
Жагсагчдын хувьд дөрөвдүгээр сарын 29-ны дотор шаардлагын хариуг өгөхийг шаардсан боловч “Дэд сайд” боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм. “Монгол Улсын 365 сумаар явж судалгаа хийх учир дөрөвдүгээр сарын 29-нд хариуг өгч чадахгүй тавдугаар сард багтааж хариу өгнө” гэсэнд уран бүтээлчид дургүйцлээ илэрхийлж байлаа. Монгол Улсад 21 аймагт 21 театр бий. Харин 365 сумаар явж сумдын театрын уран бүтээлчидтэй ССАЖЯ уулзана гэвэл урлагийн салбарын ажилчдын цалин хамгийн багадаа л жилийн хугацаанд яригдах бололтой.
Гэвч уран бүтээлчид өнөөдөр 11.00 цагаас 13.00 цагийн хооронд жагсан өөрсдийн дуу хоолойгоо ССАЖЯ-ны удирдлагуудад хүргэж чадлаа. Хэдийгээр хариу нь хэзээ гарахыг мэдэхгүй ч өнөөдрийн жагсаал шаардлагаа хүлээлгэн өгсөнөөр дууссан юм.
Уг жагсаалын дараагаар ССАЖЯ-ны Дэд сайд М.Түмэнжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.
-ССАЖЯ-аас ер нь урлагийн салбарт ямар ажлууд хийсэн бэ?
-Улаанбаатар хотын урлагийн байгууллагуудад тодорхой хэмжээнд урамшуулал олгож байгаа. Урлагийн байгууллагуудын чадвар чансаа дээшилж дээр нь сумдын хувьд тодорхой хэмжээнд соёлын төвүүдийг засах, өнгөрсөн 2013 онд л гэхэд дээвэр төсөл хэрэгжсэн шүү дээ. Соёлын төвүүдийн дээврүүдийг засч янзалсан. Мөн номын сангуудыг сейфтэй болгох зэрэг олон ажлуудыг хийсэн. Иймэрхүү ажлууд нь өмнөх 10-аад жилд тасалдсан байсныг хийсэн шүү дээ. Альч газараас асуусан ССАЖЯ уран бүтээлийн хувьд дэвшилттэй ажиллаж байгааг мэдэж байгаа. Харин цалингийн асуудлыг дан ганц яам шийдэж чадахгүй учраас үүнд хугацаа хэрэгтэй байна. ССАЖЯ энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа.
-ССАЖЯ байгуулагдаад хоёр жил боллоо. Дөрвөн жилийн тал нь ингээд өнгөрч байна. Уг хугацаанд төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг хийж гүйцэтгэсэн бэ?
-Төлөвлөсөн ажлуудаа хийж явна. Ажлуудын хувь гэвэл 50 гаруй хувьтай явж байна. Төлөвлөсөн ажлаас гадна төлөвлөөгүй ажлууд их гардаг шүү дээ, манай яамны хувьд. Энэ нь манай яамны онцлогч байж болох юм. Уул уурхайн яам эсвэл өөр ямар нэгэн яам төлөвлөсөн ажлаа хийгээд явахад болоод л байгаа юм. Харин ССАЖЯ-ны хувьд төлөвлөнө гэдэг бол хэцүү. Дээр нь бид нар соёлын өвийг тээгч нараа их дэмждэг болсон. Шавь сургалтыг зохион байгуулаад энэ жил гуч гаруй хүнийг шавь сургалтаар дэмжиж ажиллахаар болсон. Ийм зүйл урьд нь байгаагүй юм. Гарцаа байхгүй хийх ёстой зүйл шүү дээ.
-Урлагийн ажилчид болон байгууллагуудыг зэрэглэлтэй болгох асуудал хэр байна вэ?
-Зэрэглэл байгаа шүү дээ. Гэхдээ манай дуучид маань гэхэд л Боловсролын яамны багшийн зэрэглэлээс доогуур байгаадаа л асуудал үүсээд байгаа юм. Багш, эмч нар 600 мянган төгрөгийг сард авчихдаг манай дуучид тэднээс илүү их хөдөлмөрлөж байж мэргэжлээ эзэмшээд ажилладаг хэрнээ доогуур цалин авдаг гэхдээ зэрэглэл нь тэднээс доогуур байгаад байна л дээ. Тэдний ур чадварын нэмэгдэл өгөх, орон нутгийн нэмэгдлийг өгөх зэрэг олон асуудлууд байгаа. Ганц цалин биш олон асуудлуудыг судлаж цогцоор нь оруулах ёстой юм. Засгын газарт цогц асуудлыг оруулах хэрэгтэй байна. Тэрнээс биш түүхий юм оруулж болохгүй байгаа юм.
Гэсэн хариултыг өгсөн билээ.