
Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрсөн лхагва гаригт /IV.16/ 475 хүнтэй “Севол” гатлага онгоц осолдож живсэн билээ. Ослын улмаас өнөөдрийн байдлаар /IV.20/ 56 хүн амь үрэгдэж, 246 хүн далайд ор сураггүй болоод буй юм. Аврах ажиллагааг Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг, эргийн хамгаалалтын 200 усан онгоц, 34 нисдэг тэрэг, 600 шумбагч дөрөв дэх өдрөө гүйцэтгэж байна. Энэ хооронд Жиндо арал дээр цугласан зорчигчдын ар гэрийнхний тэвчээр алдарч, аврах ажиллагааг шүүмжлэн жагсчээ. Хохирогчдын төрөл төрөгсөд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот руу явж, ерөнхийлөгчийн ордон руу дайрахаар төлөвлөсөн аж. Уурлаж бухимдсан эцэг, эхчүүд голдуу жагсагчдыг арлын цагдаагийн газрын 100 орчим албан хаагч хориглон зогсоосон байна.
Инчон хотоос Чежү арал хүрэхээр хөвж явсан “Севол” хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш ажилчид зорчиж явсан юм.