Элс, хайрга олборлогчид сиймхийг ашиглах болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Элс, хайрга олборлогчид сиймхийг ашиглах болжээ

Нийслэлийн ойр орчимд элс, хайрга, дайрга олборлодог хувийн карьерууд олон бий. Тэдгээрт зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүргийг  Ашигт малтмалын газар хариуцаж байсан бол УИХ өнгөрсөн намрын чуулганаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутгийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд багтаасан. Гэтэл уг хуулийг дагаж мөрдөх журам нь батлагдаагүйгээс тэрхүү цоорхойг карьер ажиллуулагчид овжин ашиглах болжээ. Өчигдөр /IV.16/-ны өдөр Хангарьд ордон болсон Нийслэлийн Засаг даргын “Зангиагүй уулзалт”-ын үеэр Эх орон телевизийн сэтгүүлч хувийн карьер ажиллуулж буй хүмүүс дураар авирлах нь хэрээс хэтэрч, Хан-Уул дүүрэгт байрлах цэргийн ангийн зэвсгийн агуулах, цахилгааны шонд тултал олборлолт явуулж байгааг хотын даргад дуулгаад “Дэндүү дураар авирлагчдад хэзээ арга хэмжээ авах вэ” гэсэн асуулт тавьсан юм. Түүний хариуд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

– Хэзээ хэзээгүй ханцуй шамлаад орууштай, цэгцлэх ёстой  ажлын нэг бол элс, хайрганы олборлолт гэдгийг сайн ойлгож байгаа.  Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлолтын зөвшөөрөл олгох, ашиглалтад хяналт тавих үүрэг Засаг дарга нарт шилжсэн хэдий ч хуулийг дагаж мөрдөх журам өнөөг хүртэл батлагдаагүй. Үүнээс болж, дураар авирлагчидтай тэмцэл өрнүүлж чадахгүй байна. Хотын цагдаагийн газрын даргыг нийслэлийн Засаг дарга томилно гэсэн хэр нь мөн л биелүүлэх боломжгүй байна. Энэ мэт дагаж мөрдөх журамгүйгээс гар хөл тушсан олон заалт бий гэлээ.

Сумгүй буу шиг дагаж мөрдөх журамгүй хууль батлах хэрэг байна уу, УИХ-ын гишүүд ээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж