Сагсан бөмбөг дэх улс төр

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөг дэх улс төр

МСБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд, дэд сайдын
албыг хашиж байсан, Харвардын Их сургуулийг дүүргэгч, хуульч Цэндийн
Мөнх-Оргил ажилладаг юм байна. МСБХ-ны ерөнхийлөгчөөр хэд дэх жилдээ ч
юм бэ дээ, овоо л олон жил ажиллаж байгаа юм гэнэ. Тиймээс монголын
сагсан бөмбөг дэх сайн саар зүйлсийг түүнтэй шууд холбон ойлгож болох
юм. МСБХ-ноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн нь “ДЭЭД ЛИГ” –ийн
тэмцээн. Лигийн тэмцээнийг хэр зэрэг зохион байгуулж байгаагаар МСБХ-ны
ажлыг нэг талаас нь дүгнэж болно.

Гэвч лигийн тэмцээн тойрсон элдэв хэл ам маргаан тасрахгүй байгаа нь
МСБХ энэ үүргээ тун хангалтгүй гүйцэтгэж байгааг харуулж байна. Ганц
тэмцээн зохион байгуулахад юун их зөрчил маргаан, үл ойлголцол вэ?
Сагсан бөмбөг сонирхогчид мэдээж аль нэг баг тоглогчийг дэмждэг боловч
түүнээс илүүтэйгээр гоё тоглолт, ур чадвар шавхсан сонирхолтой тэмцэл,
шударга өрсөлдөөнийг хүсдэг. Өөрийн нь дэмждэг баг хэдий хожсон ч гэсэн,
энэ нь өрсөлдөөн багатай байдаг ч юм уу, эсвэл шүүгчдийн илэрхий худлаа
үлээлтэд сагсан бөмбөг сонирхогчид илт дургуйцдэг. Шүүгчдийн хэт нэг
талыг барьсан шийдвэр нь тухайн үедээ аль нэг багт ашигтай байж болох ч
алсуураа монголын сагсан бөмбөгийн хөгжлийг ухрааж байгаа үйлдэл болж
байна. Гэвч энэ шүүгчидтэй хариуцлага тооцож хянаж байгаа зүйл нэгээхэн ч
алга. Бүтэн тоглолтыг санаатай болон санамсаргүйгээр будилуулсан шүүгч
нь дараагийн тоглолтод юу ч болоогүй юм шиг гарч ирэн шүглээ үлээж
байгааг үүнээс өөрөөр юу гэж хэлэх билээ.

МСБХ дүрэмтэй юу? МСБХ-нд эрх биш нэг дүрэм гэж зүйл
байгаа байлгүй гээд хайж оллоо. Албан ёсны тамга тэмдэгтэй, гарын
үсэгтэй дүрэм олдсонгүй. Шинэчилсэн найруулга, төсөл гэсэн тодотголтой
нэг дүрэм олж үзлээ. Энэ нь тэгээд хүчин төгөлдөр дүрэм мөн юм уу биш юм
уу? Ер нь МСБХ-нд албан ёсны хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм байдаг
эсэхэд эргэлзэхэд хүрэв. МСБХ-ны ерөнхийлөгч нь Харвардад төгссөн
хуульч мэргэжилтэй хүн байгаа билээ. Энэ дүрэм энэ тэр нь бараг л хууль
шиг төгс төгөлдөр хий зайгүй зүйл байгаа байх гэж уг нь бодогдсон юм.
Гэтэл тийм зүйлийг энэ дүрмээс олж харсангүй. Дурын хүн нямкадаж
болохоор төсөл хэлбэрээр тараагддаг эрх зүйн чадамжтай эсэх нь
тодорхойгүй дүрэмтэй юм байна. Өөрөөр хэлбэл, МСБХ дүрэмтэй юм уу гэсэн
асуулт хамгийн түрүүнд төрж байна. Дүрэмтэй эсэх нь тодорхойгүй учраас
дүрэмтэй дүрэмгүйгээр дүрмээсээ хальж үйл ажиллагаа явуулах боломж
байдаг бололтой юм. МСБХ дүрмээрээ биш ажиллаж байгаа нь дүрэмтэй эсэх
нь тодорхойгүй энэ байдлаас үүдэж байна. Тиймээс нэн даруй дүрэмтэй
болох тал дээр санаа тавих шаардлагатай мэт.

Хэрэв энэ дүрмийг нь албан ёсны дүрэм мөн гэж үзвэл, МСБХ өөрсдөө
дүрмээ үл тоодог дүрмээсээ хальдаг бололтой. Гаргаж багаа шийдвэр,
ажиллаж байгаа байдал нь үүнийг бэлээхэн харуулна. Энэ дүрэм нь ч гэсэн
МСБХ-ны үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, үйл ажиллагааг зохицуулах
удирдамж болох гэхээсээ илүүтэй байдаг л нэг байгууллагын бүтцийг
баталсан дүрэм байна. МСБХ-ны үйл ажиллагааг явуулах, үүсэж байгаа
харилцааг зохицуулах чадамж тааруухан гэдэг нь харагдаж байна. Нийтлэг
үндэслэл, зорилго чиглэл хэмээн жижүүрийн хэдэн заалт оруулаад, араас нь
Холбооны удирдлага бүтэц зохион байгуулалтыг дэлгэрэнгүй заажээ. Өөрөөр
хэлбэл холбооны удирдлага ийм мундаг байгууллага болох тухай,
тэргүүлэгчид ийм бүрэн эрхтэй болох тухай баахан дурдаж, түүнийгээ
дүрмэндээ тусган баталгаажуулжээ. Эгээ л намын дүрмэрхүү юм. Намын
дүрмэрхүү учраас холбооны жирийн гишүүдийн эрх гэдэг юм нь маш
хязгаарлагдмал, дийлэнх нь үүрэгжүүлж хүлсэн шинжтэй гэж харагдаж байна.

МСБХ хүчин төгөлдөр үү? Хамгийн гол нь дүрмэнд
заагдсан бүтцүүд бүрэн утгаараа байхгүй, ажилладаггүй хэмээн сагсан
бөмбөг сонирхогчид үздэг ажээ. Бүх гишүүдийн хурал гэж юу вэ гэдэг
талаар сагсан бөмбөг сонирхогчид ямар ч ойлголтгүй, бүх гишүүдийн хурал
нь хуралддаггүй, сонгууль энэ тэр явуулдаггүй ажээ. Хамгийн сүүлд хэзээ
хуралдаж, хэрхэн байгуулагдсан бэ гэдгийг санахгүй, хууль бус хэмээн
зарим гишүүд үздэг юм байна. Өөрөөр хэлбэл МСБХ гэгч байгууллага байгаа
эсэх нь дүрмийнхээ дагуу тун тодорхойгүй аж. МСБХ-ны тэргүүлэгчид бүх
гишүүдийн хурлын чөлөөт цагт үйл ажиллагааг эрхлэн явуулна гэх боловч
тэргүүлэгч гэгчид нь хэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй, тэдгээр нь ажилладаг
эсэх нь тодорхойгүй. Дүрмээрээ бол 9-өөс доошгүй гишүүдтэй байх ёстой
боловч ийм тооны гишүүд байгаа юм уу, байлаа ч байнга ажиллаж, хуралдаж
шийдвэр гаргаж чаддаг юм уу? Санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны
тайлангаа тавьдаг юм уу? Бүхэлдээ МСБХ болон тэргүүлэгчдийн үйл
ажиллагаа нь ил тод бус байгаа нь дагаад олон олон хардлагыг л
төрүүлэхээс цаашгүй.

Мэргэжлийн зөвлөл нь холбооны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар
хангах тэмцээний үед гарсан маргааныг хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэгтэй
гэх боловч мэргэжлийн зөвлөл нь шийдвэр гаргаад явчихдаг байна. Өөрөөр
хэлбэл тэргүүлэгчдийн бүрэн эрхэнд халдсан үйлдлийг гаргадаг ажээ.
Тэргүүлэгчид нь чадамжгүй учраас бүх эрхийг Мэргэжлийн зөвлөл гэх энэ
байгууллага атгаж байгаа юм байна. Энэ мэргэжлийн зөвлөлийн гишүүд нь
яаж сонгогдсон, хэн хэн байгаа, сонирхлын зөрчилтэй эсэх нь тодорхойгүй,
хэрхэн хуралдаж хэрхэн ажиллаж байгаа нь маргаантай. Хөндлөнгийн хүний
нүдээр бол сонирхлын зөрчилтэй хоёр гурван хүн Мэргэжлийн зөвлөл нэрийн
дор МСБХ-ны бүх эрх мэдлийг авч, тэргүүлэгчдийн чиг үүргийг булаан
хэрэгжүүлж байгаа байдал харагдаж байна. Мэргэжлийн зөвлөлийг
тэргүүлэгчдээс байгуулдаг гэх боловч, МСБХ дахь хэн нэг эрх мэдэлтний
үзэмжээр л байгуулагддаг бололтой.

МСБХ хэний эрх ашгийг төлөөлдөг вэ? “МСБХ-ны зорилго
нь өөрийн оронд сагсан бөмбөгийн спортыг бүх нийтийн хүртээл болгон
хөгжүүлж сурталчлах, олон улсын түвшинд хүргэх, дэлхийн тавцанд гаргах,
амжилтаа ахиулж улс орныхоо нэр хүндийг сурталчлах, авъяаслаг ур
чадвартай сагсан бөмбөгч, дасгалжуулагч хүчнийг бодлогоор дэмжин үе
шаттайгаар бэлтгэхэд оршино” хэмээн дүрмэндээ заажээ. Тамирчид
дасгалжуулагчдыг дэмжээд өргөөд сүйд хийгээд байхаар л эндээс ойлгогдож
байна. Гэвч үйл ажиллагаанаас нь тийм зүйл харагдахгүй байна. Тамирчдын
ярианаас үзвэл МСБХ харин ч тамирчид дасгалжуулагчдын урам зоригийг
мохоож, цавчих үүргийг гүйцэтгээд байгаа юм биш биз гэж бодогдохоор.
МСБХ-ны ерөнхийлөгч, тэргүүлэгчид, мэргэжлийн зөвлөлийнхөн бүгд
сонирхлын зөрчилдөө автсан юм биш биз. Тэд хэрэв сонирхлын зөрчилтэй бол
мэдээж өөр өөрийн сонирхлыг л илэрхийлж таарна.

Үйл ажиллагаанаас нь харвал улстөрч угшилтай удирдлагууд өөрийн
багийг дэмжиж шийдвэр гаргадаг, сонирхлын зөрчилдөө хөтлөгддөгөөс болоод
тэмцээн уралдаан шударга бус болоод байгаа гэх хардлага төрүүлнэ.
Жишээлбэл Холбооны ерөнхийлөгч аль нэг багийг дэмжээд байвал бусад баг
тамирчдад гомдолтой л байна биз дээ. Түүнтэй адилхан мэргэжлийн зөвлөл
нь аль нэг багт үйлчлээд ч юм уу, аль нэг багийг хавчаад байвал бүхэлдээ
тэмцээн шударга бус, сонирхолтой бус болно. МСБХ-ноос эрхлэн явуулдаг
дээд лигийн тэмцээнд яг ийм байдал ажиглагдаж байгаа бөгөөд шүүгчид
болон мэргэжлийн зөвлөлийн гаргаж байгаа аливаа шударга бус үйлдэл нь
хэн нэг эрх баригчид үйлчилсэн шинжтэй, нэг талыг барьсан шударга бус
шийдвэр байгаа учраас сагсан бөмбөг сонирхогчдын зэвүүг хүргэж, монголын
сагсан бөмбөг сонирхогчдыг сагсан бөмбөгөөс дайжихад хүргэж байна.
Сагсан бөмбөгчид ч энэ байдалд урам хугарч сагсан бөмөгийн холбооноос
зохион явуулдаг үйл ажиллагаанд оролцохоос татгалзах санал гаргах
хүртлээ байдал дорджээ. Дээд лигийн тэмцээнд оролцож байгаа тамирчид
хэрвээ ирэх жил дээд лигт тоглохгүй гэвэл дээд лигийн тэмцээн явагдаж
чадахгүйд хүрч, бүхэлдээ МСБХ дампуурлынхаа оргилд хүрэх болно. Үүнд
хүргэж байгаа шалтгаан нь МСБХ-нд улс төрийн нөлөөлөл байгаагаас болж
байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу?

http://bolod.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж