстой.
– Та бүхэнд эрх олгоод, тэр дагуу заах аргаа өөрчлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Хүүхдэд бүрт ямар ахиц гарч байна вэ?
– Яамнаас Авьяас, Ном гээд хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь манай ангийнхан бүгд ном уншдаг болсон. Ном уншихаар хүүхдүүд маань унших, ярих, ойлгох чадвар нь нэмэгдсэн. Мөн алдаагүй бичдэг болсон. Ингээд үр дүн гараад эхлэхээр нь би хүүхдийн ахицын дэвтэр гаргаж, тогтмол тэмдэглэж ирсэн. Энэ дэвтрээ эргээд харахад намар уншихдаа муу,их алдаатай бичдэг байсан хүүхэд өнөөдөр маш сайн уншдаг, дээр нь өөрөө бяцхан өгүүллэг зохиогоод ном хүртэл бүтээж байна. Энэ бол том ахиц шүү дээ. Мөн манай анги дотроо номын сан, номын санчтай. Сургуулийнхаа тэргүүний уншигч анги, алдаагүй бичигч анги болсон. Жишээ нь би хүүхдүүддээ нэг сэдвийн зураг өгдөг. Тэр зурган дээр хоёр хүүхэд тоглож байгаа, эсвэл голын ус бохирдсон, хог урсаж байгаа гэх мэт үйл явдал гардаг. Тэгээд хүүхдүүд маань тэр зургийг хараад өөр өөрсдийнхөөрөө жижиг өгүүллэг зохиосон. “Ухаарсан найзууд” “Батаа Энхээ хоёр” “Хүү, охин хоёр” гэх мэтчилэн өөрсдөө нэр өгөөд зохиож бичсэн. Бичсэн эх дотор нь үг үсгийн алдаа гарна. Түүнийг нь зааж өгөөд, урмын үг хэлэхэд л хүүхэд дахиж тэр үгээ алдахгүй болчихдог. Тэгэхээр хүүхэд үнэхээр хөгждөг. Хөгжихдөө өөрийн бүтээлээрээ, өөрөө хийж л хөгждөг юм байна. Багш бол чиглүүлэхэд л хангалттай.
– Бага ангийн хүүхдүүдэд хатуу дүн тавихгүй. Үгэн үнэлгээгээр үнэлдэг болно гэж байгаа. Энэ зөв үү?
– Үгэн үнэлгээ бол маш зөв. Хүүхдэд урам зориг өгдөг. Жишээ нь хүүхэд нэг алдангуут нь чи алдчихлаа гээд муу дүн тавьдаг. Түүний оронд чи үүнийг л чадчихвал бүгдийг чадаж байна гэхээр хүүхдүүд улам хичээдэг. Би ер нь чадах юм байна гэдэг итгэл төрж, улам хичээлдээ дуртай болж байна. Бага ангийн хүүхдүүдийг бүр балчираас нь чи онц, чи муу гэж ялгах нь хожмын хөгжилд тун хортой байж.
– Мөн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг БШУЯ-аас шинэчлэн баталсан. Журмаар сайн үр дүн гаргасан буюу хүүхэд бүрээ хөгжүүлж чадсан багш л цалин дээрээ урамшуулал нэмж авахаар зохицуулсан гэсэн. Таны бодол үүн дээр ямар байна?
– Багшийн ажлыг таван үзүүлэлтээр үнэлж байгаа. Нийтээр нь харвал багшийг хүүхдүүдтэй л ажиллуулах журам. Хүүхдийн төлөвшил, эрүүл мэнд сурлага гээд бүх зүйл багтсан. Тэгэхээр багшаас өөрөөс нь л шалтгаалах зүйл байгаа юм. Ер нь бол хийж чадаж байгаа нь л өндөр цалин авна гэдэг бол шударга ёс.
– Шинээр хэвлэгдэх сурах бичигт багш нараас санал авдаг болж байгаа гэсэн. Багшийн санал чухал уу?
– Чухал байлгүй яах вэ. Бид түүгээр чинь л дамжуулж хүүхдэд мэдлэг түгээж байна шүү дээ. Багш бүрээс янз янзын дэвшилтэт санаа гарна шүү дээ. Хүүхэдтэй ойр сэдвүүдийг л сурах бичигт түлхүү оруулах хэрэгтэй. Тэгээд утга найруулга, үг үсгийн алдаа, хичээл хоорондын залгамж холбоог сайжруулах гээд багшийн зүгээс хэлэх олон зүйл бий. Энэ бол их чухал ажил.
– БШУ-ны сайд Л.Гантөмөр энэ жил Нийслэл, хөдөө орон нутгийн бараг бүх сургуулийн багш нартай уулзаж, шинэчлэлийн бодлогоо танилцуулсан. Та тэр уулзалтад оролцсон уу?
– Оролцсон. МҮЭСТО-д 1000 гаруй багш цугласан. Бид тэр үед сайдад хүүхэд бүрийг хөгжүүлэхээ амлсан. Өмнөх сайдууд яг ингэж бүх багш нараа цуглуулж уулзаж байгаагүй байх шүү. Эсвэл би мэдээгүй өнгөрсөн байж магадгүй. Хамгийн гол нь бодлого тодорхой байвал багш нарын юу хийх нь тодорхой болно. Тиймээс л одоо хүүхэд бүрийг хөгжүүлж болоод байгаа хэрэг шүү дээ.
– Та бусад залуу багш нартаа зөвлөөч. Багш хүн ямар байх ёстой вэ?
– Багшийн хамгийн гол зорилго бол нэгдүгээрт, хүүхдийн амьдралд хамгийн ойр зүйлсээр, тэдний мэддэг сонирхдог зүйлсээр нь дамжуулж хичээлээ явуулах юм. Хоёрдугаарт зааж байгаа хичээлүүдээ хооронд нь уялдаа холбоотой байлгах хэрэгтэй. Хичээлээс гадна сэдвүүдийг хооронд нь холбож болно шүү дээ. Гуравдугаарт, хүүхэд бүрийн ээж шиг, аав шиг, найз шиг байх хэрэгтэй. Хүүхэд гэртээ болж байгаа зүйлсийг багшдаа итгээд ярьж чадаж байвал та жинхэнэ багш. Учир нь та хүүхдээ ойлгохыг эрмэлздэг, үнэн сэтгэлээсээ түүнд туслахыг хүсдэг хүн юм гэж ойлгох хэрэгтэй. Эцэст нь бага насны хүүхдийн итгэл зоригийг багшийн ганц хатуу үг л цааш нь түлхдэг шүү гэдгийг үргэлж бодож явах хэрэгтэй дээ.
3а ангийн сурагч Г.Ган-Эрдэнэ: Би ном “бичиж” чадна– Багш нь та хэдийг бүгдээрээ ном бүтээсэн гэсэн. Чи ямар ном бүтээсэн бэ?
– Би “Хүү ухаарсан нь” гэдэг ном бүтээсэн.
– Яаж бүтээсэн бэ?
– Багш бид нарт модны мөчир дээр савлуурдаж тоглож байгаа хоёр хүүхдийн зураг өгсөн. Тэр зургийг харж байгаад…
– Өөрөө зохиосон гэж үү?
– Тийм.
– Яагаад ийм нэр өгсөн юм бэ. Бичсэн өгүүллэгээ яриад өгөөч?
– Нэг хүүхэд модны мөчрөөс олс унжуулаад савлуур тоглож байгаад хугалчихсан. Гэтэл нэг найз нь ирээд чи яагаад мод хугалж байгаа юм бэ? Энэ моднууд хугарвал усгүй, агааргүй болно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүү ухаарч, ойлгосон…
– Чи үүнийгээ гэртээ “өөрөө бичсэн” үү?
– Үгүй ангидаа…
– Чи дахиад бичиж чадах уу?
– Тийм. Би ном бичиж чадна.