“Трио”-гоос шинэ од тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

“Трио”-гоос шинэ од тодорлоо

Шинэ од… Үндэсний хөгжмийн залуу ноёнтон хэмээн түүнийг нэрлэж байна. Түүнийг Нанзаддоржийн Жигжигддорж гэдэг. Үзэгч, сонсогчдын мэдэж байгаагаар тэр Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, дөнгөж 22 настай хэдий ч тун авьяаслаг хөгжимчин. Саяхан л Морин хуурын чуулгын тоглолтод “Playing Love” хөгжмийг эгшиглүүлж байсан шинэхэн танил Жийгээ өчигдөр харахад илүү чадваржиж, итгэл төгс хөгжимчин болсон байв.

Түүний бие даасан анхны уран бүтээлийн “Трио” тоглолт өчигдөр үзэгчдийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт цуглуулсан юм. Тоглолтын эхний хэсэгт үзэгчид Жийгээтэй хамт түүний дотоод ертөнцөөр аялсан бол хоёр дахь хэсэгт түүнийг ямар зиндааны хөгжимчин, уран бүтээлч болохыг дэргэдээс нь мэдэрсэн байх. Онцолж хэлэхэд “Трио” тоглолт нилээд хүнд зохиолтой мэргэжлийн түвшний тоглолт байлаа. Мэргэжлийнхэнд зориулсан ч гэмээр.

Трио… Урлагийн Гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатын хэлж буйгаар “Энэ бол хийл, виолончель, төгөлдөр хуурт зориулсан гурвал. Гурван гоцлооч гурвуулаа нийлж тоглодог зохиол. Хоёр нь нэгэндээ, эсвэл нэг нь хоёр хөгжимдөө ард нь хамтрагч маягаар явдаггүй. Гурвуулаа гоцолж хөгжимддөг бүтээл” хэмээн тайлбарлаж байна. Харин Жийгээгийн хувьд хийл хөгжмийг морин хуураар орлуулж, яг л хийл хөгжим үү гэлтэй “Трио”-г эгшиглүүлж, үзэгчдийг алмайруулж орхив. Үнэндээ хийл хөгжмийг морин хуураар орлуулж тоглоно гэдэг тухайн хөгжимчин, тоглогчоос асар их хэмжээний ур чадвар, хөдөлмөр, тэвчээр , техник шаардана. Харин Жийгээ энэ бүгдийг анх удаа давж чадсан залуу “од” боллоо. Тэр нэгэн ярилцлагадаа “Хэрвээ би хөгжимчин болоогүй бол зураач болох байсан” хэмээн хэлж байсан удаатай.

Хэрэв зураач байсан бол түүний зураг, бүтээлүүд ямар байх байсан бол?. Магадгүй түүний зурсан бүтээлд үзэгчид ховсдуулсан мэт татагдах ч байсан юм билүү. Гурван өөр ертөнцтэй хөгжмийн зохиолчийн бүтээлийн гурван өөр зан характер, байдлыг Жийгээ өөрийнхөө ертөнцөөр үзэгчдэд таниулсан нь тун ч сонирхолтой басхүү хэцүү даваа байлаа. Яг л далайн гүн рүү ганцаараа шумбах шиг мэдрэмж. Нэг бодлын айдастай ч нөгөөтэйгүүр эрх чөлөөтэй, жаргалтай. Далайн эрэг рүү хэзээ ч гарахыг хүсэхгүй байх тийм тайван байдал.

Харин тоглолтын хоёр дахь хэсэгт Н.Жигжиддорж яг л “Би ийм хэмжээний уран бүтээлч шүү” гэж өөрийгөө нээх шиг болсон. Энэ тоглолтод, тодруулбал Жийгээд зориулж бичсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуурын концерт №2” бол түүнийг ямар түвшний хөгжимчин бэ гэдгийг илэрхийлсэн бүтээл байлаа. Энэ бүтээлийн анхны сонсогчид нь “Трио”-гийн үзэгчид байв.

Мэргэжлийн түвшний сонгодог тоглолтын хөтөлбөр цомхондоо ийм. Түүний тоглолтын бас нэгэн онцгой од нь Морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн нар байсныг онцлоё. Д.Амармэндийн хувьд Италид ажиллаж, гадаадад танигдсан чадварлаг хөгжимчин бол Ц.Шаравцэрэн Америкийн нэртэй хөгжмийн сургуульд зэрэг хамгаалаад ирээд, Хөгжмийн бүжгийн коллежод багшилж буй юм. Шинэ цагийн шинэ одод хамтдаа нэгэн тайзнаа гоцолсон нь үзэгчдэд хамгийн  том бэлэг байсан биз. Харин энэ гайхалтай боломжийг үзэгчдэд олгосон хүн бол “Төгөлдөр сан”-гийн тэргүүн хатагтай Х.Отгонтуяа байв. Тоглолтын төгсгөлд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Хуучин бид хөгжим бичээд хэндээ ч өгөх юм, хэнээрээ ч тоглуулах, хэн ч үзэх юм гэдэг байсан бол одоо шинэ эрин үе эхэлжээ. Хөгжим бичих авьяастай хөгжмийн зохиолч, түүнийг тоглох чадвартай хөгжимчин, үзэж ойлгох үзэгчид байна” хэмээн залуу хөгжимчид, уран бүтээлчдийг магтан, урмын үг хайрласан. Хэдийгээр үдшийн гол баатар үзэгчдэд хандан нэг ч үг хэлээгүй ч, хөгжмөөрөө хэлэх гэсэн бүхнээ хэлж, ойлгуулсан. Түүнд хийх зүйл их байна гэдгийг тэр маш сайн ойлгууллаа. “Трио”-гоос түүний дараагийн шинэ түүх эхэллээ

М.ДӨЛГӨӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж