Хамтын тэтгэврийн хуулийг хэлэлцэхээр болов

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэврийн хуулийг хэлэлцэхээр болов

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан билээ. Тэгвэл завсарлагын хугацаа нь дуусч буйтай холбоотойгоор УИХ-д уг хуулийг хэлэлцэх эсэх тухай санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр Хамтын тэтгэврийн хууль УИХ-ын босгыг алхахаар боллоо.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд гэр бүлийн хоёр 20 жил тасралтгүй Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн сүүлийн 10 жил хамтдаа амьдарсан нөхцөлд буурлуудын хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол тэтгэврийнх нь тодорхой хувийг үлдсэн ахмад настанд өвлүүлэх тухай зохицуулалт тусгагдаад байгаа юм. Төсөл санаачлагчдын зүгээс өвлүүлэх тэтгэврийн хувь хэмжээг 50, 70, 100 хувь хүртэл байж болно гэж хэд, хэдэн хувилбараар заагаад буй.

Өмнөх хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газраас санал аваагүй төслийг УИХ-аар хэлэлцэх нь зарчмын хувьд буруу. Хууль зөрчсөн үйлдэл болж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн , Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “УИХ-ын гишүүнийхээ хувиар долоон гишүүний хамтаар төсөл санаачилсан. Гэр бүлийн үнэ цэнийг бий болгоход төсөл ач холбогдолтой” хэмээн тайлбарлаж байсан юм.

Ийнхүү тухайн үед МАН-ын бүлгээс “нийгмийн даатгалын сан өөрөө ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй. Тооцоо судалгаа нь бүрэн бус тул Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газраас тооцоо судалгаа иртэл нь завсарлага авч байна” хэмээж байсан юм.

Өнөөдрийн хуралдаан дээр бүлгийн дарга С.Бямбацогт “завсарлагааны хугацаанд Засгийн газраас тооцоо судалгааг шаардсан боловч ирүүлээгүй. Хууль батлах гол үндэслэл болох эдийн засгийн тооцоо судалгаа нь ирээгүй байхад хэлэлцмээргүй байна” гэж байсан боловч санал хураалтын дүн уг хуулийг хэлэлцэгдэхээр болж байнгын хороо руу шилжсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж