В.Путины ”анч ноход” буюу ”анти Миронов” ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

В.Путины ”анч ноход” буюу ”анти Миронов” ажиллагаа

В.Путины ”анч ноход” буюу ”анти Миронов” ажиллагаа

В.Путин “анч ноход”-той зугаалах болов. Мань эр загасны уургаа тэртээ хол биш, тун ойрхон зайд шидэж орхив. Тийм ээ, өдгөө 59 настай Ерөнхий сайдад нэг бодол бий. Түүнд Ерөнхийлөгчийн зөөлөн сэнтий тун ойрхон харагдаж байна. Тиймээс “анч ноход”-оо дайснуудынхаа зүг тавьж эхэллээ. Гэхдээ түүний заналт дайснаар Борис Немцов тэргүүтэй гудамжны жагсагчид биш, Кремлийн талыг баримтлагч нэгэн тодорсон нь олон улсын анхаарлыг татах болов. Энэ эрхэм бол ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд болно. Харин парламентын сонгууль тун удахгүй эхлэх гэж байна. Чухам ийм учраас Кремлийн цайз орчмоос “анч ноход”-ын дуун сонсогдох боллоо. Ерөнхийлөгч Д.Мед­ведев Москва хотын мэр Юрий Лужковыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг өнгөрсөн жил Бээжинд айлчлах зуураа гаргасан. “Энэ хүн итгэл хөсөрдүүлсэн учраас ийм шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн. Харин В.Путин “Баян эхнэртэй ядуу эр”-ийг суудлаас нь унагасан тухайд ганц ч үг ганхийгээгүй. Тэрбээр Д.Медведевийн зүгээс дуулиантайхан эхэлсэн “Кремлийн их цэвэрлэгээ”-ний талаар элдэв үг унагахаас болгоомжилсон хэрэг. Гэвч Ерөнхийлөгчийн удирдсан суб­ботник амжилттай бол­сонгүй. К.Илюмжиновыг өөрч­лөөд ч гавьсангүй. В.Пу­тин хүртэл нэрийг нь хэ­лэхээс болгоомжилдог Ю.Луж­ковыг зайлууллаа гээд ард түмэн Төрийн тэр­гүүндээ олигтой оноо өг­сөнгүй. Учир нь авлигын хар массыг хөдөлгөлөө гээд Моск­ва хотын автозамын бөг­лөрөл сийрэгжсэнгүй. Ард иргэдийн амьдралд эерэг нөлөө ч мэдрэгдсэнгүй. Моск­ва орчимд бүх зүйл бахь байд­гаараа үргэлжилсээр л байна.

Хэдийгээр В.Путин тус намын гишүүнчлэлгүй ч Оросын эрх баригч хүчний гол цэнэглэгч юм. Тиймээс улстөрчид өнгөрсөн нэгдүгээр сард улс төрийн тогтолцооны шинэчлэлийн талаар хэлэлцэх үед дээрх хоёр эрхмийн дунд ширүүхэн маргаан өрнөсөн удаатай. Кремлийн тэргүүн “Нэгдсэн Орос” нам улс орныг дангаар захирах бус, бусад намтай харилцан уялдаатай хамтарч ажиллах ёстой” гэсэн бол В.Путин “Буруу бүхнийг энэ намд хаяглаж болохгүй. Консерватив үзлийг улс төрийн тогтолцооны шинэчлэлд тусгах нь зүйтэй” хэмээсэн юм. Чухам энэхүү маргаанаас үүдэж, Оросын жирийн иргэд Д.Медведевийг “В.Путины “урласан” бяцхан матрёшка” гэж шоглохоо болин “Улс орны эдийн засгийн либеральчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж дүгнэх болов. “Ерөнхий сайдынхаа дохио зангаагаар хөдөлдөг Ерөнхийлөгч” гэх шүүмжлэл ч намжив.

Монголд МАНАН-ийн тухай мелодрам үргэлжилж байна. Орост ч иймэрхүү маягийн “Савангийн дуурь” олон жил үргэлжилсэн. Гэвч В.Путин Ерөнхийлөгч рүү биш, С.Миронов руу загасны уургаа шидсэнээр энэ бүхэн төгсч буйг санууллаа. В.Путины нөлөөн дор байдаг “Нэгдсэн Орос” нам болон С.Мироновын тэргүүлж байсан “Шударга Орос” нам. Тэд одоогоос таван жилийн өмнө Кремлийнхний улс төрийн нэгдлийг хамтдаа тун­хаг­лаж байсан юм. Гэвч В.Путин, С.Миронов нарын амбиц энэхүү нэгд­лийг задлахад хүргэлээ. Учир нь тэд улс төрийн тавцнаа мөнхийн өр­сөлдөгчид. У.Черчиллийн хэл­сэнч­­лэн мөнхийн эрх ашиг дор нэгдэж явсан ч энэ удаад зам, замаа хөөхөөс аргагүй болов. Орос орныг хоёр намын тогтолцоотой мэт харагдуулдаг байсан “Нэгдсэн Орос”, “Шударга Орос” намынхан энэ мөчөөс эхлэн бие биенээ дуэльд дуудаж байна.

Оросын улс төрд нэр, нөлөө бүхий хоёр том фракци бий. Москвагийнх, бас Санкт-Петербургийнхан гэж. Төрийн хоёр өндөрлөг нь хоёул хуучнаар Ленинград буюу Санкт-Петербургийн фракцийнх. Тиймээс В.Путин Д.Медведевийг дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулж байв. Сонирхолтой нь Кремлийн эзнээр дахин залрах гэсэн хүсэл нь түүнийг Диматай удаан нөхөр­лүүлсэнгүй. Бас дайсан болж салц­гаахгүй нь ч тодорхой. Тиймээс В.Путин Д.Медведевийн акцид тө­дий л ач холбогдол өгөхгүй байна. Ха­рин ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2004 оны сонгуульд өөртэй нь халз өрсөлдөж явсан С.Мироновын зүг “анч ноход”-оо тавив. “Анти Миронов” ажиллагааг Кремлийн ноёдтой хүч хавсран явуулж эхлэх нь тэр. С.Мироновын хувьд, манай улсад 2007 онд айлчлахдаа Асгатын мөнгөний ордын талаар томоохон тохиролцоо хийх гэж ирсэн товарищ. Монголд геофизикчээр ажиллаж байснаасаа хойш 16 жилийн дараа ийн ирэхдээ тэрбээр Кремлийн онцгой элч болон айлчилсан билээ. Харин энэ үед хувь улстөрчийнх нь намтарт “ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2004 оны сонгуульд нэр дэвшиж, 524 мянга 324 санал авч ялагдсан” гэсэн үгс хэдийнэ бичигдчихсэн байсан юм. Гэлээ гээд яалтай. Мань эр “Шударга Орос” намын даргын албаа өнгөрсөн сард өгсөн ч “Санкт-Петербург хот бол авлига хамгийн ихээр бугшсан газар” хэмээн мэдэгдэж, В.Путиныг уурлуулж орхилоо. Тагнуулч биш, эгэл жирийн тариачин эрийн дүр төрхөөрөө  иргэдэд таалагддаг тэрбээр үүнийгээ “Ажил хэрэгч утга бүхий мэдэгдэл” хэмээн тайлбарласан юм. Кремлийн ноёд түүний мэдэгдэлд сандрах нь ч аргагүй. Учир нь Санкт-Петербургийн парламентад “Нэгдсэн Орос” нам 23, “Шударга Орос” нам 13, Коммунист нам ес, Либераль ардчилсан намынхан таван суудалтай юм. Ерөнхий сайдыг шүүмжлэгсэд олширч буй энэ цагт С.Мироновынхон элитүүдийн хотод эрх мэдлээ тогтоох магадлал муугүй байна. Жирийн иргэд нь Оросын улс төрийн шинэ дүр төрхийг хүсэмжилж байгаа нь ч тодорхой. Төрийн Думын дарга Борис Грызлов тэргүүтэй Кремлийн ноёд “С.Миронов В.Путин болон Санкт-Петербургийнхнээс уучлалт гуйх ёстой. Тэрбээр намын даргын албаа өгсөн нь хангалтгүй. Одоо хашиж буй албан тушаалаасаа ч огцрох ёстой” хэмээн мэдэгдэх зуур Санкт-Петербургийнхан мань эрд арай өөр нэр өгчээ. “Манай Че Гавара” гэж. Харин шинжээчид “Кремлийнхэн С.Мироновыг буланд шахаж, сэтгэл зүйн дайралт хийж байна” хэмээн дүгнэв. Төрийн Думын дарга Б.Грызлов ч энэ зуур “Шударга Орос” намын экс даргад хоржоонтой үг хаяж байна гэнэ. “С.Миронов өөр намын эрэлд гарсан” гэж. Ааштай, адайр зантайгаараа хэдийнэ танигдсан Г.Зюганов, В.Жириновский нар ч дутах юу байх вэ. Тэд “Хоёр том намын дипломат харилцаа үгүй боллоо. Бид С.Мироновыг Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дар­гын албанаас огцрохыг шаардах болно” гэлээ. Мэдээж хэрэг, энэ бол хувь улстөрчдийн биш, Коммунист нам болон Либераль ардчилсан намынхны байр суурь. Кремлийн ноёдын дунд Санкт-Петербургийг хяналтдаа байлгах гэсэн тулаан ид үргэлжилж байна.

C.БАТТУЛГА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж