
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-аас томилж байхаар, мөн хууль үйлчлэх хугацааг 2016 оны долдугаар сарын 1-н хэмээн заасан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн үйлчлэх хугацааг урагшлуулж 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг шаардахын зэрэгцээ УИХ-ын гишүүний давхар суудалтай 17 сайдыг санал хураалтад оролцох ёсгүй гэх албан шаардлага хүргүүлсэн.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын тайлбараар цөөнхөөс тавьсан дээрх шаардлага нь Монгол Улсын Их хурлын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийг тус бүр зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг УИХ-ын Халдашгүй дэд байдлын хороогоор хэлэлцүүлэхээ мэдэгдээд байгаа. Үүнд нь цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт “Шаардлага хүргүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл биш. Ашиг сонирхлын зөрчлийн хууль үйлчилж байгаа нөхцөлд түүнийгээ хэрэгжүүлэх шаардлага тавих нь цөөнхийн бүлгийн хувьд хийх ёстой үйлдэл” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Парламент дахь хоёр голлох хүчний дунд үүссэн энэхүү маргаанд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг цэг хатгах ёстой ч дотооддоо нэгдсэн саналд хүрч чадахгүй явсаар завсарлагын хугацаагаа дуусгалаа.