
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:
-Гишүүдэд үндэслэл байгаа учраас Д.Зоригт сайдыг огцруулах шаардлагыг дахин тавьсан гэж бодож байна. Өмнө нь огцруулах шаардлага тавихад би огцрох хэрэгтэй гэж үзэж, шаардлага тавьж байсан. Одоо надаас өөр гишүүд шаардлага тавьж байна гэдэг нь үндэслэл байгаагийн илрэл болов уу.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
-Анхнаасаа л хамтарч Засгийн газар байгуулсан шүү дээ. Гурван жил хамтраад одоо ганцхан жил үлдчихээд байхад дахин ганц хүнийг огцруулах талаар өргөн барьж байгаагийн цаана онц шаардлага байхгүй гэж бодож байна. Тэртээ тэргүй жилийн дараа ард түмэн хамтарсан Засгийн газарт дүнгээ тавих болно. Тиймээс ард түмнээр дүгнүүлэх хэрэгтэй. Ингэж хамтарсан Засгийн газар байгуулсан нь УИХ-ын буруу. Гэтэл хоёр сар ч болоогүй байж дахин огцруулах талаар ярьж байна. Д.Зоригтын оронд хэн нэгнийг тавилаа гэж бодъё. Шинэ хүн энэ хугацаанд юу хийж амжуулах юм бэ. Зарим нэгэн хүнд л Д.Зоригтыг огцруулах нь ашигтай байх.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Д.Зоригт сайдыг чухам ямар үндэслэлээр огцруулах гэж байгааг мэдэхгүй. Тиймээс байр сууриа илэрхийлэх боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Энхбат:
-Стандарт бус Засгийн газар маш муу ажилласан. Сонгуулийн амлалтаа биелүүлээгүй. Хүн бүрийг нэг сая төгрөгийн цалинтай, аймаг бүрийг засмал замтай болгоно, багш бүрт компьютер өгнө гэсэн амлалт бий. Засгийн газрын үйл ажиллагаа нэгэнт муу байгаа учир төр засаг 2012 онд олон асуудалтай тулгарна. Эдгээр асуудал л эхэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Сонгуульд ялсан нь олонхи болдог, ялагдсан нь сөрөг хүчин байдаг тогтолцоог зөрчсөн. Монголын төрд ийм засаг байж болохгүй. Би огцрох хэрэгтэй, хэрэггүй гэж тодорхой хүний нэр хэлмээргүй байна. Ардын нам, Ардчилсан нам 2008 онд стандарт бус Засгийн газар байгуулсан гэрээнээс биелсэн зүйл бараг байхгүй. Сонгуульд ялсан, ялагдсан хоёр нь тохирчихдог юм бол сонгууль явуулах хэрэггүй биз дээ. Ер нь эдгээр асуудал буруу замаар явсных нь үр нөлөө л гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь:
-Засгийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлага бий юү гэвэл байгаа. Хамтарсан Засгийн газрын ажлын үр дүнд уул уурхайн томоохон төслүүдийг шийдэж чадсан. Үүнийг үнэлж байгаа. Ер нь 1990 оноос хойш улс төрийн намууд салж, нийлж хэт улстөржиж, туйлшрах явдал их гарсан. Миний хувьд сайдыг огцруулах хэмжээнд улс төрийн байдал хурцдаагүй гэж бодож байна. Харин УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагааг эрчимтэй явуулах тал дээр чиглэл өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Д.Зоригт сайдыг огцруулах ямар ч үндэслэлгүй гэж бодож байгаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин