“Tepco” Засгийн газраасаа тусламж хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

“Tepco” Засгийн газраасаа тусламж хүслээ

Японы эрчим хүчний “Tokyo Electric” буюу Tepco компани Фукушима цөмийн станцын дэлбэрэлтээс үүдсэн цөмийн алдагдлын хохирлын нөхөн олговор олгоход Засгийн газраасаа тусламж хүсчээ. “Tepco” компанийн ерөнхийлөгч Масатака Шимузу  энэ асуудлаар Сангийн сайд Банри Кайедад бараалхахаар болжээ.

Тус компанийн Фукушима Даичи цөмийн станц өнгөрсөн гуравдугаар сард болсон аймшигт газар хөдлөлтөөр сүйдсэн. Цацраг идэвхит бодис алдагдсан бүсийн оршин суугчдад олгох нөхөн олговрын нийт хэмжээ одоо болтол тодорхой болоогүй ч ажиглагчид 100 тэрбум ам.доллар хол давна гэж таамаглаж буй. Японы хойд эрэг дэх Фукушима Даичи цөмийн станцын аюулыг арилгахаар инженерүүд одоо ч ажиллаж байгаа юм. Японы Засгийн газрын тэргүүн Наото Канд цөмийн эрчим хүчнээс хамааралтай эрчим хүчний бодлогоо эргэж харах шаардлага тулгараад байна. Цөмийн цацраг идэвхит бодис алдагдсан бүсийн оршин суугчдад нөхөн олговор олгох ажлыг эрчимжүүлэхийг Японы Засгийн газар “Tepco”-гоос шаардаж байгаа аж. Өнгөрсөн пүрэв гаригт Японы Сангийн сайд Йошихико Нода иргэдэд нөхөн олговор олгоход нь Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн.

"Хэдийгээр цацраг идэвхит бодисын нөхөн олговрыг “Tepco” компани бүрэн хариуцлага хүлээх ёстой ч Засгийн газар хохирсон иргэд нөхөн олговроо авч буй эсэхийг батлан даана” гэж тэрбээр Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдсэн байна.  Тэрбээр мөн “Нөхөн олговор олгоход “Tepco”-д дэмжлэг үзүүлэх олон арга хэлбэрийг судалж байгаа бөгөөд Засгийн газраас ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.

“Tepco” компани Фукушима Даичи цөмийн станц орчмын иргэдэд нөхөн олговрыг олгоод эхэлсэн ажээ. Тус компани нөхөн олговрыг олгохын тулд эрчим хүчний үнийг нэмэгдүүлж болзошгүй гэж Японы хэвлэлүүдэд бичсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж