“Хит”-ийн их гурвал эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

“Хит”-ийн их гурвал эргэн ирлээ

Өнөөдөр NBA-ын плей-оффын дорнод бүсийн хоёрдугаар шатны нэг тоглолт болж өндөрлөлөө. Энэ шатны хамгийн ширүүн тулаан хэмээн олны анхаарлаа хандуулж байгаа “Майами Хит”, “Бостон Селтикс” багийн цувралын дөрөв дэх тоглолт хуваарь ёсоор Бостон хотноо болсон юм.

Эхний хоёр тоглолтод Бостоны “Их гурвал” өтөлснийг батлах мэт “Хит”-ийн залуус тэднийг юм болгоогүй. Харин дараагийн тоглолт огт өөр өнгө төрхтэй болсон. Эхний хоёр үед тэнцүү тоглолт үзүүлж байсан хоёр багийн тоглолтыг нэгэн явдал орвонгоор нь эргүүлсэн нь Ражон Рондогийн гэмтэл байсан. Түүний тохой мултарч, талбайг орхисон бөгөөд тэр цагаас “Хит”-ийн довтолгоо, хамгаалалт суларсан билээ. Рондо эргэн ирэхэд байдал улам муудсан. Улмаар цувралын харьцаа 2-1 болсон юм.

Харин өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолт дахин Бостон хотноо болсон бөгөөд эхнээсээ л ширүүн өрсөлдөөн дунд өрнөлөө. Тоглолт эхний хагасыг гурван онооны илүүтэйгээр талбайн эзэд дуусган,улмаар шийдвэрлэх үе эхлэхэд дөрвөн онооны давамгайлалтай байсан юм. “Хит”-ийн дасгалжуулагч пдей-оффт багийнхаа хамгаалалтын гол хүн болоод байгаа Жоел Энтониг гараанд гаргасан. Мөн өвдөгний гэмтлийн улмаас арваннэгдүгээр сараас хойш талбайд гараагүй Удонис Хаслем багийнхаа бүрэлдэхүүнд эргэн нэгдсэн байв. Хаслем талбайд гурван минутыг өнгөрүүлэхдөө довтолгооны алдаа нэг, хамгаалалтын алдаа, мөн техникийн алдаа гаргасан юм. Гэхдээ шинэ “Их гурвал” эргэн ирсэн гэж болно.

Тэд нийлээд багийнхаа 98 онооны 83-ыг, багийнхаа нийт 45 самбараас бөмбөг авалтын 35-ыг авснаар баг нь нэмэлт  цагт 98:90 харьцаатай хожин цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Леброн Жэймс энэ тулаанд 35 оноо, 14 самбар, гурван оновчтой дамжуулалт хийж, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Двейн Уейд 28 оноо, 9 самбар, Крис Бош 20 оноо, 12 самбараас бөмбөг авалт хийсэн байна. Талбайд гарсан багийн бусад тоглогчдоос дөрвөөс дээш оноо авсан ганц ч тоглогч байхгүй байгаа бөгөөд “Хит”-ийн тод одод гурвуулахнаа энэ хожлыг байгууллаа гэхэд хилсдэхгүй.

NBA-ын хамгийн олон түрүү эзэмшдэг ногоон өмсгөлтнүүдээс багийн ахлагч Пол Пирс 27 оноо, 8 самбараас бөмбөг авалт хйисэн бол Рей Аллен 17, Рондо 10 оноо, сэлгээнээс Делонте Уэст 10 оноо авч, “Хит”-ийн эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлсэн. Өмнөх тоглолтод 28 оноо, 18 самбар хийж олныг шуугиулсан Кевин Гарнетт 7 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийн тааруу тогложээ.

Эмнэлгийн хоёрдугаар шатны шинжилгээгээр  сөрөг дүнтэй гарсан ч Ражон Рондо талбайд тоглосоор байгаа нь Док Риверс нас явж байгаа ахмад тоглогч нартайгаа сүүлийн дайралтаа хийж, дахин нэг аваргын бөгж хүртэхийг хүсч байгаагийн илрэл болов уу. Учир нь энэ жил NBA-ын төрхийг тодорхойлох “Шинэ үе” ирж байгааг бид хамтдаа харсаар байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж