Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Хэн хүсээд байна вэ

Манай улстөрчид ард түмэн тэгж ярьж байна, ард түмний хүслээр гэж ярих дуртай. Нийгмийн нэг хэс­гийн үгийг дуулж, сонсоогүй ат­лаа өөрийнхөө үзэл бодлыг ард түм­нийх гэж ярьдаг нь ч үнэн. Ту­хайлбал, Шинэчлэлийн Засгийн газар муу ажиллаж байна, сайдууд дав­хар дээлээ тайлах нь ард түмний хү­сэл гэж ярьж байгаа хүмүүс сө­рөг хүчин дотор цөөнгүй бий. Гэх­дээ энэ хүсэлтийг нийт ард түм­ний хэдэн хувь нь илэрхийлсэн бэ гэдгийг тэд мэдэхгүй. Зүгээр л ард түмэн гэдэг үг залгачихвал жин­­тэй сонсогдох учраас ийм ар­га хэрэглэнэ.

Цаашлаад, эдийн за­саг тавгүйтсэн учраас Засгийн газ­­рын ажилд ард түмэн муу дүн өг­лөө гэж хоёр жилийн турш сөрөг хү­чин ярилаа. Гэтэл нөгөө талд нь жин­хэнэ ард түмний мэдээллийг ав­даг судалгааны байгууллагууд нь тэс өөр дүн гаргаж ирээд байгаа юм. Хөдөө орон нутгийн иргэд, ажил­чин, малчин тариачин гээд са­нам­саргүй аргаар сонгосон 2000-аас дээш иргэдийн санал асуул­гад тулгуурласан тэдгээр байгуул­ла­гуудын дүн дээр Шинэчлэлийн Зас­гийн газрыг хамгийн их бүтээлч ажил­ласан, амжилттай ажилласан гэдгээр шалгаруулж, өмнөх Засгийн газруудаас ч том дүнгээр хувь үнэлгээ авч байгаа нь цагаан цаасан дээр хараар бичигдсэн байгаа юм.

Саяхан “Сант марал” судалгааны төвийн гаргасан судалгаагаар Ши­нэчлэлийн Засгийн газарт өгөх таны үнэлгээ гэх хэсэгт иргэд сэт­гэл хангалуун гэсэн үнэлгээг өгч, хамгийн өндөр буюу 50 гаруй хувь­тай гарсан байгаа юм. Мөн Зас­гийн газрын сайдуудыг солих нь ямар үр дүн авчрах вэ гэдэг асуул­тад ч тэд улс төр, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр ард түмэн гэх үгээр халхавчилж улс төрийн намууд тоглолт хийдэг нь тодорхой харагдаж байна. Сүү­лийн үед Засгийн газар огцрох нь гэх мессеж нийгэмд хүчтэй тар­хаж байна. Энэ нь мэдээж Ерөн­хийлөгчийн өргөн мэдүүлсэн Зас­гийн газрын хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай асуудалтай хол­боотой. Засгийн газрын тогт­вортой ажиллах нөхцлийг бодол­цож уг хуулийн төслийг 2016 оны долдугаар сарын 1-нээс буюу да­раагийн Засгийн газар бүрдэхээс эх­лэн хэрэгжүүлэхээр тусгасан ч энэ хуулиар улс төрийн намууд тог­лолт хийсээр энэ оны долдугаар са­рын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр бол­гож өөрчилсөн. Энэ заалт нь ч эц­сийн хэлэлцүүлэг дээр дэмжлэг олох магадлал өндөр байгаа.

Гэхдээ ард түмний хүсэл энэ биш байсан. Хэдийгээ ухаалаг төрийг дэмжиж байгаа ч энэ хуулиар далимдуулж Засгийн газрыг унагаах гэсэн, улс төрийн тогтворгүй байдал хүссэн, эдийн засаг тавгүй байгаа энэ үед Засгийн газрын сайдууд солигдох нь иргэдийн хүсэл биш. Үүнийг тодорхой жишээгээр тайлбарлая. Монголын тэргүүлэгч мэдээллийн сайтууд яг энэ асуудлаар судалгаа явуулжээ. Дээрх судалгааны бай­гууллагууд шиг нэг сар, нэг долоо хоногийн хугацаанд судалгааны ха­риу нь гарахгүй. Өөрөөр хэлбэл, ин­тернет, цахим ертөнц хөгжсөн энэ цаг үед өдөрт 10-30  мянга, түү­нээс дээш хүний хандалт ав­даг эдгээр сайтуудын судалгаа бо­дит байдлаас хол зөрөхгүй. Нү­дэнд харагдах газарт, хэн ч са­на­лаа нээлттэй өгч болдог энэ­хүү судалгааны дүнгүүдийг харь­цуу­лаад харахад Засгийн газар тогт­вортой ажиллах ёстой гэдэгт ихэн­хи хувь нь санал нэгджээ. Ту­хайлбал, мэдээ, мэдээллийн “News.mn” сайтын санал асуулгууд бу­ланд Засгийн газрын тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-аас гар­гасан шийдвэрийг та юу гэж үзэж байна вэ гэсэн санал асуулгыг явуул­жээ.

Пүрэв гарагийн чуулганы шийдвэрээс хойшхи гурав хоногийн хугацаанд хамгийн их буюу 40.2 хувь нь “Улс орныг хамарсан тогтворгүй байдал үүслээ. Гадаад хөрөнгө оруу­лалт улам буурч, ам.долларын ханш өснө” гэсэн хариултыг өгчээ. Мөн хуулийн төслийг 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэдэгт 31.2 хувь нь саналаа өгсөн байна. Эндээс харахад иргэдийн хүсэл Засгийн газрыг солих, сайдуудыг солих тухай биш байсан гэдэг нь харагдаж байна. Мэдээллийн сайтууд дот­роо тэргүүлэгч гэддэг нэг сай­тын судалгааны дүнг харахад л ийм бай­на. Цаашлаад, яг ийм судал­гааг явуулсан олон сайтуудын са­нал асуулгын дийлэнх хувь нь тогт­вор­гүй байдал гэж үзсэн байна. Тэ­гэ­хээр ард түмний хүслээр биш улс төрийн намуудын хүслээр улс оронд ийм тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй тулгарч иржээ. Ер нь өмнөх Засгийн газруудын түү­хээс харж байхад АН-ынхан өөрс­дөө Засгийн газраа түлхэн унагадаг бичигдээгүй хуультай.  1996-2000 онд ч гэсэн МАХН /одоогийн МАН/-ын буруу мэтээр ярьж байгаа ч АН-ынхан дотроо бужигнаснаас засаг нь ганхсан. Энэ удаад ч өөрсдийнх нь хүн гэгдэх Ерөн­хийлөгчийн хуулиас бол ийм нөх­цөл байдал тулгарч ирэв үү гэж ойл­гогдохоор байна. Ерөнхийлөгч мэдээж тогтворгүй байдлыг хү­сээгүй байж болох ч энэ хуулийг нь ашиглан улс төрийн тоглолт хийж байгаа нөхцөл байдлыг харахад ч АН нэгдмэл байж чадахгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм. Тэд нэгдмэл байж чадвал сөрөг хүчний тоглолтод амархан өртөхгүй байх учиртай. Нийгмийн захиалга биш ээ, бид ажлаа хийгээд дуусгачихмаар байна гэж бусад нам эвсэлтэйгээ учраа олж чадсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэх байсан уу. Нийгмийн хүсээгүй захиалгыг хүссэн мэтээр ярьж, бичиж, хэдэн сай­дуудыг буулгачихвал алдаа завх­рал нь өргөс авсан мэт арилах үлгэр ярь­саар байна. Цаашдаа ч ярьсаар л байх бололтой.

Б.БАЛЖИР

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж