Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад нурууны мэс засал хийлгэн бие нь илааршаад байгаа билээ. Тэрээр албан ажлаа эхлүүлж Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй үдийн зоог барьсан байна. Энэ талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн твиттертээ “Сайн уу, жиргээчид ээ. Та бүхний ерөөлөөр бие сайн болж байна. Сая Японы Ерөнхий сайд Абэтэй үдийн зоог барилаа. Удахгүй очино оо” гэжээ.
Мөн www.president.mn сайтад “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Токио хотноо өөрийн албан өргөөндөө зоог барив. Талууд уг уулзалтын үеэр Монгол, Япон хоёр орны харилцаа өндөр дээд түвшинд эрчтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ” гэж мэдээлжээ.