70 ам.долларын ард нуугдсан үнийн индекс

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

70 ам.долларын ард нуугдсан үнийн индекс

“Чалкогийн гэрээг цуцалбал 164 сая ам.долларын ашиг олно” гарчигтай нийтлэл “Зууны мэ­дээ” сонины өнгөрсөн оны №30 /4345/ дугаарт гарсныг ун­шигч та санаж байгаа байх. Тус ду­гаарт гарсан нийтлэлийг сий­рүүлье. Гэрээний дагуу эхний нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүй 70 ам.доллараар ний­лүүлсэн. Индексийн ар­гаар үнийг өөрчилж тохирох меха­низ­­мыг 2012 оны хоёрдугаар улир­лаас эхлэн хэрэгжүүлж эхэл­сэн бөгөөд үнийн индекс хэ­рэг­лэсний улмаас суурь үнэ буюу 70 ам.доллараас хоёрдугаар ули­ралд 68.57, гуравдугаар улиралд 65.9, дөрөвдүгээр улиралд 66.7 ам.доллар болж үнэ буурсан. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр улиралд нийлүүлэх нүүрсний үнэ тонн тутамд 53.6 ам.доллар болж буураад байна” хэ­мээн бичсэн байдаг.

Угтаа бол 2011 оны долдугаар сард байгуулсан уг гэрээнд Чалко компанид нийлүүлэх эх­ний ээлжийн нэг сая тонн нүүрс­ний 500 мянган тонныг нь тонн ту­тамд 69.9, үлдсэн 500 мянган тонн нүүрсний тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлнэ хэ­мээн заасан байдаг аж. Харин хоёр­дахь сая тонноос эхлэн нэг тонн нүүрсний үнийг ули­рал бүрийн нүүрсний үнийн ин­дек­сийн аргаар тогтоохоор заа­сан байна. Мөн “Эрдэнэс-Та­ван­тол­гой” ХК Цанхийн зүүн уур­хай­гаас нүүрс олборлон цагаан хад­­ны агуулахад буулган Чал­ко компанийн нүүрс тээврийн ав­то­машинд ачиж өгөх заалттай. Уур­хайгаас нүүрс гарган тээ­вэрлэж, Гашуун сухайтын хи­лийн боомтын гаалийн хянал­тын бүсд буулган Чалко компанийн ав­томашинд ачих хүртэлх нэг тонн нүүрсний зардал 62 орчим ам.доллар болдог байна. Яг энэ үед нүүрсний зах зээл уналтын бай­далд шилжиж, дээрээс нь ин­дексийн аргаар үнэ тохирч, нүүрсээ нийлүүлж эхэлсэн нь алдагдал хүлээх суурь болжээ.

 
Чалкогийн гэрээнд өөрчлөлт оруулсан түүх

2012 оны дөрөвдүгээр ули­рал эхлэх үед “Эрдэнэс-Таван тол­гой” ХК алдагдалтай ажил­лаж, үйл ажиллагаагаа хэвийн үр­гэлж­лүүлэх боломжгүй бай­далд хэдийнэ хүрчихсэн байв. Учир нь, энэ үеэс эхлэн гэ­рээнд зааснаар индексийн ар­гаар үнэ тогтоох заалт хэ­рэг­жиж эхэлжээ.Компани алдагдал хүлээж, үйл ажил­лагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон учир гэ­рээнд өөрчлөлт оруулахаар Чал­ко компанийхантай урт ху­га­цааны хэлэлцээрийг эхлүүлсэн байна. Удаан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож, хята­дууд­­тай хэлэлцээ хийх амар ажил байгаагүй ч нэг тонн нүүрс­­ний үнийг тодорхой хэм­жээнд барьж, алдагдалгүй ажил­­лах боломжийг бүрдүүлж чад­жээ. Хэрэв хэлэлцээр хийж нэг тонн нүүрсний үнийг тодор­хой хэмжээнд барьж чадалгүй анх бай­гуулсан гэрээний дагуу яв­сан бол “Эрдэнэс-Таван толгой” ХК өнөөдөр ямар байдалтай байх байсан нь төсөөлөхөд ч хэ­цүү юм.

Чалко компанийнхантай хий­сэн хэлэлцээр амжилттай бол­сон учир үйл  ажиллагаагаа хэ­вийн явуулах эргэлтийн хө­рөн­гө хэрэгтэй болов. Эл хө­рөнгийг бий болгох эх үүсвэр нь Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх байв. Цан­хийн баруун уурхайн үйл ажил­лагааг өнгөрсөн оны зур­гадугаар сард эхлүүлж он дуус­тал 1.5 сая тонн нүүрс олбор­лохоор төлөвлөжээ. Гэвч тэд төлөвлөгөөгөө хоёр дахин да­вуулан биелүүлж, 2.534.000 мян­ган тонн нүүрс олборлов. Ба­руун уурхайн нүүрсний экс­порт есдүгээр сарын 5-нд эхэл­сөн бөгөөд 2013 оны арванхоёрду­гаар сарын 25-ны байдлаар буюу гурван сар 20 хоногийн ху­гацаанд 1.174.000 тонн нүүрс экс­портолсон байна. Богино хуга­цаанд их хэмжээний нүүрс экс­портлоход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь  зүүн уурхайд Гү­ний гааль байгуулсан явдал юм. Гүний гааль байгуулснаар  уурхайгаас олборлож, ачсан нүүсний цуваа ямар ч саадгүй хил нэвтэрч хятадын Ганц мод­ны хилийн боомтод хүрч байв. Одоо ч энэ байдал үргэлжилж байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК хэдий шинэ оноо ажлын ам­жилт бүтээлээр дүүрэн угтаж 28.8 тэрбум төгрөгийн ашигтай ажил­ласан ч  өмнөд хөршийн нүүрс­ний зах зээлийн уналт үр­гэлжилсээр байлаа.

Сорилт

Он дамнан үргэлжилсэн нүүрс­­ний зах зээлийн уналт, урд хөршөөс хараат байдал нь нүүрс­ний салбарт үйл ажилла­гаа явуулж буй дотоодын ком­паниудад хүнд цохилт бо­лов. Харин “Эрдэнэс-Таван тол­гойн” ХК-ийн хувьд сорилт бай­лаа. Хувийн компаниуд үйл ажиллагаа зогсоож хаал­гаа барихад хүрч байхад “Эр­дэ­нэс-Таван толгой” ХК үйл ажил­лагаагаа хэвийн үргэлж­лүүлж байв. Учир нь тэдэнд зогсох эрх байхгүй. Олон зуун ажилч­дын амьдрал хүндэрч, Чалко ком­панийн өр өдрөөс өдөрт нэ­мэгдэх учир энэхүү сорилтыг хохирол багатай даван туулах л зам байсан юм.Нүүрсний зах зээлийн уналттай энэ хүнд үед туслан гүйцэтгэгч зарим компанид төлбөрөө цаг тухайд нь хийж чадахгүй тохиолдол гарч байсан хэдий ч энэ байдлыг удаан үргэлжлүүлээгүй юм. Одоо­гийн байдлаар найман ху­далдан авагчтай 4.25 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ бай­гуулж, нүүрсээ нийлүүлж эх­лээд байна. Дээрх хэмжээний нүүр­сийг экспортловол Чалкогийн өр болон бусад өр зээлээ төлж, ба­гагүй хэмжээний  эргэлтийн хө­рөнгөтэй үлдэх боломжтой бо­лох ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж