Илүү сартай хаврын хахирган өдрүүд үргэлжилсээр. Хаврын улирал монголчуудын хувьд нэн онцлогтой. Амьжиргааных нь эх үүсвэр болсон мал төллөж, хүлээн авсан төл бүрээ мал болгохын төлөө нойр хоолгүй зүтгэдэг улирал. Харин мал ахуйгаасаа холдон суурин амьдралтай болсон монголчуудын хувьд хэдэн үеэс цусанд шингэн үлдсэн хавар илүү хөдөлмөрлөх өгөгдлөө жагсаал, цуглаан хийх, эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэрээр солиод удаж байна. Нэн ялангуяа улаанбаатарчуудын хувьд. Үүнийгээ “хаврын синдром” хэмээн нэрлээд, энэ үг аль хэдийнэ монгол хэлний үгсийн санд баттай суурьшжээ. “Хаврын синдром” УИХ-ын чуулган эхэлдэг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос эхэлдэг. Энэ нь ч учиртай. Хаврын жагсаал цуглааныг УИХ-ын танхимд суудаг хүмүүст зориулан хийдэг уламжлалтай.
Энэ жилийн хаврын хэд хэдэн сэдэв байна. Давхар дээл, Жавхлангийн дээл, Тэмүүжин сайдын “амрагийн хэрэг“, сандалтай жагсаал гэх мэт. Нээрээ Монголын жагсаал цуглааны түүхэнд “сандалтай жагсаал” нэгэн шинэ хуудас нээлээ. Цаашид улам арвижин баяжиж, “дээлтэй монголчуудын сандалтай жагсаал, “дээлгүй монголчуудын сандалтай жагсаал”, “дугуйтай сандалтай жагсаал”, “явган сандалтай жагсаал”, “модон сандалтай жагсаал”, “нялх хүүхдийн сандалтай жагсаал” гэх мэтээр улам төрөлжих болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын албыг давхар хашиж байгааг болиулах агуулгатай хуулийн төслийг даруй батлаад үтэр мөрдөх нь зүй гэж үзлээ. Энэ хууль нь “Давхар дээлийн” гэж нэрлэгдээд байгаа юм. Уг нь хуулийн төслийг өргөн баригч нь 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөе гэсэн юм. Хэрэгжих хугацааг нь хоёр жилээр нааш нь татах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэнээр хаврын хахирган салхины чигийг саарал ордон руу үлээлгэж орхилоо. Одоо тэгээд юу болох вэ, Засгийн газар огцрох юм уу үгүй юү гэдэг асуулт урган гарч байна. Учир нь, хэрвээ хууль УИХ-аар эцэслэн батлагдваас ирэх долдугаар сарын 1-нээс Ерөнхий сайдаа оруулаад өнөөгийн Засгийн газрын 16 сайд хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөх болж байгаа юм. Засаг солигдоно гэдэг алга урвуулахын төдийд болдог үйл явц биш. Сайдын сэнтийн төлөө ил далд дайн багагүй хугацаанд өрнөнө. Гэтэл энэ хооронд тэртэй тэргүй дампуурлын ирмэгт ирчихээд байгаа улс орны эдийн засаг улам сүйрэх нь тодорхой. Үүний хор хохирол дөнгөж ходоодоо тэжээх төдий хэрэглээнд шилжчихээд байгаа иргэдэд л тусна.
Давхар дээлийн хуулийн төслийг санаачлагч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж хүйтнээр үлээх салхийг намжааж магадгүй гэсэн хүлээлт байна. “Хэрэв хэрэгжих хугацааг нааш татвал Ерөнхийлөгч хориг тавина” гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдээд байгаа.
Толгойлж буй Засгийн газрынх нь орших эс оршихуйн тухай УИХ хэлэлцэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-ийн ажил эхэлж байгаагаа зарлалаа. Харин 100 хоногт яг яаж эдийн засгаа эрчимжүүлэх тодорхой зүйлийг хэлсэнгүй. Дандаа сайн сайхныг боддог Эдийн засгийн хөгжлийн сайдын толгойд 100 хоногийн төлөвлөгөө байгаа гэж таамаглалаа. Уг нь ч монголчууд сайн явах санааных гэж ярьдаг л юм.