-Нэг удаа би хуучнаар Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр урлагийн үзлэгийн шалгаруулалтад оролцчихоод буцаж явсан чинь автобусны буудал дээр Сараа зогсч байдаг юм байна. “Чи энд юу хийж яваа юм бэ” гэсэн чинь “Багш аа, би энд сурч байгаа. Санхүүгийн тооцоо, бүртгэлийн ангид” гэнэ үү. “Яах гэж яваа юм. Нягтлан болох гэж байгаа юм уу. Санхүүгийн ажилтан болох гээ юү. Үгүй ээ, тэгж болохгүй. Чи яв” гээд… Мань эр өмнө нь “Баянмонгол” чуулгатай хамт уралдаанд оролцоод түрүүлсэн байхгүй юу. Би түүнд “За чи, Г.Хайдав багшид очиж шалгуул. Чамд дуучин болох “материал”, бүх юм байгаа шүү. Миний дүү хичээгээрэй” гэж хэлээд уралдаанд оруулсан. Т.Ариунааг 52 дугаар дунд сургууль төгсөхөд Б.Галмандах багш нь надад “Өвгөөн, миний “хэмжээ” дууслаа. Аравдугаар ангийг нь төгсгөлөө. Т.Ариунааг дуучин болгомоор байна” гэж хэлсэн. Тэгээд Т.Ариунааг аав нь хөтөлж ирсэн. Багш нь надтай холбоо барьж, Улсын филармонид шалгууллаа. Радиогоор “Арван зургаан нас” гэдэг дуу нь явдаг 52 дугаар сургуулийн Т.Ариунаа гэж нэртэй байсан юм чинь “Энэ хүүхэд оролцох гэж ирлээ, авъя” гээд авсан юм. Тэр жилдээ Т.Ариунааг сургуульд явах гэхэд ёстой явуулаагүй. “Тайз гэдгийг үз, микрофон барьж сур, алхаж сур, хүний өмнө гарч сур. Тэгж байж яв” гээд нэг жилийн дараа түүнийг Болгарын Хөгжмийн дээд сургуульд явуулж байлаа. Тухайн үед Улсын филармонийн захиргаа тодорхой бодлого барьж байсан. Оюунчимэгийн, Төмөрийн дараачийн үе хэн бэ. Арван жилийн дараа хэн гарч ирэх вэ, дороос нь бэлтгэе гэж. Тэгээд таван хүүхэд сургуульд явуулснаас дөрөв нь төгсч ирсэн. Т.Ариунаа төгсч ирэнгүүтээ “Соёл эрдэнэ” хамтлагт байж байгаад дараа нь бие даасан уран бүтээлч болсон юм.
-“Соёл эрдэнэ” хамтлаг, “Баянмонгол” чуулгатай таны амьдрал салшгүй холбоотой. Тэдний үүх түүхийг Д.Ухнаа гуайгаас өөр ярих хүн ховор гэцгээх юм билээ?
-Ер нь ярина шүү. Би “Соёл эрдэнэ”-ийг ой хагастай, “Баянмонгол”-ыг хоёр “настай” байхад нь хүлээж авсан. Тухайн үед 18-19-тэй хүүхдүүд байсан шүү дээ. Одоо 40 гарсан улсууд бий. “Соёл эрдэнэ”, “Баянмонгол” чуулгын бүх хүүхдийг нэртэй, удамтай нь, төрөл төрөгсөд, ах дүүтэй нь мэднэ. Уран бүтээлүүд нь миний толгойд байдаг. Нэгэн үе “Камертон” шиг л байлаа, “Соёл эрдэнэ”. “Баянмонгол” чуулга ч ялгаа байхгүй. Эднээр Монголын ард түмэн хэсэгтээ л хүмүүжсэн, цэнэглэгдсэн. Тэд маань бас нэгэн үеийг сэргээн босгосон юм. 1971-1972 оны үед л юмдаг. “Соёл эрдэнэ”. “Баянмонгол” чуулгыг анх гарч ирж байхад нь хөрөнгөтний дуу дуулдаг, энэ тэр гэдэг байлаа. Хаашаа явах уу, яах урлаг, соёл юм, хаанахын дуунууд дуулаад байна вэ, тэр чиглэл, жанр нь мөн үү, биш үү гэж хандаж байсан удаа ч бий. “Соёл эрдэнэ” бол Монголын рок, поп урлагийн үндэс суурийг яах аргагүй тавьсан хамтлаг. Харин “Баянмонгол” чуулга жааз оркестрын анхдагч нь биш юм шүү. Улсын циркт 1941 онд жааз хөгжмийн хамтлаг байгуулагдсан. “Баянмонгол” чуулга долоо дахь нь шүү дээ. Өнөөдрийг хүртэл тэд ажиллаж, амьдарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Яг ийм л бүтэцтэй оркестр дэлхийд байдаг. Хаа ч адилхан. Нэг сонин түүх өгүүлье л дээ. “Баянмонгол” чуулга 1983 он буюу ганцхан жилийн дотор 155 удаа тоглолт хийж байсан удаатай. Нэг сард арван удаа тоглож байжээ. “Соёл эрдэнэ”-ийн тухайд 1983 онд 166 удаа тоглосон. Улсын филармониор жишээ аваад үзэхэд тэр үед 566 удаа тоглож байлаа. Ингэж л ажиллаж байлаа, ийм л ачаалалтай байсан юм.
-Улсад хэчнээн төгрөг оруулж вэ. “Соёл эрдэнэ”, “Баянмонгол” чуулгынхан сард хэдэн төгрөгийн цалин авдаг байсан юм бол?
-Олон улсын дуучдын “Хөх Монгол” тоглолтыг 1972 онд би санаачилсан юм. Түүнээс хойш 268 дуучин оролцож, 278 удаа тоглолт хийсэн байдаг. Дэвтэрт тэмдэглэснээр бол тэдгээрийг 236 мянган үзэгч үзэж, 11 сая төгрөгийн орлого олж байжээ. 1977-2004 он хүртэл шүү дээ. “Соёл эрдэнэ”, “Баянмонгол”-ынхон сард 500 орчим төгрөгийн цалин авдаг дундаж цалинтай хүмүүс байсан. Урлагийн байгууллагад хамгийн өндөр цалинтай нь 750 төгрөг авдаг хүмүүс л байлаа шүү дээ. Ийм хэмжээний цалинг ерөнхий удирдаач, нэгдүгээр хөгийнхөн авдаг байсан.
-Тоглолттой гээд л хөгжмөө ачиж, дуучдаа аваад машинтайгаа хот, хөдөөгүүр давхидаг байсан байх. Ер нь ямаршуухан хүнд нөхцөлтэй тулгарч байв даа?
-“Соёл эрдэнэ” хамтлаг анх гарч ирж байхдаа “Битлз” шиг байсан. Тэдний араас “Өргөө”, “Айзам”, “Инээмсэглэл” зэрэг зөндөө хамтлаг гарч ирсэн. “Соёл эрдэнэ”-ийн үед 40-өөд хамтлаг байсан юм билээ. Тус хамтлаг хөдөөд цахилгаан хөгжим гэдэг юмыг анх үзүүлсэн. Ер нь хөдөөгүүр явж байхад “Битлз”-ийнхэн ирсэн юм шиг суман дээр ч бужигнаад л, аймагт болохоор хаалга үүд эвдчих гээд, хүмүүс морь, мотоцикль, машинтай даган сумаас сум дамжиж тоглолтыг нь үздэг байлаа. “Өргөө”, “Айзам” хамтлагууд шинэ учраас нэг их явж чаддаггүй байсан юм. Тэд хотод л тоглодог байсан бол улсаа тойроод явдаг нь “Соёл эрдэнэ” хамтлагийнхан байв. Улсын филармонийн орлого, үзвэрийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд “Соёл эрдэнэ”, “Баянмонгол” чуулга асар их үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл, тэднийг хүн их үздэг. Гадаад хэргийн яамны хажуу дахь муужгайн байшин байна шүү дээ. Энд л хүмүүс тоглолт үздэг байлаа шүү дээ. Нийтдээ 250 суудалтай танхимд япон хөгжим тавьчихаад Монголд эстрад хөгжим хөгжүүлнэ гээд л. Тэр үеийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад маш урт зам туулж, багагүй зүйл бүтээжээ. Тийм ч учраас “Соёл эрдэнэ” хамлагийг шинэ ба дунд үеийнхэн хүндэтгэж явдаг. Өнөөдөр тус хамтлагийн буурийг сахиад тугийг нь мандуулж, тамгыг нь барьж байгаа улсууд бий. Том Жагаа байна. Б.Цолмон 35-36 жил бөмбөрөө тоглож байна. Ч.Насантогтох байгаа. Зууны манлай “Соёл эрдэнэ” хамтлагаас нэг ардын жүжигчин, найман гавъяат төрсөн. Ийм хамтлаг Монголд байхгүй ээ. Анхны “Алтан пянз” ч “Соёл эрдэнэ”-ийнх. Бас 1000-аад дуутайгаараа анхдагч нь болсон хамтлаг шүү дээ. “Шалзат баахан шарга”-ыг рок дуурь хэлбэрээр Монголд анх тоглосон. “Зургаа дөчин тав, зургаа дөчин тав” нь ч гэсэн манай анхны хип хоп дуу байхгүй юу. Миний санаж байгаагаар “Соёл эрдэнэ” хамтлаг нийтдээ 20-иод зүйлээр анхдагч болсон байдаг. Их ажил аа даа, энэ чинь. Тэгэхээр урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхжүүлэх хамтлаг яах аргагүй мөн өө дөө.
