2030 он хүртэл нүүрсний салбарт баримтлах шинэ хөтөлбөрөө ОХУ-ын Засгийн газар саяхан баталлаа. Шинэ хөтөлбөрөөр өмнө баруун хэсэгт төвлөрч байсан нүүрсний олборлолт зүүн хэсэг рүү төвлөрөх юм. Өнөөдрийн байдлаар жилдээ 380 сая тонн олборлож нүүрсний олборлолтоо 530 сая тонн хүргэхээр төлөвлөжээ. Олборлолтыг шинээр орд олборлох болон хуучин ордуудыг сайжруулан үр ашгийг дээшлүүлэх замаар олборлолтоо нэмэгдүүлнэ гэжээ. Мэдээж олборлосон нүүрсээ дотоодын болоод гадаад зах зээлд нийлүүлэх хэмжээг төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх замаар нэмэгдүүлнэ. Үүнд шинээр боомт байгуулах хувилбар багтсан байна.
Ерөнхий сайд Дмитрий Медведевийн мэдэгдсэнээр олборлолтын зардлыг 1,5 дахин бууруулахын зэрэгцээ синтетикийн аргаар гаргаж авах шингэн түлшний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх юм. “Мэдээж нүүрс эдийн засгийн утгаараа ч, экологийн утгаараа ч байгалийн хийтэй өрсөлдөж чадахгүй. Гэсэн ч Оросын төр байгаль орчинд аюулгүй орчин үеийн шаардлагад нийцсэн нүүрс олборлолтын шинэ үеийг бий болгохыг эрмэлзэж байна” хэмээн Д.Медведев хэлжээ.
Статистикийн тоо баримтаар ОХУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн 16 хувийг нүүрснээс гарган авч байна. Гэхдээ нүүрсний салбар бол төрийн өмч оролцоогүй, 100 хувь хувийн хэвшлийнхэн авч явдаг салбар. Сүүлийн 10 жилд ОХУ-ын нүүрсний салбар эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл нь одоо ажиллаж байгаа 86 уурхай, 120 нүүрсний амын дөрөвний нэг нь 2000 оноос хойш олборлож байгаа юм.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн хэлснээр сүүлийн 10 жилд нүүрсний олборлолт 25 хувиар өсч, жилдээ 350 сая тоннд хүрээд байна. Гэхдээ олборлолт ингэж нэмэгдсэн ч нүүрсний салбарт ажиллагсдын тоо дурдсан хугацаанд 850 мянгаас 160 мянга хүртэл буурсан энэ салбарт нэвтэрсэн орчин үеийн технологитой шууд холбоотой.
Эрчим хүчний яамны мэдээгээр нүүрсний шинэ шинэ ордыг Якут, Байгаль хавийн бүс нутагт ажиллуулж эхлээд байна. Сүүлийн таван жилийн дүнгээр Оросын нүүрсний экспорт 30 хувиар өссөн байна. Өнөөдөр Оросын нүүрсийг дэлхийн 50 гаруй оронд хэрэглэж байна. Шинэ хэрэглэгчийн тоонд Ази, Номхон далайн бүсийн орнууд орж байгаа юм. Энэ бүс нутаг бол нүүрсний шинэ хөтөлбөр хэрэгжих гол цөм газар байх юм. Европын орнуудыг нүүрсээр хангадаг байсан АНУ, Колумбийг оросууд аажим аажмаар шахсаар энэ зах зээлд ноёлж байсан цаг өнгөрч, оросуудын орон зайг АНУ, Колумби эзлэн аваад байгаа юм. Дотоодын зах зээлд нүүрсний эргэлт багатай учраас экспортын шинэ зах зээл олж авах нь Оросын нүүрсчдийн гол зорилго. Гэтэл нүүрсний гол олборлолт /нийт нүүрсний гуравны хоёрыг эндээс олборлодог/ хийж байгаа бүс нутаг болох Кузбасс өмнөд хилээсээ 4000-5000 метрийн зайтай байдаг. “Сүүлийн жилүүдэд нүүрсний салбарын олборлолт эрс буурч байна. “Кузбассразрезуголь”, “Южкузбассуголь”, “Якутуголь” зэрэг томхон компаниуд өнгөрсөн 2013 онд алдагдалтай ажиллаж, нийт өрийн хэмжээ нь 161 тэрбум рубль болоод байгаа хэмээн Эрчим хүчний сайд А.Новак мэдэгдсэн. Тийм ч учраас нүүрсний олборлолтыг Ази, Номхон далайн бүс нутгийн зах зээл рүү гаргахад дөхөмтэй ОХУ-ын зүүн хэсэг рүү шилжүүлэх нь шинэ хөтөлбөрийн гол зорилго юм. Өнөөдрийн байдлаар Алс Дорнодын боомтуудын нүүрс тээвэрлэх хүчин чадал жилдээ 91 сая тонн байгааг 2030 он гэхэд 155 сая тонн хүргэхээр төлөвлөсөн байна. Шинэ хөтөлбөрт 2030 он гэхэд Кузбассын нүүрсний олборлолтыг 203 саяас 238 сая, Байгаль хавийнхыг 37 саяас 52 сая, Алс Дорнодынхыг 33 саяас 75 сая, Зүүн Сибирийнхийг 58 саяас 90 сая тонн хүргэх тооцоог хийсэн байна.
“Нүүрсний олборлолтыг зүүн хэсэгт нэмэгдүүлж байгаа нь мэдээж эрэлттэй холбоотой. Олон улсын агентлагийн тооцоогоор 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нүүрсний хэрэглээ 1,5 дахин нэмэгдэнэ” хэмээн А.Новак ярьсан байна. Одоо оросууд энэ бүс нутагт нүүрсний импортын зургаан хувийг эзэлж байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр 15 хувьд хүргэнэ гэжээ. Хөтөлбөрийн хүрээнд Амур мужид хоёр, Байгалийн чанад хязгаарт нэг нүүрсний орд газарт Хятадтай эдийн засгийн талаар хамтран ажиллана. Тухайлбал, Амур мужийн Ерковецкийн болон Огожиний орд, Байгаль хавийн Чикойн цутгалангийн орд юм. Якут дахь Элгэний орд, Тува дахь Межэгейн болон Элегестийн орд, Улугхемийн ордын төвийн хэсэг, Байгалийн чанад дахь Апсатын орд, Кемерово муж дахь Менчерепын орд, Коми улс дахь Усинскийн ордуудаас экспортын нүүрсээ олборлох юм.