Хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормаа нарыг томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Элчин сайдын яамдын ажилчид тухайн улсынхаа хэлийг мэдэхгүй байдал их. Тухайлбал, Өмнөд Солонгосын Элчин сайдын яам орчуулагчаар дамжуулан ажиллаж байна. Тухайн улсын хэл сайн мэддэг хүнийг томилж, ажиллуулж болдоггүй юм уу” гэсэн асуулт тавьж, Гадаад харилцааны сайд Л.Болд үүнд “Өмнө нь Элчин сайдын яамдад хэлний мэдлэг эхний үзүүлэлт байсан. Зарим улсад хоригдож байгаа Монголын иргэд цөөнгүй байна. Тиймээс хууль эрх зүйн чиглэлээр сайн мэргэшсэн хүнийг томилох асуудлыг тэргүүнд тавьж байгаа. Гэхдээ хэл битгий сур гэж байгаа юм биш. Харин иргэн бүртэй хамтарч ажилладаг, иргэнд чиглэж ажилладаг, тухайн салбарынхаа ажлыг мэддэг, ёс зүйтэй хүнийг ажиллуулахыг тэргүүнд тавьж байгаа. Цаашид энэ хүмүүсээ хэл сурах боломжоор нь хангаад явах юм” гэж хариуллаа. Мөн О.Баасанхүү гишүүн “Герман дахь Элчин сайдаар н.Болор гэж хүнийг томилсон ч Герман улс хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү” гэсэн асуулт тавьж, Л.Болд сайд “Энэ долоо хоногт шинээр томилогдсон Элчид сайд ажлаа хүлээж авсан” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ хоёр улсад яагаад Элчин сайдын яам байгуулах болсон юм бэ. Яагаад мэргэжлийн бус хүмүүсийг томилох болов” гэсэн асуулт тавихад, Л.Болд сайд “Индонез улстай гадаад харилцаагаа өргөтгөх үүднээс Элчин сайдын яам нээж байгаа” гэсэн хариулт өгсөн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хоёр нэр дэвшигчийг олон шалгуураар шалгасан. Олон хэлтэй, төрийн албанд ажиллахаас гадна иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байсан, багш, сурган хүмүүжүүлэгч хийж байсан, төрөөс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж чаддаг гэдгээ олон жилийн хугацаанд харуулсан. Боловсрол, мэдлэг, туршлага, зүтгэлийн хувьд Элчин сайдын албан тушаалд тохирох боломжтой гэж үзэж, санал болгож байна” гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа гишүүд саналаа илэрхийлж, Элчин сайд нарын томилох асуудлаар санал хураалаа. Санал хураалтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэгийг 88 хувийн хувийн саналаар, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормааг 98 хувийн саналаар тус тус дэмжиж, Элчин сайдаар томилохоор боллоо.