Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өчигдөр өглөө /IV.16/ 08:58 цагт осолдож живсэн гатлага онгоцон дотор амьд хүмүүс байгаа тухай “Reuters” мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр ослын дараа сураггүй болсон зорчигчдын дундаас нэг сурагч өнөөдөр /IV.17/ аав руугаа мессеж бичсэн гэнэ. Тэр сурагч аав руу гаа “Би амьд байна. Бас өөр сурагчид энд байна. Биднийг хурдан ирж авраач” гэсэн мессеж явуулжээ. Гэхдээ одоогоор Өмнөд Солонгосын албаныхан энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа юм.
Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” гатлага онгоц Өмнө Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр өглөө /IV.16/ 08:58 цагт осолдсон билээ. Гатлага онгоцонд 475 хүн зорчиж явсан бөгөөд үүнээс 179 хүнийг олж авраад байгаа юм. Өмнөд Солонгосын албаныхны өнөөдөр /IV.17/ мэдээлснээр ослоор есөн хүн нас барсныг тогтоогоод байгаа бол 287 хүн ор сураггүй байгаа юм. Ослын газарт өнөөдөр өглөө /IV.17/ 06:00 цагаас эхлэн нийт 171 хөлөг онгоц, завь, 29 нисдэг тэрэгтэйгээр ажиллан, авран хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Б.АНХТУЯА