Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

100 хоногт юу хийх вэ?

Эдийн засагт хямрал бий болсныг Засгийн газар хүлээн зөвшөөрч 23 төрлийн арга хэмжээ авахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг УИХ дахь намын бүлгүүд өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Тогтоолд тусгаснаар нийт 23 төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Үүнийг УИХ баталснаар эдийн засгийг идэвхижүүлэх ажиллагаа эхэлнэ.

Уналтад орсон эдийн засгийг сэхээх амь тарианы нэг нь валютын ханшийг бууруулах явдал гэж эдийн засагчид үздэг. Мөн ажлын байрыг хадгалж чадвал эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэж чадна гэх өөдрөг төсөөллийг ч гаргасан билээ. Учир ньь өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай гарахад 200 мянган ажлыг байрыг хадгалж үлдсэний зэрэгцээ шинээр 50 мянган ажлын байр бий болгосон нь чухал нөлөө үзүүлсэн тухай өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Улаан мэдэгдсэн. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой болгох үүрэг хүлээдэг Хөдөлмөрийн яамны хувьд өнгөрсөн онд бий болгосон үр дүнгээ энэ онд дахин бататгах үүргийг УИХ-аас давхар авах болж байгаа юм. Засгийн газар ч үүнд ач холбогдол өгч буй бололтой.

Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгаснаар үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүндь Жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх. Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх. Мөн компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх. Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх.

Үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ их хэмжээний бараа, материал худалдан авдаг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх, ингэхдээ дамжуулан зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс шууд авдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн доор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчим, тухайн салбарын чиглэлийн хүрээнд хийж байхаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хамгийн их хүсэн хүлээж, асуудал болгон тавьж ирсэн хүсэлтүүд юм. Тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн барааг төр нь худалдаж авна гэдэг том зах зээлтэй болно. Цаашлаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь гадаад зах зээл рүү гаргаж чадвал Монгол Улс валютын сангаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр бүрдүүлээд байх бас нэгэн шугамтай болох гарц нээгдэх аж. Энэ тохиолдолд ажлын байрыг хадгалж үлдэх боломжтой төдийгүй шинээр хэдэн мянгаар тоологдох ажлын байр бий болгох бололцоо мөн бүрдэх юм байна.

Түүнчлэн тогтоолд Гадаадад байгаа Монгол улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор CВОП (SWAP) хэлцэээр бий болсон боломж, нөхцөлүүдийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Улсын өрийн хэмжээг зохистой түвшинд байлгах, гадаадын өр, зээлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын баталгаа олгохтой холбогдуулан холбогдох хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх.

Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх.

Хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 5 шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх.

Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх.

Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх.

Эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх.

Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгаад байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж