Таагүрийн ойг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Таагүрийн ойг тэмдэглэж байна

Энэтхэгийн их сэтгэгч, яруу найрагч, зохиолч Рабиндранаф Таагүрийн мэндэлсний 150 жилийн ойг Энэтхэг, Бангладеш хоёр оронд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Таагүр 1913 онд утга зохиолын салбарт олгодог Нобелийн шагнал хүртсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг гардсан Азийн анхны зохиолч билээ. Тэрбээр энэ хоёр орны сүлд дууллын үгийг зохиосон юм.

Ойг тэмдэглэх ажлыг Энэтхэгийн Ерөнхий сайд Манмоан Синк удирдан бүтэн жилийн турш бэлтгэжээ. Зохиолчийн төрсөн газар болох Калькутта хот гудамж талбайгаа өнгө өнгийн цэцгээр гоён түүхт ойг хөл хөөртэй баяр болгон тэмдэглэж байна. Таагүрийн нэрэмжит шагналыг бий болгосныг Ерөнхий сайд зарлалаа. Нэрт зохиолчийн хүн хүнээ хайрлах, эх дэлхийгээ хайрлах агуу гүн ухааныг уран бүтээлээрээ үргэжлүүлж буй нэг зохиолчид жил бүр уг шагналыг өгөх гэнэ. Аль ч улсын иргэн энэ шагналыг гардаж болно.

Энэтхэгийн Археологийн судалгааны төв ойг тохиолдуулан Таагүрийн нэрэмжит их сургуулийн хүсэлтээр Нобелийн шагналтны музейг байгуулах долоон байшинг сэргээн засварлаж өгчээ. Таагүр энэ сургуулийг 1921 онд Нобелийн сангаас өгсөн шагналын мөнгөөрөө байгуулж байжээ. Ойн арга хэмжээний хүрээнд түүний зурсан уран зургийн үзэсгэлэн Шинэ Дели хотноо мөн гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж