Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Осама Бен Ладен

2011 оны 5 сарын 2-нд бүтэн 10 жилийн жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан дэлхийн №1 алан хядагч Осама Бен Ладеныг устгаж, амь насыг хороосон тухай мэдээ эгшин зуур түгэв. 5 сарын 1-ний орой АНУ-ын томоохон хот суурин газар хүмүүс баяр хөөр болон цуглаан зохион байгуулжээ. Осама Бен Ладен гэж хэн байв? Үнэхээр ийм хүн байсан уу? гэдэгт эргэлзэх хүн ч бий. Энэ цаг үеийн хамгийн заналт дайсан гэж цоллуулсан Осама Бен Ладены намтарыг дэлхийн мэдээллийн корпорациуд дараах байдлаар бичсэн байна.
Осама  бин Мухаммад бин Авад бин Ладен (Osama bin Muhammad bin Awad bin Laden) 1957 оны 6 сарын 28-нд Саудын Арабын Жедда боомт хотод төржээ. Бен Ладены хүүхэд нас Хижазе хотод өнгөрчээ.  Түүний эцэг нь 1931 онд Саудын Араб улсад барилгийн “Сауди Бин Ладен” компанийг үндэслэн байгуулсан чинээлэг хүн байжээ. Осама Бен Ладен 16 нас хүрээд лалын хэт үндсэрхэг бүлэглэлийн үйл ажиллагаанд татагдан оролцдог болжээ. 16 настай байхдаа тэрээр төрөлх Жедда хотдоо эргэн ирж дунд сургууиа төгсжээ. Тэрээр эзэн хаан Абул Азизагийн нэрэмжит их сургуулийн оюутан болжээ. 1979 онд тэрээр барилгийн инженерийнс диплом авчээ. Их сургуульд сурч байхдаа тэрээр исламын философийн зүтгэлтэн Абдулла Аззатай танилцжээ. Абдулла Азза жихад- ариун дайны тухай үзэл санааг сурталчилж, лалын шашинт орнууд барууны орнуудын нөлөөнөөс ангижрах ёстой гэж уриалж байлаа. 1979 онд ЗХУ-ын засгийн газар Афганистанд цэргийн ажиллагаа хийв. Энэ үед Осама Бен Ладен афганистаны ард түмэнтэй үзэл санаа нэг байгаагаа илэрхийлэн Афганистаныг зорьжээ. Афганистанд очиж нөхцөл байдалтай танилцаад Персийн булангийн орнууд, Арабын орнуудаар явж Зөвлөлтийн эсрэг тулалдаж байгаа афганчуудад дэмжлэг үзүүэх зорилгоор хандив цуглуулж байлаа. Мөн Афганистан, Пакистаны хил орчимд газар доорх хонгил ухах, сайн дурын цэргүүдийг Афганистанд ирүүлэх ажлыг зохицуулж байсан юм. Энэ үед Осама Бен Ладен барууны орнуудын тусгай албаныхантай нягт харилцаа холбоо тогтоосон байна. 1986 оноос эхлэн Осама Бен Ладен байлдааны ажиллагаанд биечлэн оролцож эхэлсэн байна. 1988-1989 онд  тэрээр Аль Кайда бүлэглэлийг байгуулжээ. Афганы дайнд оролцсон арабын олон орны дайчид энэ байгууллагын гишүүн болжээ. 1989 онд ЗХУ-ын Засгийн газар Афганистанаас цэргүүдээ эргүүлэн татсан юм. Афганы дайн дууссаны дараа Осама Бен Ладен ч эх орондоо эргэж иржээ. Саудын Арабын засгийн газар 1991 онд Осама Бен Ладен төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзээд эх орноосоо хөөжээ. Осама Бен Ладен африкийн Судан улсад ирсэн байна. Суданд байхдаа Осама Бен Ладен дэлхийн 50 орны иргэдээс бүрдсэн алан хядагчдыг бэлтгэх хуаран байгуулжээ. 1996 онд Осама Бен Ладены бүлэглэл Саудын Араб, Сомали улсад байгаа америкийн цэргийн баазыг устгахыг уриалсан мэдэгдэл тараасан байна. 1996 онд АНУ-ын засаг захиргааны шахалтаар Судан улс Осама Бен Ладеныг улсаасаа хөөжээ. Осама Бен Ладен афган улсад хүрэлцэн ирэв. Зөвлөлтийн цэргүүд Афганистанд цэргийн ажиллагаа хийж байх он жилүүдэд Осама Бен Ладен афганчуудад туслаж байсан билээ. Иймд афганистаны Талибан хөдөлгөөнийхөн хуучин андаа хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Осама Бен Ладены удирдсан бүлэглэл 1993 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн Худалдааны төвийн 1-р давхарт дэлбэрэлт зохион байгуулж, 1996 онд Саудын Арабад үүрэг гүйцэтгэж байсан америкийн 19 цэргийн албан хаагчийн амийг хөнөөсөн байна. 1996 онд африкийн Кени, Танзани улс дахь АНУ-ын ЭСЯ-нд дэлбэрэлт үйлдсэн юм. 2000 онд Осама Бен Ладен америкийн тэнгисийн цэргийн “Коул” хөлөг рүү халджээ. 1999 онд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо Осама Бен Ладеныг эрэн сурвалжилж эхэлжээ. 2001 онд АНУ-ын Тагнуулын Төв Газар “Аль Кайда” алан хядагч бүлэглэл нь 5000 гишүүнтэй гэж мэдээллэж байлаа. Аль Кайда бүлэглэлийн онцлог нь тодорхой нарийвчилсан бүтэцгүй байлаа. Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд гэр бүлийн бизнес дэхь өөрийн эзэмшилийн хувиа ашиглаж байлаа. 2011 оны 9 сарын 11-нд Аль Кайда бүлэглэлийн гишүүд АНУ-ын Нью-Йорк, Вашингтон хотод иргэний агаарын тээврийн онгоц барьцаалжээ. Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийг хоёр онгоц, мөн Пентагоны барилгийг нэг онгоц мөргөж сүйрсэн байна. Дөрөв дэхь онгоц нь АНУ-ын атомын цахилгаан станцийг чиглэж байсан тул АНУ-ын зэвсэгт хүчнийхэн агаарт байхад нь сөнөөжээ.  Энэ үйл явдлын уршигаар 1974 хүн амь насаа алдсан юм. Бен Ладен АНУ-ын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа зохион байгуулах гэж байгааг тусгай албаныхан хэдэн сарын өмнөөс мэдэж байжээ. Афганистаны эрх баригч Талибан хөдөлгөөнийхөн 2001 оны 9 сарын 11-ний өдрийн халдлагад харамсаж байгаагаа илэрхийлсэн боловч Осам Бен Ладен энэ халдлагад холбоотой гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. гэвч 9 сарын 11-ний халдлагад Осама Бен Ладен холбоотой гэдэг нь хожим нотлогдсон юм. 2001 оны 10 сарын 7-нд АНУ болон түүний холбоотон орнууд Афганистан руу дайрав. Гэвч Осама Бен Ладен америкчуудын хараа хяналтаас гарч оргон зайлсан юм. Гэвч зарим эх сурвалжууд Осама Бен Ладен афганистан, пакистаны хилийн орчимд уул хаданд  орогнож байгаа гэсэн таамаглал дэвшүүлж байлаа. 2000 оны эхэн үед Катарын “Аль Жазира” телевиз Осама Бен Ладен дүрс бичлэг, аудио бичлэгийг нэвтрүүлж байлаа. 2001 оноос хойш Осама Бен Ладен “Аль Кайда” бүлэглэлийн үйл ажиллагааг зохицуулсан хэвээр байлаа. 2002-2003 оны хооронд болсон алан хядах ажиллагааг Осама Бен Ладентай холбоотой гэдэг нь нотлогдсон юм. 2002 оны 4 сард Аль Кайда бүлэглэл Тунис улсад дэлбэрэлт зохион байгуулж 17 хүнийг хороожээ. Мөн 2002 онд Индонезийн Бали арал дээр дэлбэрэлт үйлдэж гэм зэмгүй 200 хүн золиос болж амь насаа алдсан юм. 2003 онд Туркийн Анкара хотод байрладаг Их Британий консулийн газрын гадаа тус бүлэглэл дэлбэрэлт үйлдэж 54 хүн амь насаа алдсан байна. 2004 оноос Аль Кайда бүлэглэл төвлөрсөн удирдлагаас татгалзаж хараат бус үйл ажиллагаа явуулдаг жижиг салбаруудад хуваагджээ. Осама Бен Ладен халдлага зохион байгуулахаа больж, зөвхөн суртал ухуулга хийдэг болсон байна. 2007 онд Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагааг Айман аль Завахири хариуцдаг болжээ. 2011 оны эхээр АНУ-ын тагнуулынхан Осама Бен Ладены аж төрж байгаа газрыг тогтоосон байна. Осама Бен Ладен Пакистан улсын Абботтад хотод нууцлаг байдалд харуул хамгаалалт сайтай хувийн эдлэнд амьдарч байжээ. 2011 оны 5 сарын 2-нд алан хядагч бүлэглэлийг үндэслэгч Осама Бен Ладеныг АНУ-ын тусгай албаныхан устгажээ. Осама Бен Ладеныг устгах нууц ажиллагаа хийх гэж байгаагаа АНУ-ын засаг захиргааныхан хэнд ч урьдчилан мэдэгдээгүй байна. Пакистаны гадаад хэргийн сайд Салман Башир Их Британий Би-би-си телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө нууц ажиллагааны тухай бидэнд урьдчилан сануулаагүйд эмзэглэж байгаагаа илэрхийлжээ. Тусгай ажиллагааг амжилттай болгохын тулд бид мэдээллийг нууцлах шаардлагатай байсан гэж АНУ-ын Тагнуулын Төв Газрын захирал Леон Панетта хэвлэлийнхэнд тайлбар хийжээ. 5 сарын 2-нд тусгай ажиллагаа хийх үед Осама Бен Ладены гэрт 18 хүн байжээ. Тусгай албаныхан Осама Бен Ладеныг толгой, цээжин тус газар нь буудаж хороосон байна. Дараа нь түүний шарилыг тэнгисийн усанд хаяжээ. Ингэхдээ лалын шашны бүх ёс заншилыг үйлдсэн гэж АНУ-ын тусгай албаныхан мэдээлжээ. Осама Бен Ладен 4 эхнэр, 19 хүүхэдтэй байжээ.
2011 оны 5 сарын 2-нд Осама Бен Ладеныг устгасан тухай мэдээллийг дэлхийн их гүрнүүд талархан хүлээн авсан юм. Гэсэн ч зарим судлаачид Осама Бен Ладен гэж хүн үнэхээр байсан эсэх, байсан бол 2011 оны 5 сарын 2-нд нас барсан гэдэгт нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. Умард Атлантын цэргийн эвслийнхэн Ливийн дарангуйлагч Маумар Каддафигийн бага хүү, гурван ачийн амь насыг хороосоны дараа Осама Бен Ладеныг устгасан тухай мэдээлэл түгсэн. Энэ нь Ливийн асуудлыг түр зуур мартагнуулж, олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэнтэй холбоотой  байж болох юм гэсэн таамаглал байна.

http://mendkhuu.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж