Ажил, амьдралын гараа болсон элсэлтийн ерөнхий шалгалт ойртсоор, харин бүртгэлийн хугацаа дуусах тун дөхсөн байна. Улсын хэмжээнд энэ жил 34 мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгөх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд улсын хэмжээнд нэгэн зэрэг шалгалтаа өгнө. Энэ жилийн хувьд их, дээд сургуульд орохын өмнөх элсэлтийг ерөнхий шалгалтад багагүй өөрчлөлт орж байгаа. Ийнхүү ЭЕШ-ын эргэн тойрон дахь мэдээллийг багцлан хүргэе.
Энэ жилээс эх хэлний дархлааг сайжруулах, залуусын монгол хэлний мэдлэгийн төвшинг сорихын тулд монгол хэл, бичгийн шалгалтыг элсэгч бүрээс авахаар болж байна. Энэ нь дээд боловсролтой болохоор хичээж буй хүн бүрийн заавал эзэмших мэдлэг гэдгийг бодит практиктай “уяж”, гол шаардлага болгож байгаа хэрэг юм. Монгол хэл бичгийн шалгалтыг төгсөгч бүр өгч байж өөрийн сонгосон хичээлийн шалгалтаа өгөх эрх нээгдэх ажээ. Эх хэлний мэдлэгийг шаардах уг тогтолцоог анх удаа нэвтрүүлж байгаа учраас энэ жилдээ шалгалтын дүн нь элсэлтийн ерөнхий шалгалтад нөлөөлөхгүй. Зөвхөн хүүхэд, залуусын монгол хэл, бичгийн хэрэглээ, мэдлэг ямар төвшинд байгааг тодорхойлох бол дараа жилээс шалгалтын дүнг харгалздаг болох юм байна. Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалт тест, даалгаврын олон хэлбэрээр байх бөгөөд шалгалтын хураамжгүй байх юм.
Нийслэл, орон нутгийн бүх төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтдаадөрөвдүгээр сарын 21-ний 18.00 цагаас өмнө www.eec.mn сайтаар орж бүртгүүлэх юм. Арга хэлбэр нь онлайнаар учраас бүртгэлээ буруу хийлгэх, ямарваа зөрчил гарах магадлалтай. Тиймээс аливаа асуудал гарсан бол тодорхой хэмжээний засвар хийлгэх боломжтой. Ингэхдээ бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө нэг үсэг, тооны багахан зөрүү гарсан бол Боловсролын үнэлгээний төвийн 70119498 дугаарын утсанд хандах, хэрэв том алдаа засуулах бол бичиг баримттайгаа Боловсролын үнэлгээний төвд очиж засуулах хэрэгтэй юм байна. Мөн өгөх шалгалтынхаа сонголтыг буруу хийсэн буюу өгөх шалгалтаасаа хасуулах боломжтой. Энэ тохиолдолд нэг шалгалтын хураамж болох 5800 төгрөгийн 70 хувийг эргүүлэн олгох ажээ. Харин бүртгэл дууссанаас хойш ямар ч засвар хийхгүй гэдгийг албаныхан сануулж байна.
Төгсөгчид нийт 10 төрлийн хичээлээс сонгон элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 21-нд дуусах бол зургадугаар сарын 14-нд монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Ингээд зургадугаар сарын 19-нд газар зүйн хичээлийн шалгалтаар хаагдаж, дүн долдугаар сарын 1-ний дотор гарах талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна. Харин элсэгч бүрийн өгөх монгол хэл, бичгийн шалгалтын дүн долдугаар сарын 10-ны дотор гарах юм байна.
Төгсөгчид энэ жил улсын хэмжээнд 53 шалгалтын төв буюу сургуулиудад элсэлтийн ерөнхий шалгалтаа очиж өгнө. Үүнээс аймаг бүрт нэг шалгалтын төв байх бол үлдсэн нь нийслэлд байх юм. Аль сургуулийн анги танхимд очиж шалгалт өгөх талаарх баталгаажуулсан хуудас буюу суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан хэвлэн авна гэдгийг анхааруулъя.
Шалгалтын хуваарь:
Сар/Өдөр | Цаг | Хичээл |
06 | 12:00 | Монгол |
06 | 10:00 | Орос |
13:00 | Хими | |
16:00 | Англи | |
06 | 08:30 | Монгол |
11:30 | Математик | |
14:30 | Биологи | |
17:00 | Монгол | |
06 | 08:00 | Физик |
11:30 | Нийгмийн | |
14:20 | Газарзүй |
Одоогоор улсын хэмжээнд 101 их, дээд сургууль байгаа бөгөөд сургуулиудын босго оноо 400 юм. Тухайн шалгуулагч гүйцэтгэх ёстой даалгаврын 25-35 хувийг зөв хийж чадвал 400 оноо авах боломж бүрдэх ажээ.Элсэгч ЭЕШ-аас доод тал нь 400 оноо авч байж их, дээд сургуульд орохоор бусад элсэгчидтэй өрсөлдөх учраас хэр их оноо авна, дээгүүрч жагсч, хүссэн сургуульдаа орж чадах юм.
Ийнхүү элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад гуравхан хоног үлдлээ. Бүртгүүлж амжаагүй нь яаравчлахгүй бол бүртгэлийн хугацаа дуусах дөхөхөд онлайн программын ачаалал ихэсч, алдаа заах, гацах тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан гэдгийг санаарай.