-Залуу хүмүүс л юм чинь хөгтэй, сургамжтай явдлуудтай бишгүй л учирч байх даа?
-Тэр тийм чухал гэж үү. Урын сан нь ямар байсан юм гээд сонирхолтой биш үү. “Тамхигүй болоод шаварт суучихлаа” гэдэг чинь биш байхгүй юу. Тэд уран бүтээлээ өөрсдөө найруулж, дуулдаг байсан. Англи дуу, амрагийн дуу, эх орны болон намын дуу дуулна. Ийм хамтлаг байдаггүй л байхгүй юу. Харж байна уу. “Камертон” ямар намын дууг дуулсан юм бэ. Тэгэхэд “Соёл эрдэнэ” урын сандаа ийм олон дуутай. Гэтэл одоо хамтлагууд нэг концертонд амрагийн арван дуу дуулаад л дуусгачихаж байна. Тэнд нутаг алга байна, шүлэг алга байна. “Соёл эрдэнэ” шиг бүхэл бүтэн 36 жил уран бүтээлээ туурвиад явж байгаа хамтлаг байна уу. Лав л “Битлз” тэгээгүй, “Бони М” тэгээгүй, “АББА” ч бас.
-Гэхдээ “Соёл эрдэнэ”-ийн зарим дуучин маш эмгэнэлтэй хувь тавиланг тууллаа шүү дээ. Ихэнх нь ертөнцийн мөнх бусыг үзсэн. Зарим нь гавъяат аваагүйдээ гутарч, архи ууж байгаад орцонд нас барсан гэдэг шүү дээ?
-Тэр худлаа. Шар сонины үг. Та нар тэгж бичээд ирэхээрээ л дэмий шүү.
-Та өглөө утастдсан ч ажилтай, үдэш ярьсан ч завгүй гэх юм. Таньгүйгээр болж, бүтдэг ажил гэж байна уу. Өнөөдөр л /өчигдөр/ гэхэд орос дууны наадам зохион байгуулах гэж байна гэсэн байх аа?
-Наадам биш. Наадам гэж олон хүн цугладаг арга хэмжээ шүү дээ. “Русская мелодия” нэртэй “Орос дууг хэн сайн дуулах вэ?” уралдааныг мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулахаар болсон нь энэ. Оросын сан, Монголын концертын төв, 25 дугаар телевиз, “Улаанбаатар” чуулга зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна. Нэгэн үе орос дуу дуулдаггүй хүн байдаггүй байлаа. Дуулдаггүй улс гүрэн ч байдаггүй байлаа шүү дээ. Энэ сайхан аялгуу, хөгжим, дэлхийн болон Оросын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон олон сайхан дууг дуулах ёстой. Сүүлийн үед манай мэргэжлийн дуучдын урын санд орос дуу ерөөсөө байхгүй болсон. Нийтийн дуу, аав минь, ээж минь, нутаг минь, хайрт минь гэх мэтээр дуусчихаж байгаа юм. Хурдан темптэй дуу гэж алга. Ганц концертод 28 удаан дуу орж байх жишээтэй. Тэгээд 3-4 цаг тоглодог. Ийм учраас урын санг нь орос дуугаар баяжуулах зорилгоор энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна. Миний мэдэхээр орос дууны уралдааныг 1977 оноос эхлэн зохион байгуулсан. Хэчнээн олон жил өнгөрсөн гэж санана. Үүний тал хувьд нь би оролцжээ. Би 1977 онд дөнгөж сургууль төгсч ирснийхээ дараа хөтлөгчөөр ажиллаж байсан. Гардан зохион байгуулсан минь гэвэл 8-9 удаагийнх байна.
-Хэчнээн уран бүтээлч оролцох вэ?
-Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн театр, чуулгын уран бүтээлчид, ардын авъяастнууд гээд 98 хүн бүртгүүлсэн.
-Дан мэргэжлийн дуучид уу?
-Тийм ээ, мэргэжлийн дуучид. Гэхдээ болзол байгаа. “Хэрвээ та өөрийгөө чадварлаг дуулж чадаж байна гэж үзэж байгаа бол мэргэжлийн дуучинтай дүйцнэ. Айх юм байхгүй. Аваргыг ялж аварга болдог юм гэж бодож л байгаа бол та оролцож болно” гэж. Ерөнхийдөө сайн дурын уран сайханчид ч оролцох боломжтой. Тэд дуурийн дуучидтай адилхан л дуулна. Нэг юм болдог, дараа нь “Өө, мэргэжлийн дуучдыг шалгалаа, та нар” гэдэг. Ийм зүйлийг хүлээж авахгүй шүү. “Хохь чинь шүү” гэж би хэлж байгаа, тухайлбал. Уралдааны санаачлагч нь УИХ-ын гишүүн Д.Арвин. Гэхдээ энүүхэндээ хэлэхэд эрхэм гишүүнд ямар ч холбогдолгүй асуудал. Салбарынх нь ажил биш, улс төр биш. Оросын сайхан аялгуунуудад дуртай жирийн л нэгэн бүсгүй. “Та зохион байгуулаад өгөхгүй юү” хэмээн надад хандсан л даа. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ сарын 7-ны өдөр эцсийн шалгаруулалт болно. Өнөөдөр /өчигдөр/ эхний шалгаруулалтыг хийхээр болсон. Нэгдүгээр байр эзэлсэн дуучин 500 мянган төгрөгийн шагналтай. Дөрвөн минут дуулаад л ийм хэмжээний мөнгө авна гэдэг бол том шагнал. Орос дуутай болъё гэж зарим аймгийн театр, чуулгынхан ирж байгаа юм шиг байна лаа.
-Ухнаа гэхээр л уралдаан, тэмцээн зохион байгуулж буй дүр тань санаанд буудаг. Бас хэчнээн ч удаа тайзан дээр гарав даа?
-Би уралдаан, тэмцээн явуулах хоббитой. Тэдгээрийг зохион байгуулна гэдэг их ажил л даа. Явдалтай, ядаргаатай гэх үү дээ.. Хамгийн сүүлийн буюу 151 дэх уралдааныг Багануурт зохион байгуулсан нь “Боржигоно мину зээ” нэртэй эстрадын залуу дуучдын улсын уралдаан Орос дууны наадамтайгаа нийлээд 152 уралдаан явуулсан болж таарах нь. 1976 оноос өнөөг хүртэл шүү дээ. Хэрвээ Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар миний санаачилгыг хүлээж авах юм бол энэ сарын 10-нд комбайнч, тракторч, тариаланчдын дунд “XX зууны 25 дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг зохион байгуулах гэж байна. Ургацын баяр нь тохиож байгаа юм л даа. Тэр үеэр поп, рок дуучдын олон улсын тэмцээнийг хөдөөд анх удаа зохион байгуулна. Миний зохион байгуулсан уралдаанд гурван настай хүүхдээс эхлээд 70 настай хөгшид хүртэл оролцдог.
-Ингэхэд та мэргэжил, мэргэжлээр нь ангилаад л уралдаанаа зохион байгуулчихдаг юм уу?
-Тийм шүү. Худалдагч, эмч, багш, жолооч, нисгэгч, бөхчүүд, офицерүүд, тэр байтугай компанийн захирлуудын дунд төрөл бүрийн уралдаан зохион байгуулдаг. “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Багшийн алдар”, “Суман цагаан хөлөг”, “Дуунд дуртай компанийн захирлууд дуулж байна” гэх мэт өвөрмөц нэртэй уралдаанууд бий.
-Жишээлбэл, “Хүрэн хаалгатай дэлгүүр”-т ямар мэргэжлийнхэн хамрагдах вэ?
-Худалдагч нар оролцдог. Үүгээр ч зогсохгүй орос, хятад, турк, солонгос дууны уралдааныг хөдөөд зохион байгуулдаг гээд тоочиж баршгүй л дээ.
-Нэг жилд хэчнээн удаа уралдаан зохион байгуулж дээд амжилт тогтоосон бэ?
-Энд байна /Нөгөө дэвтрүүдээ заав. сурв/. Жагсаалтаар он, сар, өдөртэйгөө. 2005 онд гэхэд л таван уралдаан зохион байгуулсан байна. Өнгөрсөн онд энэ тоо найм болж нэмэгдсэн жишээтэй.
-Та тэр нэрсийг өөрөө бодож олдог уу?
-Өөрөө бодож ололгүй яах вэ. Надад хэн хэлэх вэ, энэ чинь. Анхны жентельмэн, сайхан хосыг шалгаруулж байсан юм байна. “1960-1970-аад оны дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг залуучуудын дунд зохион байгуулж байлаа. Залуус дуулаг л дээ. “Амрагийн дуу”, тэр сайхан “Өргөн Сэлэнгэ”, “Орь залуу нас”, “Ээждээ” дуу хаа байна. Ерөөсөө байдаггүй. Бас нэг сонин ажил бол 1000 хурандаа, дэд хурандаагийн баяр хийсэн. Улсын циркт тэрхүү арга хэмжээг зохион байгуулахад бүгд дүрэмт хувцастайгаа, бөөн одон медальтай улс л ирж байлаа. Надад 78 настай нэгэн хурандаа дараа нь хэлж байсан юм. “Ухнаа минь, их баярлалаа. Миний хувцас 19 жил эвхээтэй байсан. Тэгээд үхэх л юм бодож байлаа. Дүрэмт хувцсаа өмсөх газар байхгүй. Гудамжинд ямар өмсөөд явалтай биш. Баяр, наадамд биднийг урихаа больсон. Ёстой л эвхээтэй нь дуусах юм бодсон. Миний хувцсанд салхи оруулж өглөө” гэж. Та “Мянган эмээгийн баяр” гэж сонссон уу. Их сонин арга хэмжээ бий. Эмээ хаа байдаг вэ. Галын өрөөнд, хог цэвэрлэдэг, хүүхэд авдаг, хоол хийдэг л ажилтай, өөрийг мэдэхгүй. “Өвөөгийн баяр” хийдэг. Өвөө юу хийдэг вэ. Хаалга онгойлгож өгдөг, сонин уншдаг, ач, зээгээ цэцэрлэгээс нь авдаг. Тэгж ярих юм бол залуучууд аа, хүүхдийг чинь тэд өсгөөд, одоо нохойг чинь өсгөж байгаа шүү. Тэгээд л хөөрхий эмээ, өвөө нарт ямар ч хөдөлгөөн байдаггүй. “Ээж ээ, Мартын 8” гэчихээд та нар яваад өгцгөөдөг.
-Ээжийн сайхан дуу, “Амрагийн дуу”-ны энд хүрэхээр дуу одоогийн нийтийн дуунд байна уу?
-Байхгүй гэж хэлж болохгүй л дээ. Ер нь тэгэхдээ 1950-1970-аад он бол манай нийтийн дууны оргил үе байсан. Ямар мундаг яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидтай байсан гэж санана. Ийм учраас 40-50 жил дуулуулж байна. Өнөөдөр дуулаад байгаа дуунууд хэдэн жилийн настайг бид хэлж мэдэхгүй. CD дээр л үлдэх байлгүй. Хамгийн харамсалтай нь, монгол аялгууг их эрлийзжүүлж байна. Энэ бол аюул. Төрөлхийн сайхан хоолойтой монголчууд маань хачин хачин эрлийзжсэн дуу дуулаад хүүхдүүдийн хоолой хэцүүдлээ. Дандаа хагас хоолойгоор дуулдаг. Өнгөө гаргахгүй байна. Европт арван хүн дотор дуулдаг хоёр л хүн бий, бусад нь чадахгүй. Манайд арван хүн байлаа гэхэд арвуулаа дуулна. Тэдгээрээс найм нь сайн дуулдаг. Хоёр нь бүр гайхалтай. Ийм л авъяастай байхгүй юу. Тийм учраас монгол аялгуу, монгол хөгжим, монгол шүлгээр “амьсгалмаар” байна. Энэ сайхан дуунуудынхаа хүрээнд олон уралдаан явуулсан. Соёл, урлагийн их сургуулийн багш нар их мэрийдэг. Эстрадын дууны ангид “Өргөн Сэлэнгэ”-ийг өгч байна. Эстрадын дуу биш шүү дээ. Гэхдээ сураг, мэдэг. “Ямар гоё дуунуудтай байсан юм бэ” гэж бэлтгэл ангийнхан, хоёр, гуравдугаар курсынхэн хэлдэг шүү дээ. Өнөөдрийн дуунууд ч яах вэ дээ. Цагийн юм цагтаа дуулагдана. С.Жавхлан, Т.Баясгалан нар сайхан дуулж байгаа. Сайхан дуутай хүүхдүүд. Яах юм, эд чинь тэр дуунуудаа дуулахаас өөр яах ч юм билээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!