
Түүний төрсөн дүү, Баянгол сумын 2 дугаар багийн харъяат С.Цэрэнжав хэмээх өдгөө 90 насыг зооглож буй ч ануухан нэгэн хөгшин Арвайхээр суманд амьдарч байна. Түүнтэй уулзаж нэрт жүжигчин, найруулагч, кинонд дуу оруулагч ахынх нь тухай товчхон хөөрөлдлөө.
– Та ахынхаа болоод өөрийнхөө бага насны тухай хуучлахгүй юу?
– Бид эцэг эхээс гурвуулаа. Би дээрээ нэг эгч, нэг ахтай байсан. Дээр үеийн айлууд өртөөгөөр аймаг дамжаад их явдаг байж л дээ. Эцэг эх минь Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул хүмүүс боловч өртөөгөөр байнга явдаг, тэгж явахдаа Ховдоос Архангайд ирээд бид гурвын төрүүлсэн гэдэг. Ахыг Архангайн Өгий л гэсэн санана, тийм газар, намайг Борхонд гэх газар төрүүлж байсан. Намайг 3 настай байхад нутагтаа нүүж ирж байсан гэж ээж минь хэлдэг байсан юм. Тэр үед сургууль соёл гэж байгаагүй. Харин тангад номыг ганц нэг хүмүүст шавь ороод сурдаг байлаа. Манайхтай нэрийг нь санадаггүй, нэг төрийн түшмэл хүн айл байдаг байв. Тэр хүнээр ахад Тангад ном заалгъя гэж аав маань хэлж байсан ч ах дургүйцэж “би өөр ном сурна” гээд гэрээсээ бараг л оргодол босуул маягтай явчихаж байсныг би сайн санадаг юм. Чухам хаана хэнийд очсоныг бүү мэд.Тэгтэл жилийн дараа ах маань хүрээд ирлээ /аймгийн улаан буланд дуучин, кино механикчаар ажиллаж байжээ. Сур/. Тэгснээ “би Улаанбаатар орж Улсын төв театрт ажиллана” гээд манай тэндхийн Буян гэх морин хуурчтай дахиад л яваад өгдөг юм байна. Дахиад л сураг чимээ байдаггүй. Ижий минь “нөгөө хүүхэд хааччихав аа” л гэж үе үе асууна. Аав барагтай бол дуугарахгүй. Захидал харилцаа ч бий болоогүй байсан цаг. Хэвлэл мэдээлэл гэж бүр байхгүй. Морин өртөө л гэж холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг ганц холбоо байлаа. Тэгээд бараг хоёр жилийн дараа бас нэг морь уначихсан ирдэг юм. Ансамблийн дарга /Улаанбаатарт үлгэр жишээ дунд сургууль, Цэргийн төв сургууьд суралцсан байна. Сур/ болсон л гэж байна. Ганц хоёр хонов уу, үгүй юу дахиад л явчихсан. Сураг байдаггүй. Гэтэл гэрээс 12-13 орчим настай байхдаа гарсан хүн чинь 21-22 той болчихсон нэг ирэв ээ. Ачаатай морьтой, цэргийн дарга нарын өмсдөг байсан донхойсон том малгай толгой дээрээ тавьчихсан ирсэн. Тэгэхэд л Орос явж сурсан /1950 онд Орост Театр урлагийн дээд сургууль төгсчээ. Сур/ юм гэнэ билээ. Аав “цэргийн дарга гээч нь болсон юм гэнээ. Сайхан Орос л болоод ирж” гэж улсуудад дахин дахин ярьж байсан юмдаг. Тэгж нэг ирчихээд буцахдаа ижийг Улаанбаатар үзүүлнэ гэж аваад явав аа. Ижий минь эхнэр санаатай дэргэр үстэй авгай байсан. Улаанбаатар орж үзчихээд ирэхдээ “хүү минь нисдэг тэрэг нэртэй юманд суугаад тэнгэрийн шувуу шиг нисээд явчихлаа” гэж ярьж байсан. Чухам яах гэж суусан, хаашаа явсаныг ч бүү мэд. Оросод нэлээн хэдэн жил болсон байх.
-Бараг арваад настайгаасаа л бие даан эрдэм номын мөр хөөж дээ? Хэдэн онд төрсөн хүн бэ?
-Оныг нь мэдэхгүй юм. Дээхнэ он сар гэж байдаггүй байлаа. Надаас 4-5 орчим насаар ах байсан. Анх гэрээс гараад явж байхад нь би 7-8 настай л байсан юм даг. /АЖ С.Гэндэн гуай 1915 онд төржээ.Сур/
– Та ахынхаа тоглосон дүрийг анх ямар киноноос харж байсан бэ, тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?
– “Та нар гучин хэдэн киноноос миний дүрийг харна” гэж хэлдэг байсан юм. Тэр үед кино чинь дөрвөлжин цагаан даавуун дээр л гардаг байлаа. Ах нэг ирээд явахдаа “та нарт ажил мэргэжлээ үзүүлнээ” гэж хэлсэн юм даг. Гэтэл нэг өдөр хүрээд ирлээ. Хуурч Буян бас нэг хүн, гурвуулаа нэг жаахан ачаатай тэмээ хөтлөөд морь уначихсан ирсэн. Нэг нь кино гаргадаг, нөгөө нь хөгжим дардаг хүн гэнэ. “Нар жаргахаар кино гаргана. Хүмүүст хэлээрэй” гэж багачуудаар ийш тийш нь зар тараалгаад орой нь кино гаргах юм боллоо. Тэгсэн чинь дөрвөлжин цагаан даавуун дээр хүмүүсийн дүрс гараад, дуу хоолой нь сонсогдоод байдаг. Настай улс “энэ чинь юу гээч болоод байна вэ, чөтгөр юм биш биз” гэцгээгээд нэлээн эвгүйцэж байсан санагддаг юм. Тэр киноноос би шороотын Цэвээн гэх нэр л сайн тогтоож авлаа. Харин бягтруул гэх дугуй хайрцагтай зүйлийг их сонирхож байв. Хавтгай дугуй юман дээр зүү хатгачихаад нөгөөх нь эргэлдээд сайхан дуулаад байдаг. Хүмүүс их гайхаж дугуй хайрцган доторхи хүн нь хаана байна, яаж багтав гээд л дээгүүр доогуур нь шагайгаад харцгааж байсан. Тэгж анхны кино, дуу хөгжмийг сонсож байлаа. Түүнээс хойш олон жил болж, би ч айлын хүн болоод хүүхэд шуухад гаргачихсан байлаа. Манай хүүхдүүдийн эцэг нэг удаа кино үзэж ирээд “даавуун дээрээс Гэндэнгийн бараа харагдаад алга боллоо. Яг дүрээрээ байсан” гэсээр л ирж билээ.
Нэг удаа ах минь ирээд “миний дүү хэдэн мал сахиж байхаар хот үз” гэхэд нь би дуртай нь аргагүй явлаа. “Намайг Оросоос ирэхэд энэ байрыг өгсөн” гээд Улсын төв театрын дэргэд хоёр өрөөтэй байранд дагуулаад очлоо /Төрийн ордны арын арктай байр. Тухайн үед “Ухаантны шар” хэмээдэг байв.Сур/ . Очоод байж байтал Шороотын Цэвээн гэгч хүн ороод ирдэг юм. Анх үзсэн кинон дээр гарч байсан хүн байна гээд их сонирхож байсан сан. Архинд дуртай бололтой. Ах маань архи авч өгөхөд нэлээн согтчихож байсныг сайн санадаг. Бас бүдүүн Дамдинсүрэн /хөгжмийн зохиолч Д.Дамдинсүрэн/ гээд нэг хүн байнга ирж надаар тоглоом тохуу хийнэ. Ер нь ахынхаар олон сайхан жүжигчид /Төрийн шагналт зохиолч Э.Оюун, урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Д.Чулуун, Д.Чимэддорж, ардын жүжигчин Л.Жамсранжав, Д.Чимэд-Осор зэрэг алтан үеийнхэн бүгд амьдардаг байжээ.Сур/ дандаа ирдэг байсан. Хөдөөний хүн гэж намайг шоолцгоогоод л… Нэг үг хэлсэн ч л Өвөрхангайн хэллэгээр ярьж байна гэж инээлдэнэ.
-Ахынхаа тоглосон кинонуудыг үзээд сууж байхад баяр баясал, эмзэглэл аль аль нь төрнө биз?
-“Үер” гээд киног нь их гаргах юм даа. Ах минь дүрээрээ гардаг /хоолой нь зангирав/ Миний ах нас бараад гучаад жил /1981 онд өөд болжээ/ болж байна. Улс орондоо их л сайхан нэлэгдэж явж дээ. Өдий төдий жил болж байхад кинонд тоглосон дүрээрээ яг л хажууд минь амьд сэрүүн байгаа юм шиг, үгүй мөн сайхан юм даа. Ахыг минь хайрлаж үнэлж байсан энэ төр засагт би их баярлаж, залбирч явдаг. Манай сумын сургууль ахын нэртэй болсон гэсэн /Баянгол сумын ЕБС 2000 онд С.Гэндэн агсны нэрэмжит болжээ.сур/
Бүр дээхнэ үеийг бодвол арай л хөгжиж байж дээ. Бидэнд ахын биеийг муудлаа гэсэн цахилгаан ирэхэд намайг аваачиж уулзуулна гээд… Манай нэг хүргэн захиргаанд ажилтай байсан юм. Тэр л бидэнд наад цаад хэл хүргэнэ. Тэгтэл унаа олддоггүй. Тэр үед машин техник ховор байлаа. Тэгсэн манай сумын дарга унаагаа жолоочтой нь явуулж аймгийн төв хүргэж өглөө. Онгоцоор нисэх юм болтол Баянхонгороос өчигдөр нисэх гээд чадаагүй саатсан онгоц л хүн нь багтахгүй байж байна. Өнөөдөр нисэхгүй ч байж мэднэ гэлээ. Оочертэй хүн олон байна явж чадахгүй нь дээ гээд байж байтал оройхон нь “тийм яаралтай хэрэг гарсан юм бол явуулъя. Гурвууланг чинь авч чадахгүй. Хоёр нь яв” гэж байна. Даанч тэр шөнөдөө ах маань нас барчихсан юм даа. Өвдөөд хэдхэн хоносон ч их л хурдан явчихсан. Ахыг бие муу гээд хэл ирүүлэх үед хар элгийн хүмүүс ингэж л туслаж байсан юм. Ахын минь нэр хүнд юм даа.
-Ямархуу зан ааштай хүн байв?
-Их сайхан зантай хүн байсан юмдаг. Хүүхэд багачуудтай тоглоод л, цаашлуулаад… Барагтай бол уурлахгүй.
–Гэр бүлийнх нь хүн юу хийдэг байв, одоо үр хүүхдүүд нь хаана амьдардаг вэ?
– Театртаа цуг ажилладаг нэг эмэгтэйтэй гэр бүл болж байсан /Дуурийн театрын ахмад ажилтан Б.Дашдулам. сур/ Одоо хотод амьдарч байгаа. Хоёр бандитай.
-Үр хүүхдээс нь эсвэл удмаас нь тэр их авъяасыг нь өвөлж төрсөн хүн байгаа юу?
-Бушхүүгийн үлгэр кинонд гэр бүлээрээ гардаг гэж ярьдаг юм /Тансар хааны найрлаж буй хэсэгт. Сур/ Нэг хүү нь сургууль соёлоор явах санаа байсан ч гадаад яваад чадаагүй /хүү Батчулуун нь И.Нямгаваагийн найруулга “Алгебрийн дэвтэр” жүжгийн гол дүрийг авсан ч тоглож амжилгүй Солонгос явсан байна. Сур/ гэсэн байх аа. Өөр кино жүжигт тоглосон хүн байхгүй ээ. Манай нэг хүү өөрөө ерөөл, магтаал зохиогоод дуулчихдаг бололтой юм билээ /Ардын авъяастан Батбаатар саяхан зохиогдсон Хангайн бүсийн урлагийн их наадамд шалгарсан байна. Сур/
– Та залуудаа ямар ажил хийдэг байв?
-Миний багад эрдэм ном зааж байгаагүй. Мал маллаж насыг барсан даа. Дөчин хэдэн насандаа нэгдэлд элсэж сайн гэж хэлэгдээгүй, муу гэж малыг нь үхүүлээгүй дунд зэрэг явж байгаад тэтгэвэрт гарсан. Таван хүүхэд төрүүлж өсгөлөө. Үр хүүхдийн буянд жаргаад л сууж байна. Олон хүүхэд өсгөлөө гээд сумаас “Хатан эх” билүү дээ нэг шагнал авчирч үзүүлсэн. Төр засгаас ч үгүй мөн их харж үзэх юм даа. Байсхийгээд л мөнгө өгөх юм. УИХ-ын гишүүдээс өглөө гээд л, Японд байгаа манай Монголын бөхөөс /сумогийн их аварга Д.Дагвадорж. сур/ өглөө гээд л манай хүргэн Чинбаа /Баянгол сумын ЗДТГ-ын дарга/ янз бүрийн бэлэг аваад ирдэг юм. Одоо цаг чинь ээ мөн сайхан төр засагтай байгаа юм шүү дээ. Залбирч явах хэрэгтэй.
– Нэлээн удаан ярилцлаа, чилээрхэж байгаа байх. Гэхдээ та их ануухан харагдаж байна?
– Унтаж л хэвтэнэ үү гэхээс надад хийж чадах ажил байх биш. Хүүхдүүд хэвтэж бай л гэх юм. Хоёр чих юм дуулахгүй. Хоёр нүд хараа муудсан. Нас ч овоо өндөр боллоо доо. Урт наслахаар чинь хорвоогийн зовлонг ч их л үзэх юм. Баярлах хөөрөх үе ч их тохиолдох юм даа, хүүхээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд тань баярлалаа. Зуу наслаж, зургаадай таяг тулах болтугай.