
Гишүүдээс зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлж буй бөгөөд “Шилэн данс” гэдэг үгний хувьд хуульчлагдан буух нь тохиромжтой эсэх талаар тодруулсан байна. Тухайлбал Ц.Нямдорж “Шилэн данс гэдэг нэртэй хууль гэж юу гэсэн үг вэ. Ийм нэртэй хууль байж болдог юм уу. Надад ойлгогдохдоо шилэн дээр нэг хууль бичигдсэн байх тухай л юм биш үү. Ямар тийм данс байдаг юм бэ. Төсвийн дансыг нээлттэй болгох гээд шаардлага байгааг нь ойлгож байна. Яг ийм нэртэй хуультай улсуудынхаа нэрийг хэлээд орхи” гэв.
Энэ талаар ажлын хэсгийн зүгээс “Шилэн данс гэх эдийн засгийн хэллэг олон жил хэрэглэгдэж байгаа. Яг ийм байдлаар нэрлэгдсэн улсуудын мэдээллийг гаргаж өгье. Хуулийн агуулгыг тоочвол маш урт бичиглэлтэй байхаар байсан учраас олон улсад хэллэг болчихсон үгээр нэрлэсэн юм” гэж хариулав.
УИХ-ын дарга З.Энхболд “Ямар хууль гарахыг УИХ шийднэ. Нэр нь болохгүй бол сольж болно. Гол нь агуулга шүү дээ” гэсэн байна.
Гишүүн Ч.Хүрэлбаатар “Шилэн данс гэх нэрээр бичиглэгдсэн хуулийн нэртэй улс байхгүй. Түүнээс гадна төсвийн захирагчийн гаргаж буй мөнгө яг юунд зарцуулагдаж байгаа гэх шийдвэрийг нь илээр гаргаж тавих ёстой. Зарцуулалтыг нь зөвхөн гаргавал иргэд ойлгохгүй шүү дээ” гэв.
Ажлын хэсгээс “Шилэн дансны хуулинд Ч.Хүрэлбаатарын хэлсэн өмч хөрөнгө зарцуулах, лицензтэй холбоотой шийдвэрүүд ч ил байхаар хамаарагдаж байгаа. Хэрэв энэ мэдээллийг гаргаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ гэсэн нь хариуцлагын хэсэгт ч бий” гэв.
С.Ганбаатар “энэ хууль харин ч амьдралд ойр хууль гарах нь. Энэ бол ард иргэдэд зориулсан хууль. Зарим гишүүдээс самбар гаргахыг эсэргүүцэж байна. Хүн бүхэн интернэт рүү орж чадахгүй учраас цаасаар мэдээллээ гаргахаас аргагүй шүү дээ” гэсэн байна.