Зурагтынхаа ард суугаад олон ангит киног өдөр бүр шимтэн үзэхэд бидний цаг зав хүрэлцэхгүй тохиолдол бий. Өдөр тутмын завгүй амьдрал, хааяа нэг тохиолдох гэнэтийн хойшлуулашгүй ажил гээд олон зүйл биднийг дуртай киногоо анги алгасан үзэхэд хүргэдэг. Энэхүү завгүй нийгэмд таарсан олон ангит киноны нэгэн төрөл бол ситком юм.
Ситком гэж юу вэ?
Ситком киноны анги бүрт өөр өөр хөгжилтэй, сонирхолтой үйл явдлын талаар өгүүлдэг учраас үзэгчид аль ч ангиас нь үзэх боломжтой. Дэлхийн шилдэг ситкомуудын тоонд зургаан найзын хөгжилтэй амьдралыг харуулсан “Найзууд”, гэр бүлийнхний хүрээнд үргэлжилдэг “Симпсоныхон”, “Би ээжтэй чинь хэрхэн танилцсан бэ?” зэрэг инээдмийн цувралууд багтдаг байна.
Тэгвэл “Боловсрол суваг” телевиз монголд шинэхэн ситком хэмээх энэхүү төрлийн “Гурван найз” инээдмийн цувралыг тун удахгүй үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.
-Киноны гол баатаруудтай товч ярилцсан юм.- “Гурван найз” инээдмийн цувралын гол дүрүүдийн нэгийг бүтээсэн. Өөрийнхөө дүрийн талаар товч танилцуулна уу.
Д.Түвшинтөр: Би энэ киноны гол дүрүүдийн нэг Санчирын дүрийг бүтээсэн. Санчир бол багаасаа өнчирч хоцорсон, төрсөн эгчтэйгээ хамт өссөн нэгэн. Энэ дүр маань хайр дурлал дээр ч, амьдрал дээр ч, найзуудынхаа дунд ч хамгийн бүтэлгүй дүр байгаа.
О.Тэмүүжин: Би энэ киноны гол дүрүүдийн нэг Төгөлдөрийн дүрийг бүтээсэн. Найзууд дундаа уриалагч, манлайлагч тийм нэг нь байдаг шүү дээ. Төгөлдөр бол яг тийм дүр.
-“Гурван найз” киног Солонгосын телевизээр гарч байсан ижил нэртэй инээдмийн цувралын зохиолын дагуу дахин бүтээж байгаа. Жүжигчний хувьд Солонгос хувилбараас нь санаа сэдэл авсан уу?
Д.Түвшинтөр: Олон ангит киноны зохиолыг бичнэ гэдэг маш төвөгтэй байдаг. Манайд олон ангит кино төдийгүй хошин шогийн зохиол бичдэг зохиолч цөөхөн байгаа учраас зохиол гэдэг тулгамдсан асуудал болж байна. Тиймээс “Боловсрол суваг” телевизийнхэн маш зөв шийдэл олж, Солонгосын “Гурван найз” инээдмийн цувралын зохиолыг Монгол хөрсөнд буулгаж, “Эмоци” продакшны хамт олон гол дүрд тоглосон.
Бид эхлээд энэ киноны Солонгос хувилбарыг үзэх талаар ярилцсан юм. Тэгээд өөрсдийнхөөрөө харж байгаа өнцөгөөр дүрээ амилуулахын тулд үзэхгүй байхаар шийдсэн. Солонгос хувилбарыг үзсэний дараа дуурайж, санаа авч магадгүй гэж бодоод ийнхүү шийдсэн юм. Хамгийн гол нь тэрхүү Солонгос зохиолыг Монгол хөрсөнд буулгаж, ихэвчлэн залуу жүжигчид тоглосноороо онцлогтой.
О.Тэмүүжин: Энэ киноны Солонгос хувилбарт инээдмийн олон алдартай жүжигчид тоглосон байсан. Миний дүрд мөн чадварлаг жүжигчин тоглосон юм байна лээ. Тэр хүнтэй нэг дүрийг хуваалцсандаа миний хувьд бэлгэшээж байгаа. Дашрамд хэлэхэд, “Эмоци” продакшн, “Боловсрол суваг” телевиз хамтран бүтээж байгаа анхны олон ангит буюу 40 ангитай кино учраас алдааг оноог уучилна биз ээ.
“Гурван найз” инээдмийн цуврал нь Солонгосын MBC телевизээр одоогоос арав гаруй жилийн өмнө гарч байсан ижил нэртэй киноны Монгол хувилбар бөгөөд сүүлийн жилүүдэд киног зохиолынх нь дагуу шинээр бүтээх явдал дэлхий нийтэд өргөн дэлгэрч байгаа юм. Ингээд ситком киноны үүсэл хөгжил, онцлогийн талаар Азидаа олон ангит киногоор тэргүүлэгч Солонгос улсын MBC телевизэд продюсерээр ажиллаж байсан Хуанг Сонг Минтэй уулзаж ярилцснаа хүргэе.
-Ситком кино бусад төрлийн олон ангит киноноос ямар ялгаатай вэ?
-Ситком нь Situation Comedy гэдэг үгийн товчлол бөгөөд ерөнхийдөө хүний инээдийг илүү өдөөх зорилготой инээдмийн киноны нэгэн төрөл юм. Энэ төрлийн инээдмийн кино нь анхан үедээ радио нэвтрүүлэгт илүү түлхүү хөгжиж байсан ч өнөөдөр телевизийн салбарт хүчээ авч байна. Ситком киноны утга агуулга нь гэр бүл, ажил гэх мэт хүний ердийн өдөр тутмын амьдралд болж өрнөж байгаа үйл явдлыг тусгадаг. Ингэхдээ үзэгч ажиглагчдын инээдийг нэмж өгдөгөөрөө онцлогтой.
Дэлхийн хамгийн анхны ситком “I love Lucy” нэртэйгээр гарч байсан. Хэдийгээр тэртээ 1950-иад онд гарсан ч одоо хүртэл Америкийн хаана ч хүмүүс үзсээр л байгаа сонгодог гэж хэлж болохуйц болжээ. Энэхүү дэлхийн анхны ситком нь энэ төрлийн киноны талаар суралцаж байгаа хүмүүсч сурах бичиг болохуйц бүтээл гэж хэлж болно.
-Азийн олон ангит киноны зах зээлд Солонгосын бүтээлүүд чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл энэхүү ситком Солонгосын телевизүүдэд хэрхэн нэвтэрсэн бэ?
-1983 онд KBS телевиз АНУ-ын “Cosby Show” нэртэй гэр бүлийн агуулгатай ситкомыг шинэчлэн хийсэн нь манай улсын телевизийн салбарын анхны ситком байлаа. Тухайн үед ситком нь солонгост төдийлөн танигдаагүй байсан бөгөөд өдөр тутмын амьдралд өрнөдөг үйл явдлуудыг харуулсан учраас үзэгчдээс өндөр үнэлэмжийг авч байлаа.
Улмаар SBS телевиз 1987 онд “У докторын хүмүүс” киног бүтээсэн нь өөрсдийн зохиолоор хийсэн солонгос ситкомын эхлэл гэж хэлж болно. Ийнхүү солонгос ситком улам бүр хөгжсөөр 2000 онд MBC телевиз “Гурван найз” киног бүтээсэн нь нэлээдгүй амжилт олж, үзэгчдийн 37 хувь нь үзсэн гэсэн өндөр үнэлгээг авч чадсан юм.
-“Боловсрол суваг” телевиз “Гурван найз” инээдмийн цувралыг шинэчлэн хийж тун удахгүй үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Ситком кино ямар давуу талтай вэ?
-Энгийн драм төрлийн олон ангит кинонд ерөнхийдөө 14 орчим хүн гол дүрд тоглодог. Тэгвэл ситком кинонд 7 хүн гол дүрд тоглодог гэсэн тоо бий. Мөн энэ төрлийн киноны зураг авалтыг студид тайз засч хийж болдог учраас энгийн олон ангит киноны зардлын 50-70 хувиар л бүтэх боломжтой. Иймээс “Боловсрол суваг” телевиз ийнхүү ситком төрлийн киног хийж байгаа нь сайн эхлэл бөгөөд улмаар Монголын үзэгчдэд таалагдаж, илүү их түгэн дэлгэрнэ гэж найдаж байна.
-Кино, шоу нэвтрүүлэг зэргийг орчуулан үзэгчдэд хүргэхээс гадна өөрсдийн орны үзэгчдэд зориулан дахин бүтээх явдал их болжээ. Энэ талаар?
-Сүүлийн жилүүдэд Солонгосын олон ангит киног дэлхийн олон улсад үзэх болжээ. Монголд ч гэсэн Солонгос олон ангит кино түгээмэл болсон байна. Хятад ч мөн их алдартай болсон. Гэхдээ сүүлийн үед кино, шоу нэвтрүүлгийг бүхлээр нь худалдан авч гаргахаас гадна өөрийн улсын соёлдоо тохируулан дахин бүтээх явдал түгээмэл болжээ. Тухайлбал, Солонгосын jTBC телевизийн бүтээл “Өргөст цэцэг” киног Хятадын телевиз дахин бүтээж байгаа бөгөөд энэ кино Солонгостоо өндөр үнэлгээг аваад байгаа.
Дашрамд сонирхуулахад, сүүлийн жилүүдэд Азийн кино зохиолын дагуу Холливудад ч хүртэл олон киног дахин бүтээсэн байдаг. Тухайлбал, “Ад чөтгөрийн явдал” нэртэй Хонг Конг киноны зохиолын дагуу Холливудын алдарт найруулагч Мартин Скорсезе “The Departed” киног бүтээсэн бол Ричард Гирийн тоглосон “Shall we dance” кино Япон, Сандра Баллок, Киану Ривз нарын тоглосон “Нуурын эргийн байшин” кино Солонгос киноны зохиол гэдгийг сайн мэдэх биз ээ.
Мөн Солонгосын SBS телевизийн амжилттай бүтээлүүдийн нэг “Эхнэрийн урхи” киноны форматыг ашиглан 2012 онд Филиппинд амжилттай дахин бүтээсэн байна.
“Гурван найз” киноны уран бүтээлчид хэдийгээр гадаад зохиолын дагуу хийж байгаа ч дүрээ өөрсдийнхөөрөө гаргасан гэдгээ онцолж байлаа.
“Гурван найз” инээдмийн цувралын гол дүрүүдэд Монголын хошин урлагийн хамгийн отгон “Эмоци” продакшны эрч хүчтэй залуу жүжигчид болон авьяас чадвараараа олны хүндлэлийг хүлээсэн үе үеийн уран бүтээлчид тоглосон байна. Инээдмийн цувралын шинэ жилийн тусгай дугаарыг үзсэн хүмүүс хэн хэн гол дүрд тоглосныг сайн мэдэж байгаа байхаа.
“Гурван найз” инээдмийн цувралд “Эмоци” продакшныхан гол дүр бүтээхээс гадна
- МУАЖ Г.Мягмарнаран
- Жүжигчин Г.Золбоот
- “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал
- “Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа
- Мөрөөдлийн театрын жүжигчин Ш.Алтанцэцэг
- “Маск”, “X-Түц” продакшн гээд хошин урлагийн чадларлаг жүжигчид
- МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар
- МУСГЗ сэтгүүлч Г.Золжаргал зэрэг олон алдартнууд тоглосон байна.
Ямар ч асуудал үл салгах үүрдийн нөхөрлөл, хайр дурлалын төлөөх хөгжилтэй атлаа ширүүн тэмцэл, амьдралыг үргэлж өөдрөгөөр хардаг залуусын амьдрал гээд эрч хүч бэлэглэх хөгжилтэй бүхнийг “Гурван найз” киноноос хүлээн авч үзэж, инээд хөөрөөр өөрийгөө цэнэглэн, хаврын стрессээ бага ч болов тайлаарай.
Инээдмийн цувралыг 2014 оны 4-р сарын 18-ны Баасан гарагаас эхлэн ажлын өдрийн үдэш бүр 22:10 цагаас хүлээн авч үзээрэй.