
18 дахь удаагийн тэмцээнд 105 орны 606 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдөж байгаа юм. Манай улсаас уг тэмцээнд есөн тамирчин хүч үзэж байна. Эхний өдөр 49 кг-ын жинд Б.Төмөрхуяг, 52 кг-д Г.Баттамир нар өрсөлдөгчөө буулган авсан. Б.Төмөрхуягийн хувьд “Барселона” клубт хичээллэдэг бөгөөд эхний тойрогт ӨАБНУ-ын Эдвин Цхабалалаг 3:0-ээр буулган авчээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Данийн боксчин Махмуд Жабор юм. 49 кг-ын жинд 45 боксчин байгаа аж. 52 кг-д өрсөлдсөн Г.Баттамир 2014 оны Азийн аваргын мөнгөн медальт Солонгосын Хан Юун-Хуныг 3:0-ээр ялснаар 1/16 шигшээд үлдэв. Манай тамирчны ээлжит өрсөлдөгч нь Афганистаны Насим Садик байх болно. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр 60 кг-ын жинд Д.Төрмандах Владислав Варышникийг 2:0-ээр хожлоо. Гуравдугаар үед Германы тамирчин гэмтэж, тэмцээнийг орхисон байна. Харин медаль авах магадлал өндөртэй байсан олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар 52 кг-д Пуэрто Рика улсын Хенри Лебронд 2:1-ээр дийлджээ. Ингэснээр манай тамирчдаас хамгийн түрүүнд үзэгчдийн суудалд шилжив. Өчигдөр дугаар шилжих мөчид манай улсаас хоёр тамирчин рингэнд гарсан юм.